Хятад улс энэ сарын 3-ны өдөр саран дээр төрийн далбаагаа мандуулсан хоёр дахь улс болж түүхэнд бичигдсэн билээ. Сарнаас дээж авахаар хөөрсөн Хятадын “Chang’e-5” хөлөг зорилгоо биелүүлээд, энэ сарын 3-нд дэлхий рүү буцсан юм. “Chang’e-5” хөлөг Хятадын төрийн далбааг сарны гадаргууд зоож, гэрэл зургийг нь аван дэлхий рүү илгээсэн юм. Үүнээс өмнө 51 жилийн өмнө буюу 1969 онд АНУ-ын “Apollo 11” хөлгийн баг саран дээр газардахдаа төрийн далбаагаа сарны гадаргуу дээр зоож байв.
Хятадын “Chang’e-5” хөлөг нь сарнаас хоёр кг орчим хөрсийг авч чадсан ба өнөөдөр /2020.12.17/ Өвөрмонголын газар нутагт амжилттай газарджээ. Ингэснээр Хятад улс нь сарнаас дэлхийд дээж авчирсан гурав дахь улс болж, АНУ, ЗХУ-ын дараа түүхэнд бичигдэж байна.
Хамгийн сүүлд 1976 онд ЗХУ-ын “Луна 24” хөлөг сарнаас 170 гр орчим дээж авчирч байв. Хятад улс 1970 онд анхны хиймэл дагуулаа сансарт хөөргөж, 2003 онд анхны сансрын нисгэгчээ тойрог замд илгээн, 2019 оны нэгдүгээр сард саран дээр өөрийн станцаа буулгасан билээ.
24 настай ТОМ ЭГЧ
Энэхүү түүхэн даалгаврын ард маш чухал үүрэг гүйцэтгэсэн “Chang’e-5” сарны төслийн хамгийн залуу ажилтан 24 настай бүсгүйг Хятад даяар алдаршиж байна. Түүнийг Жоу Чэнью гэдэг бөгөөд Хятадын Гуйжоу нэртэй суурингаас гаралтай. Залуухан сансрын коммандлагч бүсгүй энэ удаагийн төсөл дээр пуужингийн холбогч системийг хариуцан ажилласан ба энэ бол хамгийн чухал ажил үүргүүдийн нэг байсан гэж хамт ажиллагсад нь тодорхойлжээ. Хэдий нас залуу ч чадварлаг мэргэжилтнийг хамт олон нь “Том эгч” хэмээн авгайлдаг байна.
Мөн Хятадын хамгийн том цахим сүлжээ “Weibo”-д сүүлийн нэг сарын турш түүний талаар шуугиж байна. Түүнийг цахим сүлжээ хэрэглэгчид “Хятадын баатар”, “Сансрын Мулан” зэргээр өргөмжлөн магтаж “Та бид 24 настайдаа юу хийж байсан билээ” хэмээн өөрсдөөсөө асуух болжээ. Хэвлэлүүд түүнээс ярилцлага авахаар урт дараалал үүсгээд байгаа ч тэр үүрэгт ажлаасаа өөр зүйлд анхаарлаа хандуулахыг хүсэхгүй байгаа учир ярилцлагын саналуудаас татгалзаж байгаа гэнэ.
Тэрбээр Хятадын сансар судлалын салбарт ажиллаж буй цор ганц эмэгтэй биш ч гэсэн удирдах албан тушаалд хүрсэн хамгийн залуу эмэгтэй гэдгээрээ олны анхаарлыг татаж байгаа юм. Хятад улс нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хүйсийн тэгш байдлыг хуульчилсан байдаг нь дэлхийд хүйсийн тэгш байдлын индексээр доогуур жагсдаг юм. Өнөөг хүртэл Хятадын янз бүрийн салбарт удирдлагын түвшинд эрчүүд давамгайлсаар ирсэн ч сүүлийн үед улс орны чухал албан тушаалд эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо нэмэгдэх болсон байна.
САРНЫ ДАРЬ ЭХ
Хятадын домогт гардаг Сарны дарь эхийн нэрээр нэрлэгдсэн “Chang’e-5” сансрын хөтөлбөрийн гол зорилго нь дэлхийн дагуул сарны гадаргуу дээрх бүтцийг судлахын тулд сарны хөрснөөс дээж авчрах явдал байв. Үүнийгээ ч амжилттай биелүүлж түүхэнд бичигдэж байна. Хятад улс нь сансар судлалын салбарт тэргүүлэгч гүрэн болохоор эртнээс хичээж байгаа учраас “Chang’e-5”-ын амжилт тус улсын хувьд маш чухал ач холбогдолтой юм.
Дэлхийн тэргүүлэх гүрнүүдийн хооронд гариг эрхэсийг эзэгнэх өрсөлдөөн ширүүсч буй энэ цаг үед сансрын судалгаа шинжилгээний ажлууд нь Хятадын хувьд өөрийн улсын технологийн хүчин чадлыг харуулаад зогсохгүй, дэлхийн тавцанд ямар байр суурь эзэлж буйг нь илтгэх чухал салбар болоод байгаа билээ.
“Ромео, Жульетта”-г санагдуулам “Chang’e” дарь эхийн түүхийг мэдэхгүй хятад хүн ховор. Домогт өгүүлснээр дарь эх үхэшгүй мөнхийн рашааныг хүртэхдээ санамсаргүйгээр ганц дуслыг ч нөхөртөө үлдээгээгүйн улмаас саран дээр орь ганцаараа амьдрахаар шийтгэгдсэн гэдэг. Ийнхүү дарь эхийн нэрээр нэрлэгдсэн сарны хөтөлбөрт 20 гаруйхан настай залуу бүсгүй түүхэн чухал үүрэг гүйцэтгэж байгааг хятадын ард түмэн ихэд бэлгэшээж байна.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