WADA буюу Дэлхийн допингийн эсрэг агентлаг өнгөрсөн онд ОХУ-ын баг тамирчдын олон улсын томоохон тэмцээн уралдаанд оролцох эрхийг нь дөрвөн жилээр хасах шийдвэр гаргасан билээ. ОХУ энэхүү шийдвэрийг эсэргүүцэж, CAS буюу Спортын арбитрын шүүхэд хандсан. Өчигдөр (2020.12.17) CAS мэдэгдэл хийж, Оросын дөрвөн жилийн хоригийг хоёр жил болгон бууруулжээ. Ийнхүү ОХУ-ын баг тамирчид ирэх 2021 оны Токиогийн олимп болон 2022 оны Катарт зохион байгуулагдах хөлбөмбөгийн ДАШТ тэргүүтэй тэмцээнүүдийг өнжих болж байна.
ОХУ-ын баг тамирчид ирэх 2022 оны арванхоёрдугаар сарын 16-ныг хүртэл улсынхаа нэр, туг далбаа, төрийн дуулал дор олон улсын томоохон тэмцээн, уралдаануудад оролцох боломжгүй.
WADA-ийн ерөнхийлөгч Уитолд Банка мэдэгдэлдээ “WADA энэхүү чухал хэрэг дээр ялсандаа баяртай байна. CAS-ийг энэ хэрэг дээр ажиллахаас өмнө манай байгууллага мөрдлөг явуулж, нэг бүрчлэн шалгалт хийсэн. ОХУ-ын эрх баригчид эрхээ мэдлээ хэтрүүлэн, Москва дахь допингийн лабораторийн үр дүнг хууль бусаар нуун дарагдуулдаг байсныг бид илрүүлж, CAS дахин баталлаа. ОХУ-аас байнгын эсэргүүцэл, дарамт ирж байсан ч бид өөрсдийн зохих журмын дагуу арга хэмжээ авч, өөрсдийнхөө зөв байсныг нотоллоо. Өнөөдрийн энэхүү шийдвэр бол цэвэр спорт, цэвэр баг тамирчдын төлөөх чухал үйл явдал байлаа” хэмээжээ.
ОХУ-ын талаас одоог хүртэл ямар нэгэн мэдэгдэл гаргаагүй байна.
RUSADA буюу Оросын допингийн эсрэг агентлаг болон тус улсын баг тамирчид, эрх мэдэлтнүүд тохиролцож, допингийн шинжилгээний хариуг нуудаг, өөрчилдөг байсан нь ийнхүү батлагдав. Хэрэв энэхүү допингийн хэрэгт холбоогүй гэдгээ нотолж чадвал ОХУ-ын баг тамирчид өөр улсын, эсвэл Олон улсын олимпийн хорооны далбаан дор олон улсын тэмцээн, уралдаанд оролцох эрхтэй.
2021 оны Токиогийн зуны олимп, 2022 оны Катарын хөлбөмбөгийн ДАШТ, 2022 оны Бээжингийн өвлийн олимпод ОХУ-ын нэр гарахгүй, туг далбаа нь мандахгүй, төрийн дуулал эгшиглэхгүй нь.
Холбоотой мэдээ