Дэлхий дахиныг хамарсан цар тахал дижитал шилжилтийг улам бүр эрчимжүүлж байна. Тэгвэл Английн Лондонд төвтэй “The Banker” сэтгүүл ХААН Банкны Мэдээлэл, технологи хариуцсан дэд захирал Сачин Наирыг урьж, Монголын тэргүүлэх банкны цахимжилт, цаашдын төлөвлөгөөний талаар хөөрөлдсөнийг бүрэн эхээр нь орчуулан хүргэе.
Сачин Наир
2019 ХААН Банк, Мэдээлэл технологи хариуцсан дэд захирал
2015 Аржес Глобал, түнш (“Уорлд Уайд” технологийн компанийн зөвлөх, Хөтөлбөрийн удирдлагын ахлагч – Ази, Номхон далайн бүс)
2013 Тахрал Оне, ахлах, дэд захирал
2011 Омнитек (Хонконг), Захирал, дэлхийн банкны үйлчилгээ, санхүүгийн үйлчилгээ ба даатгалын дэд бүтцийн үйлчилгээ, практик
ХААН Банкны цахим болон өгөгдлийн том тэсрэлт
“The Banker” сэтгүүлийн редактор Жой Макнайт Монголын томоохон зээлдүүлэгчдийн нэг ХААН Банкны Мэдээлэл технологи хариуцсан дэд захирал Сачин Наиртай ярилцаж, 2023 он гэхэд бүрэн цахимжсан банк болох зорилт тавьсан хийгээд хамгийн орчин үеийн мэдээллийн технологийн дэд бүтэц бүхий хөтөлбөр хэрэгжүүлэхээр зорьж буй талаар нь хуваалцав.
Монгол бол далайд гарцгүй хоёр дахь том улс бөгөөд 3.2 сая хүн амынх нь тал хувийг малчид, нүүдэлчид бүрдүүлдэг. Монголчууд өргөн уудам, алс хязгаар нутгуудаар тархан суурьшдаг учраас олон нийтийн сүлжээ, үүрэн холбоо өргөн дэлгэр нэвтэрсэн нь гайхахаар зүйл биш. “We are social”, “Hootsuite’s Digital”-ын хамтарсан “Дижитал 2020: Монгол” тайланд дурдсанаар, 2020 оны нэгдүгээр сарын байдлаар Монгол Улсад сошиал медиа хэрэглээ 68 хувьд хүрсэн төдийгүй үүрэн сүлжээний холболт нийт хүн амтай харьцуулахад 136 хувьд хүрчээ.
Энэхүү нөхцөл нь дотоодын бусад байгууллагуудын цахим шилжилтийг эрчимжүүлэхэд гол түлхэц болжээ. “Энэ бол бидний гол анхаарах асуудал” хэмээн харилцагчийнхаа тоогоор Монголдоо тэргүүлдэг ХААН Банкны Мэдээлэл технологи хариуцсан дэд захирал Сачин Наир ярив.
ХААН Банк нь 550 гаруй салбар тооцооны төв, 1300 гаруй АТМ-тай. Тавхан хүний орон тоотой алслагдсан орон нутгийн салбар тооцооны төвөөс эхлээд 50 хүртэл ажилтантай хотын төвийн салбарууд гэхчилэн хоорондоо харилцан адилгүй аж. “Бид “Онлайн салбар” хөтөлбөрөөр дамжуулан өөртөө үйлчлэх хамгийн оновчтой үйлчилгээг харилцагчдадаа хүргэхээр зорьж буй төдийгүй киоск машинаас банк санхүүгийн өөрт хэрэгцээтэй бүх үйлчилгээг авах боломжийг бүрдүүлээд байна” хэмээн ноён Наир яриагаа үргэлжлүүллээ.
Тус цогц бодлогын хүрээнд тэд банкны олон тооны үйлчилгээг интернэт, гар утсаар дамжуулан авах “Омни суваг” төслийг хэрэгжүүлж эхэлжээ. “Харилцагч заавал салбар тооцооны төвд очиж авдаг банкны үйлчилгээнүүдийг өөрийн гар утаснаас авах боломжтой болгох зорилгыг бид тавьж байгаа бөгөөд эдгээр үйлчилгээний ихэнх нь Монголын зах зээлд анхдагч болох юм” гэж тэр ярилаа.
“Түүнчлэн манай банк нь Харилцагчийн үйлчилгээний төвлөрсөн удирдлагын (CRM) системийг нэвтрүүлж буй бөгөөд энэ оны сүүлээр банкны хэмжээнд бүрэн ашиглаж эхэлнэ. Манай банкны харилцааны менежерүүд олон өгөгдлийн сан болон сувгуудаар дамжин харилцагчийн бүх мэдээлэлд хандах боломжоор хангагдана. Ингэснээр бүтээгдэхүүнээ илүү олон харилцагчид хүргэж борлуулахад дөхөмтэй болно” гэж ноён Наир хэллээ.
“Цар тахлын улмаас харилцагчдын маань нэлээд хэсэг нь салбар нэгжээр үйлчлүүлэхээс болгоомжилсон хэвээр байгаа тул COVID-19 банкны цахим шилжилтийг илүү хурдасгаж өгсөн. 2019 он хүртэл манай харилцагчийн үйлчилгээний дөрөвний нэг хувь нь л цахимжсан байсан бол өнөөдөр энэ тоо 50 хувь хүртэл өссөн” хэмээн тэрбээр онцлов. “Банкнаас санал болгож буй үйлчилгээний үлдсэн 50 хувийг нь авахын тулд харилцагч салбар нэгж дээр заавал биечлэн ирэх шаардлагатай хэвээр байгаа боловч бид цахим хөтөлбөрийг хурдтай хэрэгжүүлснээр 2023 он гэхэд бүрэн цахимжсан банк болно”.
Орчин үеийн технологийн цогц шийдэл
ХААН Банкны цахимжуулалтын үндэс нь мэдээллийн технологийн дэд бүтцийг бүрэн шинэчлэх явдал юм. “Бид уламжлалт банкны загварыг технологийн дэвшилд суурилсан цахим банк болгон шинэчилж байгаа” гэж ноён Наир цааш ярилаа.
Тухайлбал, ХААН Банк өгөгдөл удирдлагын “ДатаСтакс” компанитай хамтран жил бүр 70 хувиар өсөн нэмэгдэж буй өгөгдлийг удирдахын тулд дата бааз бий болгон ажиллаж байна. “Өөр өөр өгөгдлийн санд хадгалагдаж буй маш их хэмжээний мэдээллийг бид өгөгдлийн төвлөрсөн нэг агуулах руу зөөн авчирч, тэдгээрт дүн шинжилгээ хийх, бизнест хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх болон бүтээгдэхүүндээ тохируулан өөрчлөх боломжийг бүрдүүлж буй”.
“ДатаСтакс”-ийнхан Монголд бидэнтэй хамтрахад тун сайн гар нийлсэн. Эерэг хандлагатай, чадварлаг баг хамт олон байсан. Монгол Улс жижиг зах зээлтэй учир тус салбарын гол тоглогчид Монголын банкуудад үйлчилгээ үзүүлэхгүй байх нь цөөнгүй” гэж тэр хэлэв.
Ноён Наирын хэлсэнчлэн, өгөгдөл бол интернет банкны ирээдүйн хувьд нэн чухал ойлголт юм.“Бид иргэдийн банк, үндсэн систем, картын үйлчилгээ, зээлийн систем зэрэг олон тооны системээс харилцагчийн мэдээллийг татан цуглуулж, хиймэл оюун ухааны тусламжтайгаар харилцагчдын өдөр тутамдаа ашиглах сонирхолтой байгаа бүтээгдэхүүнийг хөгжүүлж, тэдэнд хүргэх болно” хэмээн тэр тайлбарлалаа.
ХААН Банк нь автомашины лизинг, орон сууцны зээл тэргүүтэй хэрэглээний зээлийн үйлчилгээндээ харилцагчийн хэрэглээний зан төлөвийн үнэлгээг нэвтрүүлжээ. Энэ нь төлбөрөө цагтаа төлж буй эсэх, тус банканд цалингийн дансаа байршуулсан эсэх зэрэг харилцагчийн зээлийн түүх дээр суурилсан аж.
“Өмнө нь эдгээрийг зөвхөн гараар гүйцэтгэдэг байсан. Харин одоо бол олон тооны системүүдээс өгөгдлийг татан төвлөрсөн орчинд авчирч, дотооддоо хөгжүүлсэн алгоритмын тусламжтайгаар бие даасан зээл олгох систем руу оруулдаг. Харилцагч орж ирэхэд, харилцааны менежер нь автоматаар гарч ирэх үнэлгээнд хандахад л хангалттай” хэмээн тэр ярив. “Энэ бол манай багийн зүгээс нэвтрүүлж буй хамгийн үр ашигтай ажил юм. Өмнө нь иймэрхүү мэдээллийг бий болгож боловсруулахад олон хоног зарцуулдаг байсан”.
Түргэн шуурхай сэтгэлгээ
Ноён Наир 2019 оны наймдугаар сард ХААН Банканд орсон байна. Чамгүй олон жилийг банкны ертөнцөд өнгөрөөсөн тэрбээр үүнээс өмнө ЖейПиМорганд бараг 14 жил хүчин зүтгэсний эцэст мэдээлэл технологийн салбар руу шилжсэн байна. “Би банкны салбарыг гаднаас нь хараад л банк дотор болж буй технологийн өөрчлөлтүүд болон цахим шилжилтийг олж анзаарч чаддаг. Тиймээс технологийн суурь боловсролтой миний хувьд, банкны дотоод орчинд ажилласнаар дижитал шилжилтийн түүхэн замналыг удирдан чиглүүлэх боломжтой гэж өөртөө дүгнэлт хийсэн” хэмээн ноён Наир бодлоо хуваалцав.
Сүүлийн нэг жилийн хугацаанд түүний гүйцэтгэх үүрэг нь бага багаар өөрчлөгджээ. Тухайлбал, Банкны гүйцэтгэх багийн ментор төдийгүй зөвлөх болсон бөгөөд олон улсын хэмжээнд хуримтлуулсан өөрийн туршлагаасаа бусдад хуваалцах болжээ. Гэхдээ түүний гол үүрэг бол Мэдээлэл технологийн 200 хүний бүрэлдэхүүнтэй хүчирхэг багийг удирдаж, ДевОпс хөтөлбөрийг дуустал өөрчлөн шинэчлэх явдал юм.
“Энэ бол хурдтай хөтөлбөрүүдийг хэрхэн удирдах, хэрхэн уян хатан байх, баг хамт олноор хэрхэн ажиллах болон эдгээр цахим хөтөлбөрүүдийг яаж хийж тухай асуудал юм” гэж тэр онцоллоо. “Миний гүйцэтгэх үүрэг бол хүмүүсийг нэгтгэж, тэдний хамтын ажиллагааг дэмжин урамшуулж, сэтгэлгээг нь өөрчлөн чиглүүлэх явдал билээ. Мөн баг маань 2021 онд бэлэн байх явдлыг батлан даах үүрэгтэй”.
Холбоотой мэдээ