Өнөө цагийн хамгийн алдартай видео тоглоомуудын нэг болоод буй “Among Us” хүрээгээ тэлж, "Nintendo Switch" консол дээр нээлтээ хийлээ. InnerSloth компанийн хөгжүүлсэн "Among Us" тоглоом анх 2018 онд нээлтээ хийсэн бөгөөд "twitch" платформын алдартай стримерүүд болон Ардчилсан намаас конгресст сонгогдсон гишүүн Александриа Окасио-Кортез тэргүүтэй хүмүүс тоглож, алдартай болгож байв.
Тоглоомын дүрэм нь их энгийн бөгөөд та бүхний сайн мэдэх хулгайч цагдаа тоглоомтой их төстэй. Задгай сансарт сансрын хөлөг дотор даалгавраа гүйцэтгэхийг зорьж буй энгийн ажилчдын дунд өөрийгөө нууцалсан алуурчин байх болно. Хэрэв та бусадтайгаа нийлж, тэрхүү алуурчинг олвол та тоглоомонд ялна. Харин эсрэгээрээ та алуурчнаар сонгогдвол тун болгоомжтой бусдыгаа ангуучлах хэрэгтэй. Гол нь өөрийгөө бусдад мэдэгдэх учиргүй.
Nintendo компанийн албан ёсны цахим хуудаснаа "Among Us" видео тоглоомыг “онлайнаар болон гэртээ холбогдож тоглох боломжтой, задгай сансар дахь 4-10 тоглогчдын дундын урвалтыг харуулах тоглоом” хэмээн тодорхойлжээ.
Among Us нь 2020 оны хамгийн шилдэг олон тоглогч тоглох боломжтой видео тоглоомоор шалгарчээ. Харин үүний араас Animal Crossing:New Horizons, Call of Duty:Warzone, Fall Guys болон Valorant зэрэг видео тоглоомууд удаалжээ.
Ердөө дөрвөн хүн хөгжүүлэлтийн багт нь ажилладаг уг тоглоомын цоо шинэ “The Airship” газар ирэх 2021 оны эхээр танилцуулагдана.
Өдөр бүр дунджаар 60 сая гаруй хүн Among Us видео тоглоомыг тоглодог бол дэлхий даяар 68.3 сая хүн Nintendo Switch консолыг ашиглаж байна.
Холбоотой мэдээ