АН-ыг "жинхэнэ" шинэчлэх их хурлаас юу хүлээх вэ?

Хуучирсан мэдээ: 2020.12.17-нд нийтлэгдсэн

АН-ыг "жинхэнэ" шинэчлэх их хурлаас юу хүлээх вэ?

АН-ыг "жинхэнэ" шинэчлэх их хурлаас юу хүлээх вэ?

УИХ-ын хоёр ч сонгуульд ялагдал хүлээсэн Ардчилсан нам намынхаа дүрэмд өөрчлөлт оруулж, даргаа сонгохоор бэлтгэж байна. Тус намын Их хурал маргааш, нөгөөдөр буюу арванхоёрдугаар сарын 18,19-ний өдрүүдэд цахимаар хуралдана. Харин их хурлын бэлтгэлийг хангах, намын дүрэмд өөрчлөлт оруулахаар Үндэсний бодлогын хороо /ҮБХ/ нь өнөөдөр хуралдана. Энэ хуралдаанаас ямар шийдвэр гарахаас Их хурлын хувь заяа тодорхой болно гэсэн үг.


АН ДАРГАА ҮБХ-ООС СОНГОХ УУ?

Ардчилсан нам энэ удаад дүрмийнхээ 30 хувьд өөрчлөлт оруулж байгаа гэж мэдэгдэж буй. Дүрэмдээ өөрчлөлт оруулж, Улсын Дээд шүүхэд бүртгүүлсний дараа намын даргаа томилно. Энэ удаагийн дүрмийн өөрчлөлтийн хамгийн чухал зүйл нь намын даргын сонгууль, намын даргыг сонгох.

АН-ын дүрэм намын дарга сонгох /одоогийн мөрдөгдөж буй дүрэм/:

  • Үндсэн дүрмийн 5.17.8-д зааснаар намын дарга чөлөөлөгдсөн бол ҮБХ-ны хуралдаанаас 30 хоногийн дотор намын даргад нэр дэвшигчдийн дунд эхний шатны өрсөлдөөнийг явуулж санал хураан хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг намын Их хуралд өргөн мэдүүлж хэлэлцүүлнэ.

Өмнө нь Ардчилсан нам дүрэмдээ өөрчлөлт оруулж, намын даргаа бүх гишүүдийнхээ дундаас сонгож байсан бол энэ удаад намын удирдлагын зүгээс ҮБХ-ноос нэр дэвшүүлэн томилохоор зүтгүүлж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, намын нийт гишүүдээс олон санал авсан нэр дэвшигчийг бус 340 орчим гишүүнтэй Үндэсний бодлогын хорооноос нэр дэвшүүлэн, томилохоор өөрчлөлт оруулна гэсэн мэдээлэл байна. Ингэхдээ намын даргын сонгуулийг хоёр үе шаттайгаар явуулах ч эхний шатыг Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар, хоёр дахь шатыг намын их хурлаар явуулж, дөрвөн жилийн хугацаатай томилохоор батлахаар бэлтгэжээ. Өөрөөр хэлбэл, намын даргаа ҮБХ-ны хуралдаанаас тодруулж, Их хурлын 1206 гишүүнээрээ баталгаажуулна гэсэн үг. Угтаа бол Ардчилсан намын даргыг бүх гишүүдээсээ санал асууж, хэнээр намаа удирдуулахыг асууж байснаа хүчингүй болгож байна гэсэн үг.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ “УГТСАН” ДҮРМИЙН ӨӨРЧЛӨЛТ

Ардчилсан намын дүрэмд хэрхэн өөрчлөлт орохоос тус намыг хэн удирдах, цаашлаад Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг өрсөлдүүлэх вэ гээд олон асуултын хариу тодорхой болно. Гэхдээ энэ удаагийн Ардчилсан намын дүрмийн өөрчлөлтийг зөвхөн Ерөнхийлөгчийн сонгуульд “зориулсан” өөрчлөлт гэж дүгнэх хэсэг Ардчилсан намд бий. Зургаан сарын дараа болох Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас хэн өрсөлдөх вэ гэдэг өнөөдрийн улс төрийн халуун сэдэв. Тиймээс ч Ардчилсан намын дүрмийн өөрчлөлт улс төрийн хүрээнд анхаарал татаж, Ардчилсан нам дотооддоо зөрчилдөөнтэй байна.

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан нам дотооддоо сонгууль явуулж, нэр дэвшигчээ тодруулж байв.

Харин энэ удаагийн дүрмийн өөрчлөлтөд ҮБХ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигчийг тодруулах асуудлаар нууц санал хураалт явуулж, хамгийн өндөр санал авсан хоёр хүртэлх нэр дэвшигчийг намын Их хуралд танилцуулж, олонхын санал авсан хүнийг нэр дэвшүүлэхээр өөрчлөлт оруулж байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн сонгуульд хэн өрсөлдөх вэ гэдэг нь АН-ын удирдлагын түвшний шийдэх асуудал болж байна гэсэн үг.

2020 оны УИХ-ын сонгуулийн дараа АН-ын дарга С.Эрдэнэ ажлаа өгч, намын даргын үүргийг УИХ-ын гишүүн Ц.Туваан хүлээж авсан. Орон нутгийн сонгуулиар ч Ардчилсан нам МАХН болон бусадтай нэгдэж, үндсэндээ Ардчилсан нам хөл толгойгүй болсон. Түүнээс хойш Ардчилсан нам байрнаасаа хөөгдөж, АН-ын гишүүн асан, одоо Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж буй Л.Болдын байранд нүүж орсон. Чухам энэ цагаас Ардчилсан намын хувь заяа нэг тийш чиглэсэн нь Ерөнхийлөгчийн "явуулга" гэж улс төрийн хүрээнд яригддаг. Ерөнхийлөгчийн хувьд ч дахин сонгуульд өрсөлдөхийн тулд Ардчилсан намаа "тойглох" болсон гэх яриа оргүй биш. Тиймдээ ч Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Болдын байранд нүүж орж, намын даргын үүрэг гүйцэтгэгч нь "Маш их өртэй. Дээрээс нь ямар ч эд хогшилгүй нам хүлээж авсан. Шуудхан хэлэх юм бол гэрээсээ хөөгдөөд гарч байгаа хүн шиг л бид гудманд гарсан" гэж ярьж эхэлсэн нь үнэндээ Ардчилсан намыг "өрөвдүүлэх" өөр нэг хүний улс төр байсан ч байж болох. Ямар ч гэсэн Ардчилсан нам өнөөдөр өртэй, өөрийн гэсэн байргүй, гудамжинд байгаа. Харин дүрмийн өөрчлөлт, дараагийн дарга нь Ардчилсан намыг байртай болгож, гудамжнаас аврах том хариуцлага үүрэх нь ээ.

АН-ЫН ДАРААГИЙН ДАРГА ХЭН БОЛОХ ВЭ?

Нэгэнт намын удирдлагын түвшинд цар тахалтай ч гэсэн намын их хурлаа хийнэ гэсэн шийдвэр гарсан. Тэд хуралдана, намын дүрэмд өөрчлөлт орно. 1206 төлөөлөгч цахимаар хуралдаж, намын дүрмээ өөрчилнө. Харин түүний дараа Ардчилсан намыг ирэх дөрвөн жил хэн удирдах вэ гэдэг сунгаа албан бусаар эхэлнэ. Үүнийг ч АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан хэлжээ. Тэрбээр “Өнөөдрийн байдлаар зэрэглэлийг нэг шат бууруулсан хэдий ч олон нийтийн хурал цуглааныг хорьсон хэвээр байна. Гэтэл жилийн эцэс болж байна. Сонгуульт гишүүдийн маань татвар, тайлангийн асуудал хөндөгдөж байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль ердөө зургаахан сарын дараа болохоор хүлээгдэж байна. Энэ хугацаанд Covid-19 дуусахгүй нь тодорхой учраас энэ өвчинтэй дасан зохицож ажил амьдралаа явуулахаас өөр аргагүй болж байна. Тиймээс цахимаар намын их хурлаа хуралдуулах шийдвэр дээр тогтоод байна. Энд нэг зүйлийг нэмээд хэлэхэд “Намын үндсэн дүрмээ цахимаар хуралдаж өөрчилье. Намын даргаа сонгох хурлаа харин төлөөлгчдөө нэг дох цуглуулж хуралдуулъя” гэсэн санал асуулгууд явуулсан. Энэ асуудлаар намын гишүүдийн 80 гаруй хувь нь цаг алдалгүй дүрмээ шийдье гэсэн санал өгсөн учир цахимаар хуралдахаар болсон” гэдгийг тодотгожээ. Ардчилсан намын одоогийн мөрдөгдөж байгаа дүрмээр 10 гаруй хүн намын даргын сунгаанд оролцохоо мэдэгдсэн.

Тэдний дунд УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, МҮХАҮТ-ын дарга О.Амартүвшин, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нар бий.

Намын байргүй, өртэй байгаа Ардчилсан нам өнөөдөр хэний хаяа манаж, хэний заавраар, хэн яаруулсан учраас ийн дүрэмдээ өөрчлөлт хийх болов гэдэг ирэх өдрүүдэд тодорхой болох биз ээ. Мэдээж хоёр ч удаагийн сонгуульд ялагдсаны дараа АН хэрхэн өөрчлөгдөж, шинэчлэгдэх вэ гэдэг улс төрийн хүрээнд төдийгүй иргэдэд ч хүлээлттэй байгаа ч энэ удаагийн дүрмийн өөрчлөлт нь хэн нэгэнд “зориулсан” дүрэм битгий байгаасай гэсэн хүлээлт  маш өндөр байгаа.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж