ХӨНДӨХ СЭДЭВ: Хэрэглээгээ танаж, ухамсартай байх нь иргэний үүрэг

Хуучирсан мэдээ: 2020.12.17-нд нийтлэгдсэн

ХӨНДӨХ СЭДЭВ: Хэрэглээгээ танаж, ухамсартай байх нь иргэний үүрэг

ХӨНДӨХ СЭДЭВ: Хэрэглээгээ танаж, ухамсартай байх нь иргэний үүрэг

Засгийн газраас айл өрх, зарим аж ахуй нэгжийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг ирэх долдугаар сарын 1  хүртэл тэглэхээр шийдвэрлэсэн. Энэ нь иргэд, аж ахуйн нэгжүүдэд бэлэн мөнгө тараахаас илүү цаг үеэ олсон бодит дэмжлэг болсон. Харамсалтай нь, цахилгаан, дулааны хэрэглээг тэглэснээр монголчуудын ухамсар, хариуцлагын асуудал давхар хөндөгдөж эхэллээ.  Өөрөөр хэлбэл, цар тахлын энэ хүнд өдрүүдэд хувь хүний ухамсарыг ч давхар сорьж байна.

Төрөөс дулаан, цахилгааны тарифыг тэглэсэн өдрөөс эхлэн эрчим хүчний ачаалал нэмэгдэж, иргэдийн хэрэглээ асуудал дагуулж эхэлсэн.

Эрчим хүчний яамнаас иргэдийг эрчим хүчийг зүй зохистой хэрэглэхийг уриалсаар байтал эсрэгээр нь нийслэлд зуслангийн бүс, гэр хорооллынхны цахилгааны хэрэглээ хэдхэн хоногт эрс өссөн талаар салбарын яамнаас өчигдөр мэдээллээ. Цахилгааны тарифаа тэглүүлсэн иргэд эрчим хүчийг хязгааргүй мэт ойлгож, ДЦС-уудын ачааллыг нэмж, бусдынхаа "эрхэнд" халдаж байна.  Нохой, гахайныхаа үүрийг цахилгаанаар хангаж, орон сууцныхаа цонхоор уртасгагч гарган машиныхаа дор халаагуур залгаж хоносон гээд үнэндээ зарим иргэдийн шунаг зан эргээд эрчим хүчийг хязгаарлах арга хэмжээ авахад хүргэв. Уг нь хаана, хаана ухамсартай хандаж,  ус, тогоо хэмнээд явах нь иргэн бидний үүрэг.

Энэ мэтчилэн онцын шаардлагагүй атлаа цахилгааны зохиомол ачаалал үүсгэсэн нь эрчим хүчний доголдол үүсгэж нийтээрээ хөлдөж болзошгүй аюул тулгарахыг үгүйсгэхгүй. Сүүлийн хэдхэн хоногт  цахилгааны хэрэглээ ердийн үеийнхээс 2-3 дахин өссөний 96 хувийг гэр хорооллынхон эзэлж байгааг салбарын яамнаас онцолсон. Харин орон сууц болон аж ахуйн нэгжийн хэрэглээ 6-7 хувиар өсчээ. Иймд цахилгааны хэт их хэрэглээг танах зорилгоор илүү хэрэглэсэн цахилгаан, дулааны төлбөрөө иргэд төлдөг байхаар зохицуулсан.

Хэрэв иргэд төрийн шийдвэрийг хүндэлж ухамсартай хандсан бол салбарын яамнаас зохицуулалт хийх, цахилгаан хязгаарлах дээрээ тулахгүй байсан. Халдварт өвчний  уршигаар бүх нийтээрээ хямарч буй энэ үед аливаад ёс зүйтэй хандах, цахилгаанаа хэмнэж зөв хэрэглэх нь ч иргэн бүхний үүрэг.

Нөгөө талаас цахилгааны ачааллыг нэмэгдүүлснээр нийтээрээ тоггүй суух аюул нүүрлэхээс гадна хувь хүн өөрөө эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдэлтэй.  Адаглаад л цахилгаан хэрэгслээ, машин техникээ шатаавал хэн хохирох вэ Хэрэв баталгаагүй, чанаргүй цахилгаан халаагууртай бол галын аюулгүй байдал алдагдах шалтгааны нэг болдгийг анхааруулах нь зөв биз.

Цахилгааны хэт их хэрэглээг хянах, аюулгүй байдлыг хангахад Эрчим хүчний зохицуулах хороо, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран ажиллахаар болсон байна.

Сүүлийн хоёр хоногийн хугацаанд Нийслэлийн ОБЕГ-т гал түймрийн найман дуудлага ирсний ихэнх нь цахилгаан халаагууртай холбоотой байжээ. Мөн дугуй засвар ажиллуулдаг иргэн цахилгаан халаагуур залгаснаас, түймэр гарч амиа алдсан харамсалтай хэрэг гарсан

Ингээд иргэдийн цахилгааны хэрэглээнээс үүдэлтэй эрсдэлийн талаар  Нийслэлийн онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Б.Мягмаржаваас тодруулав.

ЦАХИЛГААН ХАЛААГУУР ЗАЛГАЖ ХОНОХ НЬ АМЬ НАСАА АЛДАХ АЮУЛТАЙ

-Цахилгааны төлбөрийг чөлөөлөх болсноор гэр хорооллын айл өрхүүдийн тогны хэрэглээ эрс өссөн. Чанаргүй, стандартын баталгаагүй цахилгаан халаагуур нь галын аюул дагуулах эрсдэлтэйг аюултай. Энэ талаар танайхаас иргэдэд хандаж, сэрэмжлүүлэг, анхааруулага өгч байгаа юу?

-Цахилгааны тарифыг тэглэснээс хойш өнөөдрийг хүртэл цахилгааны аюулгүй байдал алдагдснаас гал алдсан тохиолдол бүртгэгдээгүй. Одоогоор гал түймрийн дуудлага хоногт дунджаар 7-10 бүртгэгдэж байгаа нь ердийн хэмжээнд байгаа юм. Харин цаашид цахилгаан монтажаа шалгаагүй, өндөр хүчин чадал бүхий цахилгаан халаагуур, хэрэгсэл ашиглавал гал алдах эрсдэлтэй. Айл өрхүүдэд 7-8 төрлийн цахилгаан хэрэгсэл байдаг. Үүний дотор цахилгаан халаагуур, ус буцалгагч, хөргөгч зэрэг цахилгаан хэрэгсэл багтаж байгаа юм. Гэр хорооллын айууд ихэвчлэн 2.5 4, 6 мм бүхий цахилгаан дамжуулах утас хэрэглэдэг.Мөн цахилгаан хэрэгслүүд нь 7000-8000 вт-ын хүчин чадалтай. Энэ нь дунджаар 35 ампер  гэсэн үг. Үүнээс илүү өндөр хүчин чадалтай цахилгаан халаагуур, цахилгаан хэрэгсэл ашиглахад өрхийн цахилгааны ачаалал нэмэгдэж, утас хайлах, гал хамгаалагч буудах зэргээс үүдэн ахуйн гал түймрийн голлох шалтгаан болж байна.Цахилгаан халаагуур нь орон байрыг халаах үүрэгтэй ч 24 цагаар ашиглах нь галын аюулгүй байдал алдагдах шалтгаан болно. Цахилгааны ачааллыг нэмэгдүүлж, монтажны утасны хүчин чадлаас хэтэрвэл гал алдах эрсдэл үүснэ. Иймд цахилгаан халаагуурыг тодорхой цагт ашиглах нь зүйтэй. Мөн гэр хорооллын айл өрхүүд байшингийнхаа дэргэд грааштай. Хүйтний улиралд машинаа цахилгаан халаагуур залгаж халаах тохиолдол цөөнгүй. Үүнээс болж гал алдаж, эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирсон тохиолдлууд ч байдаг. Цахилгаан халаагуураар машинаа халаах нь гал алдах өндөр эрсдэлтэй.

-Цахилгаан халаагуураас үүдэлтэй гал алдсан тохиолдол хэр их гардаг вэ. Энэ нь гал түймрийн дуудлага мэдээллийн хэчнээн хувийг эзэлж байна?

-Он гарснаас хойш гал түймрийн нийт 1813 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Үүний 413 нь цахилгааны аюулгүй байдал алдагдсантай холбоотой. Цахилгаан халаагуур, өргөн хэрэглээний цахилгаан хэрэгслийн буруу ашиглалтаас үүдэн галын аюулгүй байдал алдагдсан гэсэн үг.

-Угаарын хийн түлшинд хордож амь насаа алдсан тохиолдлууд цөөнгүй. Цахилгаан ашиглалтын буруугаас болж эрүүл мэнд, амь насаа хохирсон тохиолдлууд бий юу?

-Энэ онд 37 хүн гал түймрийн улмаас угаартаж амь насаа алдсаны дотор цахилгааны хэт их хэрэглээ, ашиглалтын буруугаас болж нас барсан тохиолдлууд ч бий. Хүний амь хохирсон хэргийг цагдаагийн байгууллага шалгаж тогтооно. Ер нь цахилгаан ашиглалтын буруутай үйлдлээс болж, хүний амь нас эрсдэх магадлал маш өндөр. Гал түймэрт амь насаа алдсан шалтгаан нөхцөлийн дийлэнх нь цахилгаан ашиглалт, пийшин зуухны буруу ашиглалт, ил хог хаягдлаас үүдэлтэй гал түймэртэй холбоотой.

-Цахилгааны хэрэглээ, аюулгүй байдалд хяналт бий юу. Айл өрхүүдийн цахилгааны хэрэглээ нэмэгдэж байгаатай холбогдуулан Онцгой байдлын газраас ямар арга хэмжээ авах вэ?

-Цахилгааны төлбөрийг чөлөөлөх Засгийн газрын шийдвэр гарсны дагуу гэр хорооллын айл өрхүүдэд мэргэжил аргазүйн заавар зөвөлгөө өгөхөөр ажиллаж байна. Онцгой байдлын газраас Эрчим хүчний зохицуулах хороо болон бусад холбогдох байгууллагатай хамтран цахилгааны хэрэглээ нь өндөр гарч буй айл өрхүүдэд энэ долоо хоногоос хяналт тавьж эхэлсэн.Цахилгаан хэрэглээ нь ямар шалтгаанаар өндөр гарч байна, мөн аюулгүй байдлыг нь хангуулах чиглэлд мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөх юм. Бид бүхэн өмнө нь аравдугаар сард айл өрхүүдийн галын аюулгүй байдалд хяналт тавьж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байсан. Энэ үед Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн 70 мянга гаруй айл өрхийг  хяналт шалгалтад хамруулахад  160 мянга гаруй зөрчил илэрсэн. Нийт зөрчлийн 40 орчим хувийг  цахилгаан ашиглалтын буруутай үйл ажиллагаа эзэлж байв. Тухайлбал, иргэд нэг залгуурт маш олон цахилгаан хэрэгсэл залгадаг, цахилгаан хэрэгслээ эзэнгүй үедээ  залгуураас салгадаггүй, цахилгаан дамжуулах утсаа ил татсан болон механик гэмтэл авах эрсдэл өндөр, шалбарч муудсан цахилгаан утас ашигладаг зэрэг нийтлэг зөрчил айл өрхүүдээс илэрсэн. Тиймээс иргэдэд анхааруулж хэлэхэд цахилгааны тариф тэглэсэнтэй холбоотойгоор цахилгааны хэлбэлзэл өндөр байх магадлалтай 18:00-22 цагийн үед зөв хэмнэлттэй ашиглах шаардлагатай байна. Өрхийн цахилгааны ачааллаас хэтэрсэн тэжээл хэрэглэхгүй байх хэрэгтэй.Цахилгаан утасны аюулгүй байдлаа шалгаж, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн хүнээр гэрийнхээ цахилгаан утсыг шалгуулахыг зөвлөе.

-Орон сууцны айл өрхүүд цахилгааны аюулгүй байдлаа хангахад юун дээр анхаарах вэ. Мөн ямар зөрчил гарч байна?

-Шинэ жилийн баяр тохиож буй энэ үед айл өрхүүд гацуур, гэрлэн чимгэлэлээр гэрээ чимэглэдэг. Тиймээс цахилгаан дамжуулах утасны чанарт анхаарах хэрэгтэй. Аль болох эвдрэл гэмтэлтэй цахилгаан утас ашиглахгүй байхыг анхааруулъя. Мөн цахилгаан хэрэгслүүдээ шаардлагагүй тохиолдолд залгуураас салгах, өдрийн цагаар эзэнгүй үед гэртээ цахилгаан хэрэгслүүдээ салгахыг зөвлөж байна.Үүнээс гадна сүүлийн үед бага насны хүүхдээ гэрт нь харгалзах хүнгүй үлдээх нь нэмэгдэх хандлагатай байна.Харамсалтай нь, гал түймэрт амь насаа алдсан хүмүүсийн 40 орчим хувийг бага насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Иймд эцэг эхчүүдэд анхааруулахад цэцэрлэг, сургууль амарсан үед хүүхдээ гэрт нь цоожилж, харгалзах хүнгүй үлдээхгүй байх шаардлагатай гэлээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж