ОХУ-ын зарим улс төрчид Казахстан улсын газар нутаг, тусгаар тогтнолын асуудлыг хөндөж эхэлсэн нь казахстанчуудыг бухимдуулах болжээ. Тодруулбал, энэ сарын 10-ны өдөр Оросын төрийн Думын Боловсрол, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Вячеслав Никонов төв телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо 1917 онд Зөвлөлт улсыг байгуулагдаж байхад Казахстан гэж улс байгаагүй, хойд хэсэг нь хүн амьдардаггүй эзгүй газар байсан, урагш сунасан газар нутгийг Зөвлөлтийн удирдагчид бэлэг болгон казахуудад өгсөн гэх мэтээр ярьжээ. Гэхдээ тэрбээр сүүлд нь өөрийн цахим сүлжээндээ хуудсанд “Казахууд Зөвлөлтийн үед тогтоосон хилээ хэвээр хадгалах сонирхолтой байдаг. Казахстаны ахан дүүстэйгээ найрсаг харилцаатай явдгаа илэрхийлмээр байна” гэж бичсэн байна.
Харин маргааш нь Оросын Эх оронч хөдөлгөөний гишүүдийн нэг Москва дахь Казахстаны элчин сайдын яамны хаалган дээр “Казахстаны умард хэсэг бол Оросын газар нутаг” гэсэн бичиг өлгөжээ.
Түүнчлэн хэд хоногийн дараа Думын гишүүн Евгений Федоров Казахтсаны газар нутаг бол Оросоос өгсөн том бэлэг хэмээгээд Никоновтой бүрэн санал нэг байгаагаа илэрхийлсэн байна. Мөн Казахстаны эрх баригчид Оросуудад талархалтай хандах ёстой байтал Казахстаны гадаад хэргийн яам Никоновын байр суурийг эсэргүүцсэн гэж ярьжээ. Өмнөх өдөр нь Казахстаны Гадаад хэргийн сайд Марат Сыздыков Никоновын байр суурийн талаар эсэргүүцсэн мэдэгдэл гаргасан аж.
Энэ асуудлаар Казахстаны парламентын доод танхимын гишүүн Бахытбек Смагуль өөрийн цахим сүлжээндээ Никоновын ярьсан зүйлийг шүүмжилж “Дэлхийн хамгийн том улсыг дүүргэх хангалттай хүн ам Орост байхгүй шүү дээ. 2010 оны тоо баримтаас харвал 8,500 орчим тосгон газрын зурагнаас арчигдаж, 19 мянган суурин хоосроод байна” гэж бичжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2014 онд “Казахууд өмнө нь хэзээ ч төр улстай байгаагүй” гэсэн утгатай зүйл ярьж, шүүмжлэлд өртөж байсан бол үндсэрхэг үзэлтэй улс төрч Владимир Жириновский Казахстаныг Орост нэгтгэх ёстой гэж байнга ярьдаг. Мөн Казахстанд хоригдож байсан Нобелийн шагналт зохиолч Александр Солженицын ч Казахстаны тусгаар тогтнолыг үгүйсгэдэг байв.
Эх сурвалж: Radio Free Europe
Холбоотой мэдээ