"Замын ачаалал хоёр дахин нэмэгдэж, түгжрэл үүсч байна"

Хуучирсан мэдээ: 2020.12.17-нд нийтлэгдсэн

"Замын ачаалал хоёр дахин нэмэгдэж, түгжрэл үүсч байна"

"Замын ачаалал хоёр дахин нэмэгдэж, түгжрэл үүсч байна"

Өнгөрсөн даваа гаригаас эхлэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээгээд байна. Энэ хугацаанд замын ачаалал хоёр дахин нэмэгдсэн болохыг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв. Энэ талаар болон цаг үеийн асуудлаар  тус газрын  Урдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Д.Зоригоогоос  тодрууллаа.


-Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээснээс хойш замын ачаалал хэр нэмэгдэж байна. Үүнд ямар зохицуулалт хийж байна вэ?

-Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед зам ачаалалгүй, үйл ажиллагааг нь зөвшөөрсөн 18 салбарын алба хаагчид тусгай зөвшөөрлөөр замын хөдөлгөөнд оролцож байсан. Энэ үед хоногт дунджаар 60-80 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байсан. Харин энэ сарын 14-өөс зарим аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг нээсэнтэй холбоотойгоор тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээснээр ачаалал хоёр дахин  нэмэгдсэн. Өдөрт дунджаар 200-300 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байна.

Мэдээж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээснээр замын ачаалал, түгжрэл нэмэгдсэн. Тухайлбал, Зүүн дөрвөн зам, баруун дөрвөн зам, Энхтайваны өргөн чөлөө, Дүнжингарав, Чингэлтэй орчимд өглөөний 07.30-09.30 цаг болон өдрийн 12:00-13:00 цаг, ажил тарах 16:00-20:00 цагийн орчимд түгжрэл үүсч байна.

Гэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээснээр замын ачаалал нэмэгдсэн ч ердийн үеийнхээс бага байгаа юм. Өөрөөр хэлбэл, ердийн үед өдөрт дунджаар 500-600 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог байсан.

-Хатуу хөл хорионы үед  зам тээврийн осол буурсан. Харин тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээснээс хойш зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл хэр их бүртгэгдэж байна вэ. Жолооч нарын тухайд ихэвчлэн ямар зөрчил гаргаж байна?

-Хөл хорионы үед Тээврийн цагдаагийн албанд хоногт дунджаар зам тээврийн ослын шинжтэй 120 дуудлага мэдээлэл бүртгэгдэж 80-90 нь ослын шинжтэй байсан.Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээснээс хойш зам тээврийн ослын дуудлага мэдээлэл хоёр дахин өссөн.

Хоногт дунджаар 250 дуудлага мэдээлэл бүртгэгдэж байна. Үүний 220 нь зам тээврийн ослын хэрэг, зөрчил байгаа юм. Энэ сарын 14-өөс хойш өнөөдрийг хүртэл зам тээврийн ослоор дөрвөн хүн амь насаа алдсан. Ялангуяа орон нутагт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үедээ осол гаргаж өөрийн болон гэр бүл, бусдын амь насыг эрсдэлд оруулж, хохироох нь маш их байна.

Тухайлбал, Хөвсгөл аймгийн Ринченлхүмбэ сумын нутагт суудлын машин онхолдож, 28 настай иргэн Н амь насаа алдсан. Мөн өчигдөр Дорнод аймагт согтуу жолооч шороон замд онхолдож, зорчиж явсан 32 настай эрэгтэй амь насаа алдсан. Түүнчлэн явган зорчигч мөргөж, амь насыг хохироосон осол гарлаа. Харин нийслэлд автозамын гадаргуу дээр халтиргаа гулгаа үүссэн тул жолооч нар тээврийн хэрэгслийн хурдаа тохируулахгүй осол гаргах, эгнээ байр буруу эзлэх, явган зорчигчдод зам тавьж өгөхгүй байх, явган хүн мөргөж гэмтээх зөрчил түгээмэл гарч байна.

-Энэ сарын 14-өөс  18-аас доош градусын согтууруулах ундааны хязгаарлалтыг цуцлаад байна.Үүнтэй холбоотойгоор согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил эрс нэмэгдсэн болов уу?

-Хорио цээрийн дэглэмийг мөрдөх хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил нийслэлд хоногт дунджаар 6-8, орон нутагт 4-6 зөрчил бүртгэгддэг байсан.

Өнгөрсөн даваа гаригаас эхлэн  согтууруулах ундааны хязгаарлалтыг цуцалснаар согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил ч бас нэмэгдсэн. Нийслэлд хоногт 22, орон нутагт 10-14 жолооч согуурсан үедээ жолоо барьсан зөрчил бүртгэгдэж байна.

-Хөл хорионы үед иргэд хулгайн замаар  хотоос гарах, орон нутгаас хот руу зорчих зөрчил цөөнгүй гарсан.Ийм зөрчил  хот хоорондын зорчих хөдөлгөөнийг түр хугацаад хязгаарласан үед гарч болзошгүй.Үүнд ямар хяналт тавих вэ?

-Нийслэлээс орон нутаг руу, орон нутгаас нийслэл рүү чиглэсэн хөдөлгөөнд Тээврийн цагдаагийн алба хаагчид хяналт тавьж ажиллаж байна. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үеэс эхлэн уулын зам, нүхэн гарц зэрэг газруудад хашлага хайс тавьж, хөдөлгөөнийг хязгаарласан. Үүнд тээврийн цагдаагийн алба хаагчид тогтмол хяналт тавьж байгаа тул иргэд хулгайн замаар зорчих гэж байгаад өөрийгөө болон бусдын амь насыг эрсдэлд оруулахгүй байхыг анхааруулъя. Мөн хулгайн замаар хотоос гарч баригдсан тохиолдолд цагдаагийн байгууллагаас хэрэг үүсгэн шалгах юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж