Оюутолгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани өнгөрсөн Лхагва гариг (2020.12.16)-т Монголын Оюутолгой зэс, алтны гүний уурхайн олборлолт 2022 оны аравдугаар сард эхлэх төлөвтэй байгааг мэдэгдээд, төслийн бүтээн байгуулалтын зардал 6.75 тэрбум ам.доллар болно хэмээн мэдээлсэн билээ.
Одоогоос таван жилийн өмнө Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажилд 5.3 тэрбум ам.доллар зарцуулж, эхний олборлолтыг 2021 оны эхээр эхлүүлэхээр тооцоолж байв. Гэвч өнгөрсөн онд төслийн эрсдэлүүдийг тооцож үзсэний дүнд 1.9 тэрбум ам.долларын нэмэлт зардал шаардлагатай гэж үзэн, олборлолт эхлэх хугацаа 2022 оны аравдугаар сараас 2023 оны долдугаар сар хүртэл хойшлох төлөвтэй байгааг мэдээлсэн.
Covid-19-өөс сэргийлэн олон улсын нислэгийг хязгаарласан нь гүний уурхайн бүтээн байгуулалтын ажилд нөлөөлж буй ч ажил зогсолтгүй урагшилж байгаа аж. Өнөөдрийн байдлаар Оюутолгойн гүний уурхайн агааржуулалтын урд, хойд амны барилгын ажил зогсонги буюу засвар, арчилгааны хуваарьт шилжсэн хэвээр буй юм байна.
Оюутолгойн гуравдугаар улирлын тайланд дурдсанаар, агааржуулалтын хойд амны татлага суурилуулах зэрэг амны нэвтрэлтэд бэлтгэх ажлууд ахицтай, цаашид хийгдэх ажлуудад гүний уурхайн амны нэвтрэлтэд мэргэшсэн олон улсын мэргэжилтнүүд хэрэгтэй байгаа аж. Тэдгээр гэрээт ажилтны заримыг 2020 оны сүүлээр татан авахаар төлөвлөсөн ч сүүлийн үед үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалан төлөвлөгөө өөрчлөгдөх магадлалтай болжээ.
Гүний уурхайн хөндлөн нэвтрэлтийн ажил одоогоор 45,858 метр хүрч, анхны тэсэлгээ хийхэд шаардлагатай бүтээн байгуулалтын ажил 90 орчим хувьтай үргэлжилж буй юм байна.
Тогтвортой үйлдвэрлэл явуулахад шаардлагатай гадарга дээрх дэд бүтцийн ажил бүгд дуусчээ. Нэн чухал материал тээврийн дэд бүтцийн ажил дууссаны дараа гүйцээн дуусгах боломжтой дэд бүтцийн байгууламжууд тогтвортой үйлдвэрлэл эхлэхэд төдийлөн хамааралгүй ч үйлдвэрлэлийг өсгөхөд нэн шаардлагатай бүтээн байгуулалт байх аж.
Нарийвчилсан тооцооллын эхний үзүүлэлтээс харвал, 2022 оны аравдугаар сараас 2023 оны зургадугаар сарын хооронд уурхайн үйлдвэрлэлийг тогтвортой түвшинд хүргэхээр төлөвлөжээ. Бүтээн байгуулалтын зардал 6.6-7.1 тэрбум ам.долларын хэмжээнд байхаар тооцоолсоноо Covid-19-өөс үүдэлтэй зардал болон хуваарийн нөлөөллийг оруулан шинэчилж буй аж.
Тус компанийн хувь нийлүүлэгч нар долдугаар сарын 3-ны өдөр Монгол Улсын хууль, журмын дагуу Техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ20)-ийн тодотгол тайланг боловсруулсан тухайгаа мэдээлсэн. 2020 оны хоёрдугаар сард Нөөцийн тодотгол (НТ19) тайланг өргөн мэдүүлсэн боловч энэ хугацаанаас хойш 150 хоногийн дотор тайланг хэлэлцэх, нөөцийг бүртгэх хугацаа өнгөрчээ. Холбогдох журмын дагуу ТЭЗҮ20-ийг албан ёсоор хүлээн авч хэлэлцэхээс өмнө НТ19 тайланг хэлэлцүүлсэн байх шаардлагатай аж.
2009 онд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ, Монгол Улсын хууль, журмын дагуу НТ19 болон ТЭЗҮ20-ийг хүргүүлснээс хойш 150 хоногийн хугацаанд хэлэлцэж, хүлээж авсан байхаар заажээ. 2021 онд огтлох түвшний малталт эхлүүлэх шийдвэр гаргахаас өмнө гүний уурхайн төслийн ерөнхий зардлын тооцоолол тусгагдсан ТЭЗҮ20 батлагдсан байх шаардлагатай аж.
