Малчид 2021 оноос малын хөлийн татвар төлнө

Хуучирсан мэдээ: 2020.12.17-нд нийтлэгдсэн

Малчид 2021 оноос малын хөлийн татвар төлнө

Малчид 2021 оноос малын хөлийн татвар төлнө

Улс даяар 2020 оны жилийн эцсийн мал тооллого арванхоёрдугаар сарын 15-нд эхэлсэн бол 14 хоногийн дараагаас малчин өрх бүр татвар төлөгч болох нь.

Учир нь, УИХ-ын баталсан Малын тоо толгойн албан татварын тухай хуулиар жилд нэг малд ногдуулах албан татварын хэмжээ 0-2000  төгрөг байхаар зааж өгсөн юм.

Ингэхдээ нэг малд ногдуулах татвар 0, 1000, 2000 төгрөг байх уу гэдгийг сумын  Иргэдийн Төлөөлөгчдийн хурал тогтооно. Хамгийн гол нь татварын хэмжээ УИХ-аас тогтоосон 2000 төгрөгийн босго давж болохгүй, түүн дотор багтаж байх ёстой юм. Малын хөлийн татварын орлого нь орон нутгийн хөгжлийн санд төвлөрнө, харин  юунд зарцуулах вэ гэдгийг сумын иргэдийн олонхийн саналаар шийднэ.

Иймээс мал тооллого үнэн зөв, бодитой гарах шаардлага ч тулгарч байна. Шалтгаан нь, мал бүрт татвар ногдуулах хууль үйлчлэх сургаар малчид малынхоо тоо толгойг дарах, дутуу тоолуулах зэрэг асуудал гаргахыг үгүйсгэх аргагүй аж.

Мөн олон жил ярьсан ч батлагдалгүй өнөөг хүрсэн асуудал нь малчид банкнаас их хэмжээтэй зээл  авах зорилгоор малынхаа тоог зохиомлоор өсгөж, тоолуулдаг байсан тухай юм. Тиймээс энэ асуудал цэгцэрнэ гэсэн үг.

Өнгөрсөн оны тооллогоор Монгол Улсын мал сүргийн тоо 70.9 саяд хүрсэн. Шинэ төл хүлээн авснаар 90 сая давсан. Сүүлийн хоёр жил  20 орчим сая толгой малыг дотоодынхоо хүнсний хэрэгцээг хангах, экспортлох зэргээр эдийн засгийн эргэлтэд оруулсан байна.

Иймээс 70 сая толгой малд тус бүрд нь 1000-2000 төгрөгийн татвар ногдуулахад жилд 70-140 тэрбум төгрөг төвлөрөх боломжтой.

Хамгийн гол нь орон нутаг бүр татварын хэмжээг тогтоож, зарцуулах учраас бэлчээрийг нөхөн сэргээх, худаг усаа сайжруулах зэрэг зүйлд зарцуулагдахгүй, орон нутгийн төсвийн цоорхойг нөхөхөд зарцуулагдаад дуусах вий гэдэг болгоомжлол бас давхар дагаж байна.

Малын хөлийн татвартай болохгүй бол бэлчээр доройтох, малын чанар муудах, малчид бэлчээрээ булаацалдан зодолдох, их малтай нь илүү их бэлчээр талхалж нутаг ус доройтуулж байгаа тул татварын бодлогоор зохицуулалт хийх зайлшгүй шаардлага үүссэн тухай малчид үг дайсаар ирсэн. Харин тэдний санал ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс биеллээ олох нь.

Арваад жилийн өмнө малчид мал сүргийг хонин толгойд шилжүүлж, татвар төлдөг байжээ.  Тухайлбал, нэг адууг таван хоньтой дүйцүүлж, татвар авдаг байсан төдийгүй татварын хувь хэмжээг бүсчилж, ялгаатай тогтоодог байжээ. Тодруулбал, алс хязгаар аймгуудад нэг хонинд 50 , төвийн бүс нутагт 75, нийслэл орчимд 100 төгрөгийн татвар ногдуулдаг байсан аж. Нэг суманд дунджаар энэ төрлийн татвараас жилд 5-6 сая төгрөгийн орлого төвлөрч иржээ.

Гэвч сонгууль бодсон улстөрчдөөс болж, энэхүү татвар цуцлагдаж, тэр хэрээр малчид малын чанарт бус тоо толгойг өсгөхөд илүүтэй анхаарч, уралддаг жишиг тогтсон аж. Засгийн газраас жил бүр "Мянгат малчин" тодруулж, шагнал гардуулж ирсэн нь мөн л малын чанарыг эрхэмлэхээс илүүтэй тоог нь нэмэгдүүлэх хөшүүрэг болжээ.

"Мянгат малчин" шагнал хүртсэн малчдаас өнөөдөр хэд нь мал сүргээ өөрсдөө маллаж, хариулж байна вэ гэдэг судалгаа гаргавал ихэнх нь хот, хөдөөгийн хооронд хэссэн, хүнд малаа ацаглаад явж байгаа дүр зураг буух тухай  ярих хүн олон байна.

Идэш хийх, ямаа самнах цагаар үзэгдэнэ, бусад үед туслах малчин нэртэй хүнд малаа ацаглаад, хүүхдээ эргэнэ нэрийдлээр хот, аймгийн төвд  өвөлжиж, зусдаг байна.

Хадлан тэжээл бэлтгэх, мал төллөх зэрэг ид ажлын цагаар "Мянгат малчин"-ы бараа харагдахгүй, найр наадам хэсч яваа л дуулддаг. Мал нь өеөдөөд эхэллээ, өвс тэжээлгүй боллоо гэвэл ирж, бараагаа харуулна. Гэхдээ малаа борлуулсан, ноос, ноолуурын мөнгөө хааш нь хийчихэв гэмээр малдаа буцаагаад зарцуулна гэж байдаггүй. Болж өгвөл үнэгүй өвс, тэжээлээр малаа бордоод өвөл, хаврыг давуулчих санаа агуулна.

Харин ажилтай, ахуйтай мянгат малчны хотонд ирэхэд л андашгүй, хэчнээн цас дарж, өвөлжилт хүндэрч байсан ч малынх нь өвөлжөө дулаахан, мал нь цатгалан, өвс тэжээл нь дүнхийтэл хураалгаатай байдаг.

Тиймээс малын хөлийн татвар малын чанарыг сайжруулах, жинхэнэ малд элэгтэй, малчид мал аж ахуйгаа эрхэлж үлдэх шалгарлыг ч бий болгож мэдэх нь.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
83
ЗөвЗөв
15
БурууБуруу
10
ХахаХаха
10
ГайхмаарГайхмаар
8
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж