Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслийг өчигдөр (2020.12.17) УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан.
Тус хуулийн төслийг боловсруулж, 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл ногдуулж, тайлагнасан боловч шимтгэл төлөөгүй ажил олгогч, даатгуулагчийг Зөрчлийн тухай хуульд заасан торгох шийтгэл, алдангиас чөлөөлөхөөр тусгажээ.
Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангаа үнэн, зөв мэдүүлэн ирүүлсэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэний бизнесийн үйл ажиллагаанд санхүүгийн дарамт нэмж учруулахгүй байх нөхцөл бүрдэх аж.
Уг хуулийн үйлчлэлд 10 мянга орчим аж ахуйн нэгж, байгууллага 30 тэрбум төгрөгийн торгох шийтгэл, алдангиас чөлөөлөгдөх урьдчилсан тооцоо гарчээ.
Covid-19-ийн улмаас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд ихэнх байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн бизнесийн үйл ажиллагаа доголдож, орлого буурч, нийгмийн даатгалын шимтгэлээ хугацаанд нь төлж чадахгүйд хүрээд буй юм.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