М.Энхчимэг: Амьдралдаа гурван удаа 35-50 кг жин хассан

Хуучирсан мэдээ: 2020.12.18-нд нийтлэгдсэн

М.Энхчимэг: Амьдралдаа гурван удаа 35-50 кг жин хассан

М.Энхчимэг: Амьдралдаа гурван удаа 35-50 кг жин хассан

Хөл хорионы үеийг ашиглан 100 гаруй килограмм илүүдэл жинтэй байсан бүсгүй найман сарын хугацаанд 35 килограмм жин хасч чаджээ. Түүнийг М.Энхчимэг гэдэг. Тэрбээр жүжигчин мэргэжилтэй. Одоо 40 настай тэрбээр амьдралдаа гурван удаа 35-50 кг жин хассан аж. Энэ удаа хэрхэн өөрийн биед эрс өөрчлөлт хийж, бусдад эерэг хандлага түгээж, урам зориг өгснийг сонирхъё.


-Хөл хорионы үеэр 35 кг жин хасч чаджээ. Хэр хугацаанд ийм үр дүнд хүрсэн нь сонирхол татаж байна?

-Миний хувьд таргалалт насан туршийн асуудал байж ирсэн. Би хүүхэд төрүүлсний дараа 100 гаруй кг жинтэй болсон. Ер нь төрөхөөрөө жин нэмчихдэг учраас турна гэхээс үнэндээ халширдаг байв. Тэгээд л яг маргаашаас туръя гэж хойш тавьж, өөрийгөө хуурдаг байлаа. Энэ жил хөл хорио удах шинжтэй байсан учраас өнгөрөгч гуравдугаар сарын 27-ноос жингээ хасахаар гэртээ дасгал хийж эхэлсэн. Тэр үед жингээ үзэхэд 103.5 кг байсан.

Эхний хоёр сарын хугацаанд маш сайн жин хаяж, 25 кг хасч чадсан. Жин хасах үед хаван арилдаг учраас эхний үр дүн хурдан гардаг. Харин биеийн жин 79 кг хүрэхэд жин хасалт удааширч, тэсвэр тэвчээр маш их шаардсан. Илүү их хөлс, хөдөлмөр зарцуулах хэрэгтэй болсон гэсэн үг. Би зуны гурван сар дасгалаа хийж, хоолны дэглэмээ үргэлжлүүлсээр байсан. Бага багаар жингээ хассаар, арваннэгдүгээр сар гэхэд 35 кг жин хассан. Одоогийн байдлаар 37 кг турж, 65 кг жинтэй болсон.

-Дасгал хөдөлгөөн хийж, хоолны дэглэм барьсан гэлээ. Нууц биш бол ямар дэглэм барьснаа хэлж болох уу?

-Тарган хүмүүс хоолны дуршил ихтэй байдаг шүү дээ. Би өглөөний 09.00-15.00 цагийн хооронд дуртай хоолоо иддэг. Харин 15.00 цагаас хойш огт хоол иддэггүй. Үүнийг 6:18-аар хооллох гэж хэлдэг. Бүтэн өдрийн 24 цагийн эхний зургаан цагт хүссэн хоолоо идэж, үлдсэн 18 цагт хоолоо сойж, мацаг барихыг хэлдэг юм. Энэ дэглэмийг удаан хугацаагаар барих бүрэн боломжтой. Дасгалын хувьд өөртөө тохирсон дасгал хөдөлгөөн хийнэ. Хүн болгон бүжиглэж, аэробек хийж чадахгүй шүү дээ. Хэрвээ танай гэрт гүйлтийн зам байдаг бол өдөр тутамд алхаж болно. Тэр дасгалаа өдөр бүр тогтмол хоёр цаг хийх нь чухал.

Зарим хүмүүс турж байна гээд 5-7 хоног хоолоо сойж, мацаг барьдаг. Энэ бол маш буруу. Мацаг барьж чадаагүйгээс эргээд маш амархан жин нэмдэг. Жишээлбэл, 70 кг жинтэй хүн буруу дэглэм барьснаар 73 кг болж жин нэмэх нь бий. Хүн өөрт хэрэгцээтэй нүүрс ус, өөх тос, илчлэгээ авах ёстой. Тиймээс ийм алдаа гаргахгүйгээр удаан хугацааны туршид дэглэм барих нь зүйтэй. Сэтгэл зүйн хувьд ч стресс дарамтгүй байх болно.

-Мэргэжлийн багшаас зөвлөгөө авсан уу?

-Цахим орчин хөгжсөн энэ үед Youtube гэж багш байна шүү дээ. Би өмнө нь тураах төв ажиллуулж, бүжгийн ангид багшилдаг байсан юм. Тураах төвийн маань үйл ажиллагаа зогсоод таван жил болж байна. Төвд маань мундаг багш нар ажиллаж байсан.

-Та өмнө нь хоёр ч удаа 40 кг жин хаясан гэсэн үү?

-Тийм ээ. Сонирхуулахад, би амьдралдаа 40 кг-аар гурван удаа турсан. Би тураах төвд бүжгийн ангид багшилж, олон цагийн бэлтгэлтэй байж байгаад кино урлаг руу орж, хөдөлгөөн багассанаар таргалж эхэлсэн.

2003 онд 100 кг болтлоо таргалж, 50 кг хаясан. Тэр үед нас залуу байсан болохоор маш амархан жингээ хаясан. Дахин 2008 онд том хүүгээ төрүүлээд, 98 кг хүрч, 40 кг турсан бол 2016 онд бага хүүгээ төрүүлснээс хойш 100 гаруй кг хүрч, дахин турахаас халшраад байсан юм.

-“Ханилахаас илүү амраг” киноны дүрээр тань мэдэх юм байна?

-Би 2001 онд Соёл урлагийн их сургуулийг жүжигчин мэргэжлээр төгссөн. Бараг мэргэжлээрээ ажиллаагүй. Их сургуулиа төгсөөд, “UBS телевизэд зургаан жил ажиллаж, хувийн бизнесээ эхлүүлсэн. Уран сайхны кинонд тоглох саналууд ирж, ганц нэг туслах дүрд тоглосон. Хүмүүс “25 дугаар суваг” телевизийн “Ханилахаас илүү амраг” киноны гол дүрээр минь сайн мэддэг юм.

-Өмнө нь 40-50 кг жин хаясан бүсгүй энэ удаа өөртөө хэр итгэлтэй байв?

-Би одоо 40 настай. Өмнө нь 20 хэдэн насандаа илүүдэл жингээ хаяхад биеийн арьс унжиж, суларч байгаагүй. Гэтэл 40 насандаа огцом 30 гаруй кг хаяхад арьс тодорхой хэмжээгээр унжиж эхэлдэг юм байна. Тиймээс жин хаяхын хажуугаар арьсаа чангалах дасгал хийж, арьсаа арчлах ёстойг ойлгосон. Дасгал хөдөлгөөнөөр турах нь арьсаа чангалахад их нөлөөтэй байдгийг олж мэдсэн. Дан хоолоо сойж турсан хүмүүсийн арьс унжиж, ядруу харагддаг. Миний хувьд тийм алдаа гаргаагүй.

Надад дасгал хөдөлгөөнөөс илүү хоолны дэглэм барих нь их хэцүү байсан. Өглөөгүүр өлөн үедээ кардио дасгал хийвэл өөх амархан шатаж, илүү жин хаядаг. Учир нь хүний биед сахарын агууламж багатай байдаг юм.

-Одоо хэдэн кг жин хасах вэ?

-Би турах процессыг мэдээд байгаа хэрнээ хамгийн гол нь бүр халширчихсан байсан учраас турж чадахгүй хойшлуулж байсан. Тэгээд яг хөл хорионы үеэр шийдэж, арваннэгдүгээр сар гэхэд 35 кг жин хаясан. Одоо дахин долоо, найман кг жин хаяж, 57 кг жинтэй болох зорилго тавиад буй.

-Илүүдэл жингээ хасч буй бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулснаар олон хүнд хүрч, тэдэнд урам өгчээ?

-Тэр бичлэгийг арваннэгдүгээр сарын 20-нд хийж, арванхоёрдугаар сард нийтэлсэн юм. Хөл хорионы үеэр хүмүүс фэйсбүүк хуудсаар дүүрэн хоол хийж буй зураг, таргалалттай холбоотой пост оруулах болсон. Тийм учраас нэг хүнд ч гэсэн урам өгөх үүднээс эерэг байж, эрүүл мэндэдээ анхаарахыг уриалж, бичлэгээ өөрийн фэйсбүүктээ нийтэлсэн. Ингэж олон мянган хүнд хүрнэ гэж төсөөлсөнгүй.

Надтай маш олон хүн холбогдож байна. Би чадах чинээгээрээ зөвлөгөө өгөхийг хичээдэг. Хүмүүс ихэвчлэн “Ямар дасгал хийж, ийм үр дүнд хүрсэн бэ” гэж асуудаг. Хөл хорионы үед фитнесс хаалттай байгаа учраас гэрийн нөхцөлд элдэв янзын тоног төхөөрөмж байхгүй. Над шиг удаан хугацаанд 30-40 кг жин хаях зорилготой хүмүүс уртын дэглэм барьж, дор хаяж гурван сар тууштай байх хэрэгтэй.

-Гэр бүлийнхэн нь урам зориг өгч, хамтдаа илүүдэл жингээ хаясан гэж дуулсан?

-Ханийг маань О.Мөнх-Очир гэдэг. Төрийн албан хаагч хүн. Манайх хоёр хүүтэй. Гэр бүлийнхэн минь надад маш том урам өгч, дэмжиж байсан. Би 35 кг турахаас гадна нөхөр маань 12 кг турсан бол 12 настай том хүү минь 7 кг турсан. Хөл хорионы үед гэр бүлээрээ бие биедээ цаг гаргаж, үр дүнтэй өнгөрүүлээрэй гэж уриалъя.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
4
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж