Шадар сайд Я.Содбаатар хуулийн төслүүд өргөн барилаа | News.MN

Шадар сайд Я.Содбаатар хуулийн төслүүд өргөн барилаа

Шадар сайд Я.Содбаатар хуулийн төслүүд өргөн барилаа

Шадар сайд Я.Содбаатар хуулийн төслүүд өргөн барилаа

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар өнөөдөр /2020.12.17/  Коронавируст халдвар /ковид19/-ын  цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн  төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 4-р сарын 29-ний өдөр Коронавируст халдвар /ковид19/-ын  цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг яаралтай горимоор хэлэлцэн баталсан.  Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх зорилгоор Засгийн газрын тогтоолоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвжгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлж, үйлчлэх хугацааг 10 удаа, 2020 оны 11-р сарын 11-ний өдрөөс гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, үйлчлэх хугацааг 3 удаа сунгаад байна. Гэсэн хэдий ч улс оны нийгэм, эдийн засгийн чадавх, төсөв, санхүүгийн байдлаас шалтгаалан зарим шийдвэрийн хэрэгжилт хангалтгүй байна. Цаашид коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал удаан үргэлжилбэл Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, нэн ялангуяа нийгмийн эрүүл мэндийн аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж, эдийн засгийн хямралт нөхцөлийн түвшинд хүргэхэд ойрхон байна.

Иймд цар тахлын өнөөгийн болон цаашид үүсэх нөхцөл байдал, түүний эсрэг улс орнуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, туршлага- сургамж, Монгол улсад тулгарч буй сорилт, хүндрэл бэрхшээлийг харгалзан Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, холбогдох бусад байгууллагаас гаргасан шийдвэрийн хэрэгжилтэд хийсэн дүн шинжилгээний санал дүгнэлтийг үндэслэн Коронавируст халдвар /ковид19/-ын  цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацааг сунгах, хуульд зарим нэмэлт, өөрчлөлтийг оруулах шаардлагатай байгааг Шадар сайд Я.Содбаатар онцоллоо.

Хуулийн төсөлд дараах нэмэлт, өөрлчлөлтийг оруулахаар тусгасан байна.

  1. Коронавируст халдвар /ковид19/- цар тахалтай тэмцэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар харгалзан зарим нэр томьёоны тодорхойлолтыг шинээр нэмэх,
  2. Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл ажиллагаатай холбогдох Улсын Их Хурал, Засгийн газар, Улсын онцгой комиссын үүрэг, авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхой болгох,
  3. Төрийн захиргааны байгууллагын хэрэгжүүлэх үйл ажиллагаа, салбар хоорондын харилцан ажиллагааны уялдаа, авч хэрэгжүүлэх арга хэмжээг нэмэгдүүлэх,
  4. Зарим нэн шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд холбогдох татвар, торгуулиас чөлөөлөх асуудлыг тусгах,
  5. Цар тахлын үед гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах горимд байршуулсан барааг гаалийн нутаг дэвсгэрээс буцаан гаргах хугацаа, улсын хилээр нэвтэрсэн тээврийн хэрэгслийн хугацаа хэтэрсэн тохиолдол, мөн гадаадын иргэн, харьяалалгүй хүний бүртгэл, виз болон оршин суух зөвшөөрлийн хугацааиай холбоотой зохицуулалт нэмж тусгах,
  6. Цар тахлын үед байгууллага, хуулийн этгээд, иргэний зарим үүрэг, хориглох үйл ажиллагааг нэмж тусгах,
  7. Энэ хуулийн үйлчлэх хугацааг сунгах зэрэг нэмэлт, өөрчлөлт хийхээр хуулийн төсөлд тусгажээ. Уг хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлж өгөхийг хүслээ.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслийг өргөн барилаа

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд эрчим хүчээр хангах, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлтийн үйл ажиллагаа, газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлтийн болон хот, суурины усан хангамж зэрэг 18 чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагаас бусад байгууллагуудын үйл ажиллагааг зогсоосон. Ингэснээр ихэнх байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн бизнесийн үйл ажиллагаа доголдож, орлого буурч, нийгмийн даатгалын шимтгэлээ хугацаанд нь төлж чадахгүй байх нөхцөл үүсээд байна.

Иймд Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслийг боловсруулж, 2021 оны 7-р сарын 1-н хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг ногдуулж тайлагнасан боловч шимтгэл төлөөгүй ажил олгогч, даатгуулагчийг Зөрчлийн тухай хуульд заасан торгох шийтгэл, алдангиас чөлөөлөхөөр тусгажээ. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангаа үнэн, зөв мэдүүлэн ирүүлсэн аж ахуй нэгж, байгууллага, иргэний бизнесийн үйл ажиллагаанд санхүүгийн дарамт нэмж учруулахгүй байх нөхцөл бүрдэх юм. Уг  хуулийн үйлчлэлд 10.0 мянга орчим аж ахуй нэгж, байгууллага 30.0 тэрбум төгрөгийн торгох шийтгэл, алдангиас чөлөөлөгдөх урьдчилсан тооцоо гарчээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж