“Youtube”-ийн од Жэк Пол мэргэжлийн холимог тулааны урлагийн UFC холбоотой дайсагнасан хэвээр байна. Энэ долоо хоногийн эхээр Жэк Пол Конор МакГрегортой тулалдах хүсэлтэйгээ илэрхийлээд зогсохгүй UFC холбооны ерөнхийлөгч Дана Уайтыг ширүүхэн шүүмжлэв. Хариуд нь Дана Уайт “Би Аманда Нунеьсийг явуулж, түүний өгзгийг өшиглүүлэх хэрэгтэй юм байна” хэмээжээ. Тэгвэл энэхүү хэлсэн үг нь Жэк Полд таалагдаагүй бөгөөд тэрбээр UFC холбооны эмэгтэйчүүдийн хагас хөнгөн жингийн аварга Аманда Нуньесийг энэхүү ярианд оролцуулахыг хүсэхгүй байгаа аж.
Жэк Пол өчигдөр/2020.12.16/ хийсэн мэдэгдэлдээ “Дана Уайт, чиний ярьсан зүйлсийн логик уялдаа холбоог ойлгох гэж хичээе. Чи намайг Конор МакГрегортой тулалдуулахыг хүсээгүй. Учир нь Конор бол дэлхийн шилдэг тулаанчдын нэг, харин намайг зүгээр “youtuber” гэсэн. Гэтэл өнөөдөр хийсэн мэдэгдэлдээ чи Аманда Нуньесийг над руу явуулж, миний өгзгийг өшиглүүлнэ гэж байна. Тэр ч гэсэн агуу тулаанчдын нэг шүү дээ. Дана чи геймерууд, “youtuber”-үүд, инфлуенсьрууд болон боксынхон, энэ бүх арын албаны хүмүүсийг үзэн яддаг юм шиг санагдлаа. Чамайг “Nelk boys”-той ихэнхи цагаа өнгөрүүлдгийг мэднэ. Харин одоо яагаад дотно байдаг шалтгааныг чинь мэдлээ. Учир нь тэд эрэгтэй хүмүүст таалагддаг, чи тэднийг ашиглаж, UFC холбоогоо сурталчилдаг юм байна” хэмээжээ.
Nelk boys гэдэг нь 6.13 сая дагагчидтай Канад "youtuber" залуусын суваг юм.
Мөн тэрбээр өөрийг нь Конор МакГрегортой тулалдуулвал UFC холбоонд ашигтай байх болно гэдгийг ч дурджээ.
Жэк Пол “Харин яг одоо энэ дэлхий дээр UFC холбоог над шиг сурталчлах хүн хүн байхгүй. UFC асар том компани хэдий ч хүмүүс үүнийг нь сайн мэддэггүйг би мэднэ. Хабиб эргэн ирж тулалдана гэхгүй л бол би чиний хувьд хамгийн том мөнгөний тулаан чинь шүү, Дана. Хэрэв чи UFC-ээр дамжуулан их мөнгө олохыг хүсч байгаа бол эртхэн ухаан орж, намайг Конортой тулалдуулсан нь дээр шүү” хэмээн ярьжээ.
Жэк Пол "youtube" дээр 20.3 сая дагагчидтай өнөө цагийн хамгийн алдартай "youtuber"-үүдийн нэг юм.
Жэк Пол Конор МакГрегорыг өөртэй нь тулалдвал 50 сая ам.доллар өгнө гэдгээ амласан юм. Харин тулааныг гурван минутаар найман үе боксын дүрмээр зохион байгуулна гэсэн. Тэрбээр саяхан сагсан бөмбөгийн тамирчин Нэйт Робинсонтой тулалдаж, хоёрдугаар үед хүнд цохилтоор буулган авсан билээ.
Холбоотой мэдээ