2020 оны зургадугаар сард зурсан Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээний нэмэлт, өөрчлөлтийн гэрээний хүрээнд цахилгааны эрчим хүчний асуудлаар “Оюутолгой” компани Монгол Улсын Засгийн газартай үргэлжлүүлэн ажилласаар байгаа юм.
Улмаар огтлохтой холбоотой шийдвэр гаргахаас өмнө шаардагдах эрчим хүчний эх үүсвэрийг баталгаажуулахын тулд БНХАУ-ын ӨМӨЗО-оос эрчим хүч импортлох зохицуулалтаа 2021 оны гуравдугаар сарын 1-нээс өмнө сунгах шаардлагатай болжээ.
Мөн Монгол Улсын Засгийн газрын санхүүжүүлэн барих Тавантолгойн цахилгаан станцаас Оюутолгойд эрчим хүч нийлүүлэх “Эрчим хүч худалдан авах гэрээ”-г 2021 оны гуравдугаар сарын 1-нээс өмнө байгуулах шаардлага тулгарчээ.
Үндэсний эрчим хүчний сүлжээнээс тодорхой хэмжээний эрчим хүч авахаар тохиролцсоны дагуу 2020 оны есдүгээр сарын 3-ны өдөр “Оюутолгой” компани “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-тай Оюутолгойн уурхайн цогцолборыг эрчим хүчээр хангах “Эрчим хүч худалдан авах гэрээ” байгуулсан билээ.
ЖАН СЕБАСТЬЯН ЖАК ЭНЭ САРД ҮҮРЭГТ АЖЛАА ХҮЛЭЭЛГЭН ӨГЧ,
ХАЛААГ НЬ ЖЭКОБ СТАУСХОЛМ АВНА
“Рио Тинто” компани өнгөрсөн онд нийтдээ 7,6 тэрбум ам.долларыг татвар, рояалтид төлсний 4,8 тэрбум нь орлогын албан татвар аж. Монгол Улсад 2019 онд нийт 305 сая ам.долларын татвар төлжээ.
Өнөөдрийн байдлаар тус компани, Монголын Засгийн газартай өрнүүлж буй харилцаа болон төслийн санхүүжилтийн асуудлыг нягтлах зорилготой “Turquoise Hill”-ийн арваннэгдүгээр сард эхлүүлсэн арбитрын ажиллагааны талаар тодорхой шинэ мэдээлэл байхгүй байна.
“Рио Тинто” компани өнгөрсөн Пүрэв гариг (2020.12.17)-т гүйцэтгэх захирлаараа Жэкоб Стаусхолмыг томилж байгаагаа мэдэгдэв. Өмнөх гүйцэтгэх захирал Жан Себастьян Жакийн хувьд 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх бол шинэ захирал ирэх 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс үүрэгт ажилдаа орох юм байна.
Тус компанийн ТУЗ-ийн дарга Саймон Томпсон "Бодлогын болон худалдааны өргөн туршлага, хүчирхэг чанарууд, хамтын ажиллагааны манлайлах чадвар, төлөв байдал нь Стаусхолмыг гүйцэтгэх захирлаар томилоход яг тохирсон хэв шинж" хэмээн хэлжээ.
Жэкоб Стаусхолм нь 2018 онд тус компанийн Санхүү хариуцсан захирлын албан тушаалд томилогджээ. Өнгөрсөн хугацаанд группийн хэмжээний бизнес үйл ажиллагааны үр дүнд тэргүүлэх үүрэг гүйцэтгэж, хөрөнгийн менежмент, санхүүгийн сахилга бат, тогтвортой байдлыг хангах болон хөрөнгө оруулагч нарт ногдол ашиг хуваарилах ажлуудыг гардан гүйцэтгэж байсан аж.
“Рио Тинто”-ийн гүйцэтгэх захирал Жан-Себастьян Жакийн хувьд, Австралийн Пилбара мужид төмрийн хүдрийн талбайд тэсэлгээ хийж байх үедээ тус улсын соёлын үнэт өв болсон 46 мянган жилийн түүхтэй чулуун агуйнуудыг сүйтгэсэн асуудлаас болж огцрохоор болсон билээ.
Өмнө нь тус компанийн зэс, нүүрсний группийн гүйцэтгэх захирлын албыг хашиж байсан тэрбээр "Оюутолгой” төсөлтэй холбоотойгоор Монгол Улсад олон удаа ирсэн бөгөөд төслийн хоёр дахь шатны бүтээн байгуулалтын санхүүжилт болох 4.4 тэрбум ам.долларыг шийдэхэд гол үүрэгтэй ажилласан юм.
Холбоотой мэдээ