Г.Тэмүүлэн: Салбар болгонд мэргэшсэн үнэлгээчин хэрэгтэй байна

Хуучирсан мэдээ: 2020.12.17-нд нийтлэгдсэн

LiveГ.Тэмүүлэн: Салбар болгонд мэргэшсэн үнэлгээчин хэрэгтэй байна

Г.Тэмүүлэн: Салбар болгонд мэргэшсэн үнэлгээчин хэрэгтэй байна
18 : 25
2020-12-17

Г.Тэмүүлэн: Салбар болгонд мэргэшсэн үнэлгээчин хэрэгтэй

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд (Засгийн газар 2020.05.12-ны өдөр өргөн мэдүүлсэн)-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ. 

Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, төслийн талаарх Эдийн засгийн Байнгын хорооны санал, дүгнэлтийг  УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нар тус тус танилцуулж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг дэмжихийг хүслээ. 

Гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНД:

-Хуулийг хэлэлцэхийг дэмжиж байгаа. Монголд маш их хэмжээний баялаг хөрөнгө байдаг ч үнэлээгүй. Туул голын хавиар байдаг байшингууд эдийн засгийн үнэлгээгүй. Үнэлгээчдийн чадвар байдаггүй. Үнэлгээгээр дамжуулаад эргэлтэд орох болов уу. 

УИХ-ЫН ГИШҮҮН С.АМАРСАЙХАН

-Хуулийн төслийг дэмжиж байна. Маш чухал асуудал. Социализмын үеийн үнэлгээтэй хөрөнгүүд, зах зээлийн үнэлгээнээ ч их нь байна. Үнэлгээ хийсэн бол олон улсын жишигт нийцэхээс гадна хүлээн зөвшөөрөгдсөн байх үнэлгээний үнэ цэнийг бий болгох нь хуулийн чухал ач холбогдол. Төлбөр тооцоо, банк, зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ёстой гэж бодож байна. Банк санхүүгийн байгууллага үнэлгээг аль олох бага тогтоох зэргээр иргэд хохирдог. Иймд нэгэнт хөрөнгийн үнэлгээ хийдэг болгоё, зарчмыг нь тодохой болгоё гэвэл яг албан ёны үнэлгээгээр нь хийх ёстой.

АЖЛЫН ХЭСЭГ Ч.ЧИМЭДСҮРЭН: 

-Үнэлгээний үйл ажиллагааг эрхлэхдээ олон улсын стандартыг хэрэглэхээр оруулсан. Үнэлгээнд хэрэглэгддэг үндсэн зарчмуудыг хэрэглэхээр оруулсан. Энэ хуулиар уялдаа багатай хуулиуд зохицуулагдаад явна.

УИХ-ЫН ГИШҮҮН Г.ТЭМҮҮЛЭН:

-Хууль хэрэгжээд найман жил болсон ч өнөөдөр хөгжлийн хамгийн их чөдөр тушаа болсон асуудлууд энэ салбарт харагдаад байна. Бүтэц, зохион байгуулалтын асуудал нь болохгүй байна гэж харж байна. Бизнесйн хөгжлийн хойш татаад байгаа асуудал хөрөнгийн үнэлгээний асуудал дээр очихоор гараад байгаа юм. Ажлын хэсэг гаргаад, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодыг дэмжих шаардлага байна. Өнөөдөр бид 39 стратегийн ордын хөрөнгөд үнэлгээ хийсэн зүйл алга. Бүх эрх мэдлийг төр дээр төвлөрүүлээд, хувийн хэвшлийнхнийг оролцуулахгүй байна. Хуулийн өөрчлөлтөөс оруулж байгаа асуудал чинь үнэлгээний аргачлал зааврыг заавал яам, уул уурхайн яам хариуцна гэсэн асуудал тавьдаг. Энэ дээр гол зангилаа байна. Төр өөрөө оролцох болоод байна. Салбар болгонд мэргэшсэн үнэлгээчин хэрэгтэй байна. Энэ асуудлыг шийдэх хэрэгтэй. 

АЖЛЫН ХЭСЭГ Ч.ЧИМЭДСҮРЭН: 

-Одоогийн байдлаар 280 үнэлгээчин бэлтгэгдсэнээс 180 нь мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байна. Мэргэжлийн байгууллагын оролцоо, үйл ажиллагаанд зохицуулалт хийх асуудал хуульд тусгагдсан. Уул уурхай, оюуны өмч гээд төрөлжөө үнэлгээжээд явах асуудал орж ирж байна. 

УИХ-ЫН ГИШҮҮН Н.ЭНХБОЛД:

-Хараат бус байдлыг хэрхэн зохицуулахаар байгаа вэ? Хуучин уламжлалт аргаар шийдвэрлэх гэдэг. Маш олон шинэ зүйлүүд гарч ирж байна. Тухайлбал, биет бус хөрөнгийн үнэлгээний асуудал байна. 

АЖЛЫН ХЭСЭГ Ч.ЧИМИДСҮРЭН:

-Үнэлгээчний хариуцлагын асуудлыг тодотгож өгсөн. Үнэлгээ хийлгэхдээ хэдэн ч компаниар хийлгэж болно гэж заасан. Хөрөнгийн эзний эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд эрх бүхий байгууллага шаардлагатай гэж үүзвэл хөндлөнгийн үнэлгээ хийлгэх нээлттэй. 

Гишүүд асуулт асуун хариулт авч, үг хэлж дууслаа. 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд (Засгийн газар 2020.05.12-ны өдөр өргөн мэдүүлсэн)-ийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураав.

Санал хураалтад 62 гишүүн оролцож, 53.2 хувийн саналаар хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлснээр УИХ-ын чуулганы өнөөдөр (2020.12.17)-ийн нэгдсэн хуралдаан өндөрлөв.

18 : 18
2020-12-17

Олон Улсын Эрүүгийн шүүхийн дархан эрх, эрх ямбын тухай хэлэлцээрийг соёрхон батлав

Чуулганы хуралдаанаар үргэлжлүүлэн Засгийн газраас 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн Олон Улсын Эрүүгийн шүүхийн дархан эрх болон эрх ямбын тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг соёрхон батлахаар хэлэлцэж байна.

Хууль санаачлагчийн илтгэлийг Гадаад харилцааны сайд Н.Энхтайван танилцуулав. Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан танилцуулж, хэлэлцэн баталж өгөхийг хүсэв.  

Асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй тул Олон Улсын Эрүүгийн шүүхийн дархан эрх болон эрх ямбын тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг соёрхон батлалаа. 

17 : 45
2020-12-17

Далайн тээврээс жилд дунджаар 1.5 сая долларын орлого ордог

Чуулганы хуралдаанаар Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, Далайчныг сургах стандарт, гэрчилгээ олгох болон ээлжийн ажиллагааны тухай олон улсын конвенцын нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг соёрхон батлах тухай Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар танилцуулав. Аюулгүй байдал, гадаад бодллогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн танилцууллаа.

Гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ЫН ГИШҮҮН Х.БОЛОРЧУЛУУН: 

-Манай улс далайд гарцгүй ч Монгол Улсын далбаатай хөлөг онгоц далайд явдаг. Энэ онгоцууд дээр асуудал үүсч байсан. Монгол Улсын нэр хамт явдаг. 

ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Л.ХАЛТАР: 

-БНСУ-д 11 далайчин даллагажих ажиллагаа хийж байна. Олон Улсын далайн байгууллагад ажиллах эрх нь нээгдэнэ. Их далайд 352 онгоц Монгол Улсын далбааг мандуулж явна. Монгол Улсын Засгийн газар хариуцлага хүлээх учир гаднын судалгааны байгууллагуудтай судалгаа хийж, бүртгэлийг баталгаажуулдаг. Монгол Улсад байгаа Далайн захиргаа хяналтаа тавьдаг. 

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТ-ЭРДЭНЭ:

-Монгол Улс далайд гарцгүй ч далбаагаа мандуулж тээвэрлэлт хийж байна. Үүнийг өргөжүүлэхээр хуулийн төсөл оруулж ирж байгаа болов уу. Далайн захиргаа Сингапур улсад төвтэй үйл ажиллагаа явуулдаг. Монгол Улсад төв нь байрлаад далайтай орнуудад салбар нь үйл ажиллагаа явуулж байх ёстой юм. Сургалтууд төв дээрээ хийгдэх үү? 

ДАЛАЙН ЗАХИРГААНЫ ДАРГА С.ТҮВШИНТӨР:

-Манай далбаатай хөлөг онгоц дээр орон орны далайчид зорчиж байгаа. Шинэ заалтууд орж ирж байна. Техникийн шинжтэй өөрчлөлтүүд орж байгаа нь энэ удаагийн хувьд гол онцлог. ОХУ, БНСУ-д далайчид суралцаж байна. Энэхүү конвенцид нэгдэж орсноор, манай хөлөг онгоцон дээр далайчдын мэргэжлийн түвшинг дээшлүүлэх ач холбогдолтой. Монгол Улсын далбаатай онгоцны дугаар, бүртгэлийг Далайн захиргаанаас олгож, техникийн хяналт хийдэг. Үндсэн ажиллагааг Сингапур боомтод төвлөрүүлж хийдэг. Солонгос, Вьетнам зэрэг орнуудтай агентын гэрээ байгуулаад ажллаж байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Н.ЭНХБОЛД: 

-Далайчдаа сургах үүрэг гүйцэтгэж байна гэж ойлгож байна. Сургах асуудлыг гэрээ хийсэн улс орнууд хариуцах юм уу? Манай далбаатай онгоцоор явж байгаа далайчдын алдаа дутагдлаас хариуцлага алдсан асуудлыг хэн хариуцах вэ? 

ДАЛАЙН ЗАХИРГААНЫ ГАЗРЫН ДАРГА С.ТҮВШИНТӨР:

-Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын институтүүд байдаг. Манайтай хамтын ажиллагаатай байдаг орнуудад сургаж байна. Далайчид мэргэжлийн үнэмлэхтэй болоод дэлхийн аль ч түвшинд ажиллах бололцоо бий. Энэ конвенци сургалтынх биш, хөлөг онгоцон дээр ажиллах хүмүүст тавигдах шаардлагыг зохицуулж байгаа юм. Хөлөг онгоцны ахмадад бүх хариуцлага хүлээдэг. Багийг удирдаж байгаа хөлөг онгоцны капитанд гол хариуцлага оногдоно. 

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.СҮХБААТАР:

-Танилцуулгаас харахад, 30 орны 332 онгоц явж байгаа юм байна. Далайчин сургана, далайн захиргаа гээд яриад байдаг. Нэг том чиглэл н орлогын асуудал ярьж байсан санагдана. Бизнесийн асуулгаар ярья. Хичнээн хэмжээний орлого орж, зарлага гарч байна вэ? Хичнээн зөрчил гарсан бэ? Нөхцөл байдал ямар байгаа тухай сонсъё. Далайн захиргаанд хичнээн хүн ажиллаж байна вэ?  30 орон дотор хамгийн их хэрэг зөрчил гаргаж бүртгэгдэж байгаа нь ямар орон байна вэ? 

ДАЛАЙН ЗАХИРГААНЫ ГАЗРЫН ДАРГА С.ТҮВШИНТӨР: 

-Далайн захиргаа 2018 оны нэгдүгээр сарын 24 Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар 26 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдан ажиллаж байна. Монгол Улсын төсөв бүрдүүлдэг, Олон Улсын хиймэл дагуулын төлбөр, Сингапурын төвийн урсгал зардал төлөгддөг. Жилд дунджаар 1.5 сая долларын орлого ордог. 40 хувь нь Сингапур дахь төвийн үйл ажиллагаанд зарцуулагддаг. Сүүлийн 10 жилийн хугцаанд дэлхий 9600 гаруй дунд болон том хэмжээний осол болсон. Манай далбаатай 7 онгоц хөмөрсөн, хайргадсан асуудлууд гарч байсан. Хилийн маргаан, хил зөрчсөн асуудлууд яригддаг. Тухай бүрд арга хэмжээ аваад явдаг. 

УИХ-ЫН ГИШҮҮН Т.АЮУРСАЙХАН: 

-Далайн тээврээс орж ирдэг төлбөрийг ямар байдлаар явдаг вэ? Хэн хяналт тавьж, удирдан чиглүүлж ажиллах вэ? Далбаагаа хэрэглүүлж байгаа Монгол Улс ямар хариуцлага хүлээдэг юм бэ? 

ДАЛАЙН ЗАХИРГААНЫ ГАЗРЫН ДАРГА С.ТҮВШИНТӨР: 

-33 орны хөлөг онгоц бүртгэлтэй. Богино буюу 3 сар, байнгын буюу жилийн хугацаатай бүртгэл явагддаг. Жилдээ нэг удаа двидент хуваах байдлаар явдаг. Далайн байгууллагуудын хариуцлагыг далбааны эзэн улс, эргийн улс, боомтын улс гээд. Зэвсэг тээвэрлэсэн гэдэг асуудал яригдвал цэвэр эргийн улсын асуудал. Хянаж шалгаж байгаа улс нь хариуцлагыг нь хүлээнэ. Монгол Улсын далбаан дор ийм юм тээвэрлүүлсэн байна гэдэг хариуцлага ирнэ. Аливаа улс түүнийг удирдан зохион байгуулна. Далбаачдыг сурч мэргэшил дээр хяналт тавьж ажиллах үүрэгтэй.

Гишүүд асуулт асууж, хариулт авч, үг хэлж дууслаа. 

Байнгын хорооны саналаар Далайчныг сургах стандарт, гэрчилгээ олгох болон ээлжийн ажиллагааны тухай олон улсын конвенцын нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг соёрхон батлая гэсэн саналын томъоллоор санал хураав. Санал хураалтад 61 гишүүн оролцож, 41 нь дэмжиж, 67.2 хувийн саналаар баталлаа. 

17 : 38
2020-12-17

Монгол-Вьетнамын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон баталлаа

Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл / соёрхон батлах/;

Хууль санаачлагчийн илтгэлийг Батлан хамгаалахын сайд, генерал Г.Сайханбаяр танилцуулав. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал дүнгэлтийг УИХ-ын Халдалшгүй байдлын дэд хорооны дэд дарга Н.Энхболд танилцууллаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Хэлэлцээрийг соёрхон батлах талаар санал хураалтад 60 гишүүн оролцож, 39 нь дэмжиж, 65 хувийн саналаар баталлаа.

