Боловсролын багц хуулийн төслийн хэлэлцүүлэг орон даяар үргэлжилж байна. Боловсрол, шинжлэх ухааны яамны удирдлагууд өнөөдөр нийслэлийн 9 дүүрэг, Архангай, Говьсүмбэр, Дорноговь, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ зэрэг 6 аймгийн төрийн болон төрийн бус боловсролын байгууллагын багш, ажилтнуудтай цахимаар холбогдож, хуулийн төсөлд тусгах саналыг сонслоо.
Цахим хэлэлцүүлэгт нийт 185 цэгээс 2500 гаруй багш, ажилтнууд оролцож, өөрсдийн саналаа хэлэв.
Боловсролын ерөнхий хуулийн төсөл нь багш нарын нийгмийн баталгаа, хууль эрх зүйн орчин, сургалтын агуулга, сургалтын орчин, чанар, хүртээмж, тэгш оролцоо, боломжийг хангах, мэдлэг, чадвар, хандлага, төлөвшилд анхаарч, сургахаас суралцахуй руу чиглэж байгаагаараа онцлог юм. Өнөөдөр Монгол Улсад төрийн болон төрийн бус өмчийн 1454 цэцэрлэг, 839 ерөнхий боловсролын сургууль нийт 40 мянга гаруй багш ажиллаж байна. Тэдний төлөөлөл хэлэлцүүлэгт оролцож сургалтын агуулга, хөтөлбөр, нийгмийн баталгаа, сургалтын орчны талаар нэлээд санал дэвшүүлж байлаа.
Цахим хэлэлцүүлгийн үеэр Хан-Уул дүүргийн 886 багш, ажилтнууд нийт 9 цэгээс холбогдсон юм. Тухайлбал, 134 дүгээр цэцэрлэгийн 67 багш саналаа нэгтгэн танилцууллаа. Сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом наадгайг нэмэгдүүлэх асуудлыг тусгах, багш, сурагч, эцэг, эхийн эрх, үүргийг оновчтой болгох, хүүхдийн хоолны мөнгөний тодорхой хувийг авдаг болохыг онцлон хэлсэн. Харин 219 дүгээр цэцэрлэгийн багш нар 10-аас дээш жил тогтвор суурьшилтай ажилласан багш нарыг орон сууцаар хангахад дэмжлэг үзүүлэх асуудалд анхаарахыг хүсэж байв.
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын багш нарын төлөөлөл багш мэргэжлээр зөвхөн төрийн сургуулиуд бэлтгэдэг байх, эцэг, эхийн ёс зүйн дүрэмтэй болох, хариуцлагыг нэмэгдүүлэх, сургалтын хөтөлбөр, агуулгыг 10 жилээр тогтвортой байлгах талаар саналаа хэллээ.
Аймаг, нийслэлийн багш нарын хамгийн их тавьсан асуудал бол нийгмийн баталгаа, цалингийн асуудал байсан юм. Тухайлбал, Боловсролын багц хуулийн төсөлд багшийн цалинг төрийн үйлчилгээний албан хаагчийн дундаж цалингаас 2 дахин их байх саналыг багш нар гаргажээ. Мөн боловсролын байгууллагыг улс төрөөс хараат бус байлгах зорилгоор сургууль, цэцэрлэгийн удирдлагыг босоо тогтолцоогоор мерит буюу чадахуйн зарчмаар томилдог асуудлыг хуульчлахаар тусгасан байна. Үүнийг хуульчлан тусгаж өгч байгааг багш нар дэмжиж байгаагаа илэрхийллээ.
Түүнчлэн Боловсрол, шинжлэх ухааны яам, УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо хамтран Боловсролын багц хуулийн төслөөр орон даяар санал авсан. Боловсрол, шинжлэх ухааны яамны вэб сайт, бүх шатны сургалтын байгууллага, багш, эцэг, эх, суралцагчаас цахим болон бичгээр нийт 54 мянга орчим удаагийн хандалт хийгдэж, 22637 саналыг өгөөд байна.
Холбоотой мэдээ