16 : 48
2020-12-17

"Эрдэнэсийн санд түүх, соёлын үнэт зүйлс бүртгэгдэх бололцоотой болно

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ,  С.Бямбацогт, Л.Мөнхбаатар нарын гурван гишүүн 2020.01.13-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ.

Хууль санаачлагчдын илтгэлийг Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцууллаа. Төслийн талаар Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг уншиж танилцуулж, хэлэлцэн шйдвэрлэж өгөхийг хүсэв. 

УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Т.АЮУРСАЙХАН: 

-Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын тухай хуулийг дэмжиж байна. Гэхдээ хэд хэдэн асуудал байна. Монголбанк Эрдэнэсийн санг хариуцдаг, маш их алдаа дутагдал гарсан. Маш нууцын зэрэглэлтэй, эд хөрөнгийн хэд нь борлуулагдсан нь тодорхойгүй, түүнийг нь далимдуулаад үрэн таран хийсэн, нөөцсөөд байх зүйл үнэхээр байхгүй байна. Нууцаас гаргах тухай асуудлаа хангалттай хийгээгүй байна. Яагаад дутуу хийсэн юм бэ? 

ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА С.БЯМБАЦОГТ: 

-Эрдэнэсийн сангийн тухай хууль 1994 онд батлагдсанаас хойш өөрчлөлт хийгдээгүй. Эрдэнэсийн санг тойрсон хардлага гүтгэлэг, ташаа мэдээлэл зэрэг асуудлуудыг нэг мөр болгоё гэсэн зорилготой. Эрдэнэсийн сангийн хуулийн чиг үүрэг өргөн хүрээнд орж ирж байна. Тодорхой мэдээлүүдийг ил болгож, УИХ-д мэдээлэл өгдөг байхаар оруулж ирсэн. 

УИХ-ЫН ГИШҮҮН Т.АЮУРСАЙХАН: 

-Эрдэнэсийн сангийн мэдээллийг нууцлах ямар шаардлага байгаа юм бэ? Өмнөх ерөнхийлөгч юуг авсан талаар та бүхэн мэдэж байгаа, ингээд ярих гэхээр боломжгүй байгаа биз дээ. 

АЖЛЫН ХЭСЭГ, МОНГОЛБАНК:

-Шинэчилсэн найруулгаар эрдэнэсийн сангийн орлого, үйл ажиллагаан талаарх мэдээллийг нууцаас гаргаж байгаа. Ажлын хэсэг дээр гишүүний тавьсан асуудлыг ярилцаад өөрчлөх боломжтой гэж үзэж байна. Эрдэнэсийн сангаас тийм зүйл алдагдсан гэсэн тогтоол шийдвэр шүүх хяналтын байгууллагаас гараагүй. 

ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА С.БЯМБАЦОГТ:

-Хууль санаачлагчид нэмж хариулж болно. Эрдэнэсийн санд хадгалагдах үнэт зүйлсийг тодорхой болгож байгаа. Түүх, соёлын үнэт зүйлс эрэнэсйн санад бүтгэгдээд явах бололцоотой болж байгаа.

УИХ-ЫН ГИШҮҮН Ч.УНДРАМ:

-Музейн тухай хууль боловсруулагдаад явж байна. Энэ хуулийн үзэл баримтлалтай уялдуулсан уу? Соёл, спорт, шинжлэх ухааны байнгын хороогоор хэлэлцэгдэх ёстой гэж бодож байна. Манайд маш их туршлагатай, экспертүүд, лаборатори байхгүй. Яаж зохицуулах вэ?

ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА С.БЯМБАЦОГТ: 

-Хэлэлцэх эсэх нь дэмжигдвэл байнгын хорооноос санал авах, шаардлагатай хуулиудтай уялуулаад явах боложтой гэж бодож байна. Зайлшгүй Музейн тухай хуультай холбогдоно. БСШУС-ын байнгын хороо хэлэлцээд явах байх аа. Монгол Улсад насжилт тогтоодог байгууллага, эксперт байхгүй. Мэргэжлийн зөвлөл үнэ цэнийг тогтоох зохицуулалт явж байгаа.

УИХ-ЫН ГИШҮҮН О.ЦОГТГЭРЭЛ:

-Монгол Улсын Эрдэнэсийн сангийн тухай юу? Монголын төрийн Эрдэнэсийн сангийн тухай юу? Одоо энэ хуулийн төсөл төрийн сангийн тухай байх шиг.

ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА С.БЯМБАЦОГТ: 

-Хуулийн төслийн нэгдүгээр зүйлд хуулийн зорилтыг тодорхой бичсэн байгаа. Улсын ч, төрийн ч эрдэнэсийг энэ хуулиар зохицуулна. Иргэд өөр дээрээ байдаг эрдэнэсүүдийг ямар үнэ цэнэтэйг мэдэхгүй байгааг ил тод зохицуулж өгнө. 

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНД:

-Гишүүдийн дийлэнх нь нууцлалтай холбоотой асуудал дээр санал нэгдсэн. Ягаад хэвээрээ орж ирж байгаа юм бэ? Хамгийн чухал нь алтны нөөц. Алт чинь валютын нөөц. Алт тойрсон бүх мэдээлэл ил тод байх ёстой. Монголбанкин дээр алт гэхээр нууц нууц гээд, тэнд их идээ бээр хадгалагдаж байна гэж хардаж байгаа. Материалыг нь үзээд ярих гэхээр ярих боломжгүй байна. Маш олон асуудал Монголбанкин дээр байна. Зураачид ярьдаг, Монголбанк зураг авдаг гээд. Саяхан Монголбанкны удирдлага байсан хүн би ийм сайхан хөөрөгтэй гэж ярьж байна. Монголбанкин дээр явж байгаа бүх шийдвэр нууц болсон. Засгийн газрынхан ил болгох асуудлыг дэмжиж өгөөрэй. Тэнд шамшигдал явах боломж байна.

МОНГОЛБАНК, ЭНХЖИН: 

-Эрдэнэсийн сангийн үйл ажиллагаа, алтны тухай мэдээлэл нууцаас гарна. Монголбанк дотоод аудит, хөндлөнгийн аудитын шалгалт оруулж, мэдээллээд ажилладаг. Хууль хяналтын байгууллагаас эрдэнэс алдагдсан гэсэн шийдвэр гарч байгаагүй.

УИХ-ЫН ГИШҮҮН Н.АЛТАНХУЯГ: 

-Үнэлдэг арга барил нь комиссын хэдэн гишүүнээс хамаарахгүйгээр зохицуулалт орж байгаа юу? Манайд ер нь нууцгүй юм гэж байна уу? Монголбанкны байр ямар үнээр боссон бэ гэхэд нууц мэдээлэл гээд тамгатай бичиг ирүүлж байна. Энэ хуулийг хэлэлцээ явъя. Нууна гэдэг чинь чононд хонь хадгалуулж байгаа хэрэг юм даа. Өөрөөр өөрийгөө шалгана гэдэг. Хөндлөнгийн юм байх хэрэгтэй. 

МОНГОЛБАНК, ЭНХТАЙВАН

-Эрдэнэсийн сангийн байршил, хадгалалт нууцад хамаарагдаж байгаа. Хяналт шалгалт хийх эрх нь нээгдэж байна. 

Гишүүд асуулт асууж, хариулт авч дуусаад, үг хэлж байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Т.АЮУРСАЙХАН: 

-Бусад нөөцийн асуудлыг хаалттай, нууц байлгана гэж байгааг дэмжихгүй. Нээлттэй байлгах ёстой. Эд зүйлсийг жагсаалтаар нь авъя гээд хүсэлт өгөхөөр хариулт өгдөггүй. Барилга байгууламжийн төсөв нууц биш шүү дээ. Гэрээ, хэлэлцээрүүд төслийн шатанд нууц, гарын үсэг зурсны дараа нууц биш болдог. Нууцаас гаргах хэрэгтэй. Нууцаас гаргаж байж олон нийтийн хараа хяналтад оруулах хэрэгтэй. Монгол Улсын Эрдэнэсийн сан төрийн тусгай хамгаалалтад байх ёстой. Нууцалсан болгон тусгай хамгаалалтад байна гэсэн үг биш. Хариуцлага хүлээдэг байх хэрэгтэй. Хосгүй үнэт зүйл гээд түүнийгээ хэлж чадахгүй л байгаа биз дээ. Нөөцийг нууцлах шаардлагагүй.

Гишүүд үг хэлж дууслаа. Хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хувьд дэмжих нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураав. Санал хураалтад 61 гишүүн оролцож, 32  нь дэмжиж, хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. 

16 : 30
2020-12-17

"Хүний эрхийг хамгаалагч гээд мөнгөтэй хүний карманы хамгаалагч гарч ирэх вий"

УИХ-ЫН ГИШҮҮН Т.АЮУРСАЙХАН: 

-ХЭҮК сайн ажиллах ёстой. Өмнөх арга барилаасаа салах ёстой. Засгийн газрын тэмдэглэл дээр маш тодорхой зааж өгсөн байна. Ажил хийх боломж чинь дутаагүй. Санаачлагатай, шинэлэг байдлаар идэвхтэй ажилла. Хүмүүстээ хүрч ажилла. Амьд явах, эрүүл мэндийн эрх ихээр зөрчигдөж байхад юу хийж ажиллаж байгаа юм бэ? Дахин дахин ийм асуудал оруулж ирээд, шөнө орой мессэж бичээд. Энэ дээр анхаарч ажиллах хэрэгтэй. Хүчин төгөлдөр хууль тогтоомждоо зохих өөрчлөлт оруулах боломж нь байгаа шүү дээ. 

УИХ-ЫН ГИШҮҮН О.ЦОГТГЭРЭЛ: 

-Үзэл баримтлалынхаа хувьд хуулийн төслийг дэмжиж байна. Энэ байдлаараа учир дутагдалтай байна. Жишээ нь, Үндсэн хуульд заасан эрхүүдийг заасан байна. Жагсаал цуглаан хийх эрхтэй гэсэн байна. Сэтгэл санааны хохирлыг арилгана гэх мэтчилэн тунхаглалын шинжтэй зүйл маш их харагдаж байна. Энэ дээр нэлээн анхаарч ажилламаар харагдаж байна. 

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ДАВААСҮРЭН: 

-Энэ хууль дээр миний эргэлзээд байгаа зүйл ХЭҮК-ийн үйл ажиллагаатай давхцаж буй зүйл байна. Хэн хүний эрхийг хамгаалагч мөн гэж хэлэх нь хууль дээрээ байхгүй юм билээ. Хүний эрхийг хамгаалагчид их өргөн хүрээтэй эрх нээгдэж байгаа. Боловсруулалтын хувьд учир дутагдалтай хууль. Би дэмжихгүй байна. Хүний эрхийг хамгаалах тухай зарим заалтууд бусад хуулиудтайгаа зөрчилдсөн байна. Ажил хэрэгч хандахгүй бол замбараагүй байдалд хөтөлсөн, хүний эрхийг хамгаалагч гээд олныг турхирсан, мөнгөтэй хүний карманы хамгаалагч гарч ирэх вий дээ. 

УИХ-ЫН ГИШҮҮН С.АМАРСАЙХАН: 

-Хүний эрхийг хамгаалагч гэдэг өөрийнхөө эрхийг ч хамгаална гэсэн үг. Өөрийгөө хамгаалж чадахгүй хүн хүний эрийг хэрхэн хамгаалах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Нийтийн эрх ашгийг хамгаалах тухай яригдаж байгаа учраас би хуулийн төслийг дэмжиж байна. Албан тушаалтны үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхэд өндөр ач холбогдолтой учраас хүний эрхийг хамгаалагчдын асуудлыг хэлэлцээд, буруу зөвийг нь залруулаад явах хэрэгтэй гэж бодож байна. Хүний эрхийг хамгаалагчдыг хамгаалах ёстой. Гадны улс орнуудад орчин нөхцөл, эрсдэл харилцан өөр байдаг учраас хамгаалах асуудал хөндөгдөж ирсэн. Манай орчин бол харьцангуй тайван. Хууль барьсан бүлэг этгээдүүдэд нэр төр, алдар хүндээ гутаалгуулах байдал гарч байна. Бусдын төлөө явж байгаад аливаа этгээдүүдийн заналд орж нэр өр, ажил амьдралаараа хохирдог жишээ зөндөө байна.

Гишүүд дэмжсэн, дэмжээгүй үг хэлж дууслаа. Хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулж байна. Санал хураалтад 63 гишүүн оролцож, 44 нь дэмжсэнээр гишүүдийн олонхи дэмжих нь зүйтэй гэж үзэв. Иймд хуулийн төслүүдийг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. 

16 : 15
2020-12-17

Ардчилсан нийгэм байгуулаад 30 жил болсон ч хүний эрх маш их зөрчигдөж байна

УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХБААТАР:

-Хүний эрхийн хамгаалагчийн загвар хууль гэж байдаг. Энэ хуулийн гол зохицуулалт энэ хуульд орсон уу? Хүний эрх гэдэг нийтлэг, дэлхийн асуудал. Үндэсний онцлог гэхээсээ илүү загвар хуулиас орсон уу? Хүний эрхийн хамгаалагчийн эрхийг зөрчдөг нь төрийн болон хууль сахиулах байгууллагууд байдаг. Төрийн байгууллагуудаас хамгаалах мехнизмыг хэрхэн тусгасан бэ? Хүний эрхийг хамгаалагчийг хэрхэн таних вэ? Хувь хүн ч байж болно, ашгийн бус байгууллагын төлөөлөл айж болно. Хүний эрхийн төлөө ажиллаж байгаа хамгаалагчаа хэрхэн таних вэ? Ямар хариуцлага хүлээлгэх вэ?

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЦОГТБААТАР:

-НҮБ-ын загвар хуулийг хууль боловсруулах явцдаа хэрэглэсэн. Хүний эрхийн хамгаалагчийн тухай НҮБ-ын Ерөнхий ассамблейн тогтоол бий. Хүний эрхийн дээд комиссариатын газраас дэмжсэн. Хүний эрхийг хамгаалагчийн асуудал гараад ирэхэд анхаарахгүй, үл тоомсорлоод орхиж болохгүй шүү. Бусад хуулийн дагуу хариуцлага хүлээх байлаа ч хариуцлага нь нэмэгдэж байгаа учраас хамгаалж өгч байгаа юм. Их хурлын түвшинд хамтарч ажиллаад, илүү сайжруулаад гаргах боломжтой гэж бодож байна.

УИХ-ЫН ГИШҮҮН М.ОЮУНЧИМЭГ:

-Сүүлийн жилүүдэд хүний эрхийн асуудал их зөрчигдөж байна. Үндсэн хуулиндаа баталгаажуулсан мөртлөө Монголын төрд хүний эрхийн хамгаалалт хангалтгүй байна. Онцгойлон анхаарах цаг болжээ. Гэтэл парламент дамжаад хэлэлцэгдэхгүй яваад байдаг. Цаг нь болсон гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Хүний эрхийг хамгаалж дуугарч байгаа хүмүүсийг цалин, урамшуултай ажиллуулвал үр дүнтэй байх болов уу. Нэгдсэн бодлого хэрэгтэй гэдэг дээр хуулиар зааж өгөх үү?

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЦОГТБААТАР:

-Хүний эрхийн төлөө тэмцэж байгаа хүмүүсээ анхаарах ёстой. Аль болох хэмнэх сэтгэлгээгээр ажиллаж байгаа нь үнэн. Бүр илүү зоригтой алхам хийнэ гэвэл би дэмжинэ. Хүний эрх хуулиар хамгаалагдсан. Монгол Улсад тунхаглалаараа бол маш гоё. Энд сууж байгаа бүх хүн хүний эрх зөрчигдөж байгааг мэдэж байгаа. Үл тоомсорлол гэх мэтчилэн хүний эрх маш их зөрчигддөг. Хамгаалагчид ажлаа хийх боломж олгож өгч, нэмэлт хамгааллыг нь бий болгох хэрэгтэй.  

УИХ-ЫН ГИШҮҮН Х.БОЛОРЧУЛУУН:

-Манай улс арчилсан нийгэм байгуулаад 30 жил болж байна. Гэтэл Монгол Улсад хүний эрх маш их зөрчигдөж байна. Оройтож орж ирж байгаа хууль. Өөрсдийн амь насыг золиослон байж хүний эрхийн төлөө тэмцэж буй хүмүүс Монголд ч бий гэж бодож байна. Эрх зүйн байдлыг нь хамгаалах тухай хууль маш чухал. Хууль гарсан ч ХЭҮК-ийн гишүүд ч хүний эрхийн төлөө сэтгэлтэй байгаа байх гэж бодож байна. Энэ хуулийг гаргахад олон улсын ямар хууль туршлагуудаас санаа авч, хуулиндаа шигтгэсэн бэ? Хүний эрх, өсчийг дээдэлж байж ардчилсан улс гэж яригддаг. ХЭҮК УИХ-ын харъяа байгууллага боллоо. Цалин хөлс, хангамжийн асуудлыг хэрхэн тусгасан бэ?

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЦОГТБААТАР:

-Олон улсын туршлагыг нэлээн авч, хамтарч ажилласан. НҮБ-ын Хүний эрхийн асуудал хариуцсан хатагтай Лолар Монголд ирж ажиллаад, дэмжинэ гэж ярьж байгаа. Өнөөдрийн байдлаар дэлхийн 40-өөд орон хүний эрхийн хамгаалагчдын хууль эрх зүйн нормыг батлаад өгчихсөн байгаа. Хүний эрхийн загвар хуулин дээр үндэслэсэн, илүү сайжруулах боломжтой. Төсөв дээр нь бодож үзэх ёстой гэж яривал би хувьдаа дэмжинэ.

УИХ-ЫН ГИШҮҮН Т.АЮУРСАЙХАН: 

-Хуулийн төсөл дээр гол асуудлаасаа хазайсан зүйл зөндөө байна. ХЭҮК хүний эрхийг хамгаалагч мөн шүү дээ. Та бүхнийг яагаад шүүмжилж болдоггүй юм бэ. Танай байгууллага яагаад хуулиндаа өөрчлөлт оруулж болдоггүй юм бэ? Гол асуудалдаа анхаарах хэрэгтэй. Хүний эрхийн төлөө та бүхэн явах ёстой. Итгэл хүлээлгэсэн, сонгогдсоноос чинь хойш хүний эрх маших зөрчигдөж байна. Одоо эрх, үүргийнхээ дагуу ажиллах хэрэгтэй. 

Гишүүд асуулт асууж, хариулт хэлж дуусаад, хуулийн төслийг дэмжиж буй эсэхээс үг, саналаа хэлж байна. 

15 : 41
2020-12-17

Хүний эрхийн хорооны гишүүдийг сонгохдоо мерит зарчмыг баримтална

УИХ-ЫН ГИШҮҮН Ш.АДЪШАА:

-Ерөнхийд нь дэмжиж байна. Би үг хэлье. Энэ хуулийн төсөл их оройтож гарч байна. Өнөөдөр хүний эрхийг хамгаалах, монгол хүн амьд явах, Үндсэн хуулийн баталгааг хангах асуудал хүн бүрийн үүрэг байх ёстой. Өнөөдөр Монгол хүний эрх хамгийн их зөрчигддөг орон гэж олон улсын байгууллага, судлаачдын судалгаагаар гарсан байна. Гадаадад байгаа, Монгол Улсын иргэд, үндэсний цөөнх, жендер, хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр хүний эрх зөрчигдөж байгааг ХЭҮК хамгаална гэвэл өрөөсгөл болж байгаа юм. Энэ хуулийг нэн яаралтай батлан гаргаж, хүний эрхийг хамгаалах ажилд дэвшил гаргана гэж итгэж байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Н.НАРАНБААТАР:

-Хуулийн төслийг дэмжиж байна. Хуулийн төсөлд хүний эрхийг хамгаалах нь хэн байхыг тодорхойлж өгсөн. Хүний эрхийг хамгаалагчийн эрх, төрийн байгууллага, ААН-ийн нийтлэг үүргийг хуулиар тогтоосон. Хүний эрхийг хамгаалах нэрийн дор хувийн ашиг сонирхол гаргаж, шантаажилдаг. Үүнийг яаж ялгаж шалгах ёстой вэ? Хариуцлага нь Зөрчлийн хуулиар 100 мянган төгрөг гэдэг харьцангуй бага байна.

АЖЛЫН ХЭСЭГ, Д.СҮНЖИД:

-ХЭҮК-ийн дэргэд Хүний эрхийг хамгаалагчийн хороо байгуулна. Комиссын нэг гишүүн ахлаад сайн дураар, МӨХ, иргэний нийгмийн байгууллагууд орж ирэх юм. Төсвөөс зардал гарахгүй. Жилд 32 сая төгрөг зарцуулна. 

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЦОГТБААТАР:

-Хүний эрхийн хороонд шалгаруулах хүмүүс маш ил тод нээлттэй. Бусад хуулиас нэг онцолж байгаа нь жинхэнэ мерит зарчмыг баримтална. Хүний эрхийн чиглэлээр олон улсын байгууллагууд бусад байгууллагуудад ажиллаж байсан хүмүүс ажиллана. Хүний эрхийн асуудал гэдэг өргөн хүрээтэй асуудлыг ХЭҮК-ийн таван гишүүн дангаараа биш, бусад хүмүүсийн оролцоотой гаргаж ирж тавина. Хүний эрхийн түгээмэл эрх зүйн нормуудтай хобогдсон асуудлууд дээр ажиллана. Нэг жижиг зөрчлийн ард олон зуун зөрчил яваа. Тэр зөрчлүүдийг гаргаж ирэх тал дээр анхаарч ажиллана. 

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЦОГТБААТАР: 

-Хүний эрхийн төлөө өөрийн эрх чөлөөг зольж яриад байдаг цөөхөн хүн байдаг юм байна. Дэлхий дээр Нельсон Мандела гэдэг нэг хүн байсан учраас Өмнөд Африкт бүхэл бүтэн тогтолцоо өөрчлөгдөж байсан байна. Хүний эрхийн нийгмийн боловсролыг бий болгоход энэ хэдэн дуугарч байдаг хүмүүс, ар гэр нь хамгаалалттай байх ёстой. Үүний ард хүн бүр эрхээ эдлэх суурийг тавьж өгч байгаа юм. 

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ОДОНТУЯА:

-Хуулийн төслийг дэмжиж байна. Хүний эрхийн төлөө тэмцэгчдийг хамгаалах асуудал чухал. Манайд механизм дутагдаад байгаа юм. Эрх нь зөрчигдөөд байгаа талаар хэнд хандах вэ гэдэг тусгагдсан уу? Онцгой байдлын үед хэнд хандах вэ гэдэг тусгагдсан уу? Механизмтай болж байгаад би баяртай байна. Би Хүүхдийн хамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула гэж байгаа. Төрийн албан хаагч хавсарч хийдэг, маш их ачаалалтай. Энэ дээр хамтарч ажиллаж өгөөрэй гэж хэлэх байна. Ард иргэдийнхээ төлөө зоригтой дуугардаг хүмүүсийг монголчууд хүсээд байгаа.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЦОГТБААТАР: 

-Иргэд хаашаа хандахаа мэддэггүй. Улс орон даяар болж байгаа асуудлуудаар ХЭҮК-т хандаад, ХЭҮК-ийн гишүүд ажиллана гэдэг боломжгүй. Тэдний ажлыг нөхөх, хүний эрхийн чиглэлээр тодорхой ажлууд хийж, тэмцэж байсан, хүний эрх зөрчигдөж буй талаар зоригтой дуугарч, ярьж гаргаж ирж байгаа хүмүүсийн эрхийг хамгаалах тухай асуудал яригдаж байна.  

УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАЯРСАЙХАН:

-Хүний эрх хамгаалагчийг жинхэнэ утгаар ажиллахад хамгаалах эрх зүйн орчин байгаасай гэж бодож байна. Хүний эрхийн хороо ХЭҮК-ийн дэргэд хараат бусаар ажиллана гэж заажээ. Цагдаа, шүүхийн түвшинд эрх нь зөрчигдлөө гэхэд түүний төлөө ямар эрх, үүрэгтэй ажиллах вэ? Хуулийн зохицуулалтад хүний эрх зөрчигддөг. Энэ болгон дээр хүний эрх хамгаалагч хөндөнгрийн хяналт болох хүмүүсийн ажиллах орчин нөхцөлд тодорхой анхаарах хэрэгтэй.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЦОГТБААТАР:

-Хүний эрхийг гутаан доромжлоод, хүний эрхийг хамгаалж байна гэж ярихгүй. Хүний эрхийг хуулийн хүрээнд, олон улсын хүний эрхийн хуулийн тогтолцооны хүрээнд хамгаалж байж хүний эрхийг хамгааллаа гэж ярина. Судалгаа хийгээд, шүүмжлэх юмаа шүүмжлээд, ажиллаад явж байгаа юм. Тэдэнд хамгааллыг нь өгвөл илүү урам зоригтой боломжтой ажиллах юм. Шүүх процесст хөндлөнгөөс оролцох эрх байхгүй.

14 : 24
2020-12-17

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы Баасан гаригийн үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатарын 2020.05.07-ны өдөр өргөн мэдүүлсэн Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ.

Хууль санаачлагийн илтгэлийг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар танилцуулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

13 : 10
2020-12-17

"Дарангуйлагчийг төрүүлэхгүй гэж Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулсан"

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжөөр тоолохоос гадна 100 хувь гараар тоолох санал төсөлд тусгагдсан. Мөн саналаа өгсөн сонгогчдод гар дээр нь бэхэн тэмдэглэгээг давхар хийхээр болжээ.

-УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

-Өмнөх сонгуулийн тухай хуулиудаас ухуулагчийн тоо нэмэгдэж байгаа юм байна. Гэтэл энэ заалтаар ухуулагч нэрээр мөнгө тараалт хийх боломжийг нэр дэвшигчдэд олгодог. Энэ заалтыг яаж өөрчилж байгаа вэ. Ер нь сонгуулиар  хөрөнгө их зардаг байдлыг зогсоох хэрэгтэй. Ухуулагчдын зардлыг бууруулах нь зөв гэж үзэж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд олны танил хүмүүс нэр дэвшдэг учраас ухуулагчдын тоо олон байх шаардлагагүй.

 

-УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

 

-УИХ-ын сонгуулийн тухай хуульд 200 сонгогч тутамд нэг ухуулагч гэсэн заалт орсон. Энэ заалт сонгуулийн зардлыг хамгийн их өсгөж байгаа. Үүнээс татгалзана гэсэн боловч АН-ын бүлгээс энэ саналыг оруулж ирсэн.

-УИХ-ын гишүүн Т.Доржханд:  

-Нэр дэвшигч сонгуулийн зардлын тайланг Үндэсний аудитын газарт өгдөг. Хэрвээ зөрчвөл дараагийн сонгуульд орох боломжгүй болох. Энэ бол олон улсын сайн туршлага юм байна лээ. Энэ заалтыг яагаад хассан юм бэ. Сонгуулийг хамгийн их зардалтай болгодог зүйл ухуулагч нар. Ерөнхийлөгчийн сонгуулиар мэдээллийн технологийг ашиглая. Бид туршаад үзэх боломж байна. Блокчэйнийг ашиглая. Ямар ч зардалгүйгээр санал өгөх боломж байна.  Шинэ Үндсэн хуулиар Ерөнхийлөгч зөвхөн нэг удаа зургаан жилээр сонгогдоно гэж заасан. Одоогийн Ерөнхийлөгч, өмнө нь Ерөнхийлөгч байсан хүмүүс дахин нэр дэвших боломжгүй гэж ойлгоод байгаа. Үүнийгээ хуульдаа тодруулж өгөөч ээ. Маш ойлгомжтой Үндсэн хуулийн заалт оруулчхаад яагаад үүнийгээ тойроод байгаа юм бэ. Одоогийн Ерөнхийлөгч дөрвөн жил ажиллачхаад дахиж сонгогдож 10 жил энэ төрийг удирдах гээд байгаа юм уу. Бид нар ямар ийм удирдагчтай болох нийгмийг байгуулж байгаа юм уу. Өмнөх Ерөнхийлөгч найман жил ажилласан. Нэмэх нь зургаан жил гээд 14 жил энэ төрийг удирдах юм уу. Энэ боломжуудыг хааж өгөх ёстой биз дээ. Дарангуйлагчийг төрүүлэхгүй гээд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулсан биз дээ. Үүнийгээ яагаад тодруулж өгөхгүй байгаа юм бэ.

-УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

Сонгуулийн тайлангийн зардал гэдэг 52 дугаар зүйлийг тэр чигт нь хасаагүй байгаа. Сонгууль их зардалтай болж байгаад тантай санал нэг байгаа. Энэ ганцхан Сонгуулийн тухай хуулиар зохицуулагдахгүй юм байна лээ. Хэд хэдэн хуулиар зохицуулах юм байна. Ерөнхийлөгчийг нэр дэвшүүлнэ, дэвшүүлэхгүй гэсэн асуудал байна. Үндсэн хуулиараа нэр дэвшүүлэхгүй гэчхээд Сонгуулийнхаа хуулиар нээгээд өгчихлөө гэсэн асуудал яриад байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиар Үндсэн хуулийг тайлбарлаж болохгүй.

-УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд: 

 -Тайлангаа өгөөгүй бол дараагийн сонгуульд оролцуулахгүй гэдэг заалт хасагдаагүй. Хуулийн төсөлд хэвээр байгаа.

Үүгээр Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг баталж, чуулганы хуралдаан түр завсарлалаа.

Ш.Адъяамаа

12 : 18
2020-12-17

Чуулган: Орон нутагт төсөв, эдийн засгийн эрх мэдэл шилжинэ

УИХ-ын чуулганаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хорооноос гаргасан зарчмын шинжтэй санал тус бүрээр санал хураалт явуулж дууссанаар хуулийн төслүүдийг эцэслэн батлахад бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. 

Энэхүү хууль нь орон нутгийн барих бага үндсэн хууль гэж хэлж болно. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжтэй холбоотой гурван том өөрчлөлт Үндсэн хуульд орсон учир Үндсэн хуультайгаа нийцүүлж, нутгийн удирдлагын эрхзүйн орчныг боловсронгуй болгох, ялангуяа Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг шинэчлэн батлах шаардлага үүссэн.Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчим дээр суурилсан нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай орон нутагт хослуулах үндсэн дээр засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага тогтоно гэсэн энэхүү суурь зарчмыг үндэслэн уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ. 

Төсөлд Тамгын газрын даргыг Засаг даргыг зургаан жилийн хугацаатайгаар томилно гэж заасан. Энэ нь 2017 онд баталсан Төрийн албаны хуультай холбоотой заалт аж.  Ингэснээр Төрийн захиргааны удирдах албан тушаалтнууд тогтвортой ажиллуулах боломжийг хангаж өгсөн гэж хууль санаачлагчид тайлбарласан. Орон нутгийг бие даалгах, эдийн засаг, нийгмийн асуудлаа шийдвэрлэх эдийн засаг, нийгмийн цогцолбор болгох чиглэлээр  татварын орлогыг орон нутагт бүрэн үлдээхээр зохицуулсан. Ингэснээр сум, орон нутгийн соёлын төв, эмнэлэг, сургуулийн засварын зардлыг улсын төсөвт суухгүй. 

Чуулганы хуралдаан үргэжилж байна.

11 : 47
2020-12-17

“Төсөв нь хүнд байхад ланд-200 авч унадаг Засаг дарга нар байна”

УИХ-ын чуулганаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Байнгын хорооноос гаргасан зарчмын шинжтэй зургаан саналтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлж байна.

-УИХ-ын гишүүн С.Бямбацогт: 

-Улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллах үүрэг бүхий улс төрийн нам, эвсэл,  сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүтцэд аливаа хэлбэрээр зохион байгуулалтын нэгж байгуулахгүй тухай гэсэн заалтыг өөрчилж байна. Үүнийг 2024 оны орон нутгийн сонгуулийн дараа өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Үүнтэй холбоотой суманд улстөрждөг байдлыг таслан зогсоох байдлыг хүчтэй дэмжсэн заалт болж байна уу, сулруулсан заалт болж байна уу. Нэг талаас суманд улстөржихгүй, гэр бүлүүдийг талцуулахгүй байх бодлого явуулах ёстой. Нөгөө талаасаа улсын хэмжээний нам суманд бүтэцтэй байх талаар яригддаг үүн дээр ажлын хэсэг юу гэж үзэж байна.

-УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Сүхбаатар:

-Анх хууль санаачлагчид төсөл дээр оруулж ирэхдээ улс төрийн нам эвсэл, ИТХ бүтцэд аливаа хэлбэрийн нэгж байгуулахгүй, улс төрийн нам сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэж орж ирсэн. Энэ заалт төсөл дээр ажилласан гишүүдийн болон бүлгүүдийн байр суурийг авч үзээд томьёолсон. Төсөлтэй харьцуулахад зөөлөрч орж ирсэн. Гол зорилго бол сумын төвшинд нам нэр дэвшүүлэхгүй гэдгийг намын реформын асуудал ирэх жил яригдана. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа улс төрийн нам үндэсний хэмжээнд нам бодлого дэвшүүлж ажиллана гэж заасан. Шууд утгаараа аймаг, нийслэлээс дээш ажиллахыг заасан. Улс төрийн маргааны нэгжийн хуулийг шийдээд явъя. Сумын төвшинд нам нэр дэвшүүлэх боловч гарч ирсэн нам эвсэл нь иргэдийн хуралдаа бүлэг байгуулж, бүлгэрхэж намын бүлэг хэлбэрээр ажиллах шаардлагагүй. Яагаад гэвэл үндэсний хэмжээнд бодлого дэвшүүлж ажиллаж байгаа болохоор сумын төвшинд үндэсний хэмжээний бодлого гэж байхгүй гэж үзсэн. Дүүргийн төвшинд байж болохыг хууль тогтоогчид гаргаж магадгүй.

-УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:

-Энэ хуулиар орон нутагт төсөв, эрх мэдлийг нь өгч байгаад талархаж байна. Газрын төлбөр, ААН-ийн орлогын албан татварын тодорхой хувь орон нутагтаа үлддэг болж байгаа нь давуу тал юм. Харин орон нутагт улс төржилтийг багасгая гэж байгаа бол баг, хорооны Засаг даргыг дээд шатны Засаг дарга буюу сум, дүүргийн Засаг дарга нь томилдог байвал зүгээр юм. Ингэвэл орон нутагт улс  төржилтийг багасгах маш том алхам болно. Үүнийг хийж чадсангүй.  Мөн хорооны Засаг даргын ажлын албанд тодорхой хэмжээний төсөв тавьж өгөх шаардлагатай байна. 20-30 мянган хүн амтай хорооны айл өрхүүд уулаар нэг тарчихсан байдаг. Засаг дарга нар айлуудаараа явъя гэхээр машин байдаггүй. Дээр нь бичиг цаасны зардал их. Тиймээс хорооны Засаг даргын ажлын албыг төсөвтэй болох эрхийг энэ хуулиар олгоод өгчихсөн бол том дэвшил гарах байсан юм. 

-УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Сүхбаатар: 

-Хорооны асуудал дээр дэвшил гаргасан гэж хэлж болно. 16.4-т баг, хорооны үйл ажиллагааны зардлыг сум, дүүргийн төсөвт тусгайлан тусгана гэж заасан байгаа.  Дээр нь хороог хэсгийн зохион байгуулалттай байхыг баталгаажуулж өгсөн. Баг, хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга шууд томилох асуудлыг Үндсэн хуулиар хязгаарласан. Үүнийг нутгийн өөрөө удирдах ёсыг халсан хэрэг болно гэж үзсэн. Тиймээс бид Үндсэн хуульдаа нийцүүлж, сум, дүүргийн Засаг дарга нь баг, хорооны Засаг даргын нэр дэвшүүлэх ажиллагаанд санал өгч болно гэж оруулсан. Одоогийнхтой харьцуулахад нэг алхам урагшилсан.

-УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

-Орон нутаг төсвөө өөрөө авч явдаг тогтолцоог бий болгож, улсын төсвөөс татаас авдаг асуудлыг зогсоох хэрэгтэй. Төсөв нь хэцүү мөртлөө ланд-200 авч унадаг Засаг дарга нар байна. Хууль дээр хариуцлага холбоотой заалт нэг ч  алга. Аймаг орон нутаг өрөнд орвол ямар хариуцлага тооцох вэ.

-УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Сүхбаатар:  

-Улсын төсвөөс бүгд хараат байна. Зургаан засаг захиргааны нэгж биеэ дааж, бусад нь төсвөөс хараат байгаа. Герман улсад гэхэд гурван муж нь бусдыгаа тэжээдэг. Манай орон нутгийн төсвийн бааз суурь их сул.  Газрын төлбөр, үл хөдлөх хөрөнгийн татвар,  ХХОАТ-ыг аймаг нийслэл рүү биш сум, дүүрэг рүү өгч байгаа. Ингэснээр энэ орлогыг хураах бизнесийн идэвхжлийг дэмжих зүйл явагдана. Энэ бол анх удаа хийгдэж байгаа төслийн томоохон реформ болж байна. Аймаг нийслэлд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 40 хувийг шилжүүлнэ. 

-УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

-Гишүүдийн хэлж байгаатай санал нэг байна. Бид гаргаж байгаа хуулиудад хариуцлагын тогтолцоотой уях энэ асуудал сул байгаа. Хуулийг зөрчвөл яах вэ гэдэг нь бүдэг үлддэг. ИТХ нь хурлаа зарлахгүй бол яах вэ гэдэг асуудалтай хүртэл сая тулгарлаа шүү дээ. Зарлах талаар л хуульд тусгасан болохоос биш зарлахгүй бол яах вэ гэдгийг нь тусгаагүй. Хууль гарснаар орон нутаг эрх мэдлийг өгч байгаа нь сайшаалтай. Одоо гагцхүү орон нутгийн удирдлагууд санаачилгатай ажиллах шаардлагатай.  Аймаг нийслэлд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 40 хувийг шилжүүлнэ гэж хэллээ. Дүүргийг тодруулж өгнө үү. ААН-үүдийг татварыг нийслэл, улсын төсөв татаад авчихдаг шүү. Уг нь хэн хаанаас эх үүсвэр авч байна тэндээ өгөх нь зарчим. Гэтэл нийслэл нь татаад авчихдаг. ААНОАТ-ын 40 хувь гэдэг хэлбэр төдий болж хувирах вий.

-УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Сүхбаатар: 

-ААНОАТ-ын 40 хувь гэдэг бол улсын төсөвт ордог орлого. Үүнийг аймаг, нийслэл рүү шилжүүлж байгаа. Мөн аймаг, нийслэлийн ХАОАТ-ыг сум руу нь өгч байгаа. Газрын төлбөрийг 60:40 хуваадаг байсныг өөрчилж 100 хувь дүүрэг рүү шилжүүлнэ. Мөн үл хөдлөх хөрөнгийн татвар дүүрэгт очно. Нийслэлийн хамгийн суурь орлого болсон орлогынх нь гол хэсгийг үндсэндээ дүүрэг рүү шилжүүлдэг болно гэсэн үг. Өнгөрсөн жил гэхэд 800 гаруй тэрбум төгрөг ХАОАТ-аас төвлөрсөн. Үл хөдлөх хөрөнгийн татвар гэхэд 100 тэрбум төгрөг, газрын төлбөр 70 гаруй тэрбум төгрөг төвлөрдөг гээд үзвэл нийтдээ 1 их наяд төгрөг сум, дүүрэг рүү шилжинэ.

10 : 42
2020-12-17

Төмөр замын тээврийн тухай хуулийг хэлэлцэхийг дэмжлээ

Пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулыг төсөл болон хамт өргөн мэдүүдсэн хуулийн төслүүд хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцээд төслийг хэлэлцэхийг дэмжье гэсэн горимын саналаар санал хураалт явуулахад гишүүдийн 74 хувь дэмжсэн тул төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар хүчин төгөлдөр мөрдөгдөж буй төмөр замын тээврийн салбарын хууль тогтоомжийн хүрээнд үүсээд байгаа зөрчил, давхардал болон зохицуулалтгүй байгаа зарим харилцааг хуульчлах замаар эрх зүйн орчин сайжран, төмөр замын тээврийн салбар хөгжиж, Монгол Улсын эдийн засаг, нийгэмд бодитой, эерэг үр дүн гарна гэж үзэж байгаа юм.Түүнчлэн төмөр замын тээврийн салбарт төрийн бодлогын нэгдмэл уялдааг хангах, төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг төлөвлөлттэйгөөр хэрэгжүүлэх, тээврийн сүлжээг өргөжүүлэн, олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлж, төмөр замын дэд бүтэц, хөдлөх бүрэлдэхүүний өмчлөл, эзэмшил, ашиглалтын эрх зүйн орчин сайжрах юм. Мөн тэдгээрийн үйлдвэрлэл, угсралт, ашиглалт боловсронгуй болж, инновацийг нэвтрүүлэн салбарын шинэ бүтээн байгуулалттай холбоотой үйл ажиллагааг нэмэгдүүлэхэд олон улс, бүс нутаг, гадаад орны дэвшилтэт технологи эзэмших, хөрөнгө оруулалт татах боломж бүрдэж, тээврийн үр ашгийг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж хууль санаачлагчид үзэж байна.

Үргэлжлүүлэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Байнгын хорооноос найруулгын шинжтэй нийт зургаан горимын санал гарчээ. Горимын санал тус бүрээр санал хураалт явагдана.

09 : 19
2020-12-17

УИХ-ын чуулган хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулган өнөөдөр /2020.12.17/ 10.00 цагт хуралдана. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.
 
Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:
1.Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулыг төсөл болон хамт өргөн мэдүүдсэн хуулийн төслүүд /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/;
2.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/;
3.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
4.Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
5.Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Л.Мөнхбаатар нарын 3 гишүүн өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
6.Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
7.Далайчныг сургах стандарт, гэрчилгээ олгох болон ээлжийн ажиллагааны тухай олон улсын конвенцын нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
8.Олон Улсын Эрүүгийн шүүхийн дархан эрх болон эрх ямбын тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
8.Олон Улсын Эрүүгийн шүүхийн дархан эрх болон эрх ямбын тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
10.Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын 4 гишүүн өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
11.Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, хаалттай/.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж