Уран бүтээлчид, ажилчдаас тавьсан шаардлага, эсэргүүцлийн дагуу МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Мөн МҮОНРТ-ийн 512 ажилтан одоогийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг огцрохыг шаардаж, АТГ-т шалгуулахаар хандаад байгаа билээ. Хэдийгээр АТГ-аас одоогоор ямар нэгэн хариу тайлбар ирүүлээгүй ч МҮОНРТ-ийн дараагийн дарга хэн болох нь тус телевизийнхний төдийгүй улс төрийн хүрээнийхний анхаарлын төвд байна.
Угаасаа ч МҮОНРТ ялсан намын "дуу хоолой", дарга нарын сурталчилгааны гол зэвсэг болж ирсэн худлаа биш. Тиймээс Үндэсний зөвлөлийнхөн болон дарга удирдлагуудаас гадна хуульд нь өөрчлөлт оруулахгүйгээр тус телевизэд үе, үе гардаг хэрүүл талцал, удирдлагууд болон уран бүтээлчдийн хоорондын зөрчил дуусахгүй гэсэн байр суурийг хэлэх хүмүүс бий. Ямар ч байсан өнгөрсөн долоо хоногт /2020.12.10/ УИХ-аар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг шинээр томилсон. Үндэсний зөвлөлийн гишүүний бүрэн эрх зургаан жилийн хугацаа нь дуусгавар болсон долоон гишүүний оронд УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчөөс тус бүр “өөрсдийн” хүнээ нэр дэвшүүлж, томилуулсан Тодруулбал, Ерөнхийлөгчийн зүгээс сэтгүүлч Ж.Цэсэнг, Засгийн газраас “ITOIM.mn” сайтын эрхлэгч Г.Отгонбаяр, болон "Sound Of Mongolia" компанийн захирал М.Уянгыг, УИХ-аас МҮОНРТ-ийн захирал асан М.Наранбаатар, "Үнэн" сонины эрхлэгч Б.Ганболд, МУСГЗ, нэвтрүүлэгч Д.Цоодол нарыг Үндэсний зөвлөлд дэвшүүлснийг УИХ-аар баталсан. Харин Ч.Батцэнгэлийг МҮОНРТ-ийн ажилчид болон үйлдвэрчний эвлэлийн гишүүд эсэргүүцсэн тул тэрбээр өөрийн хүсэлтээр нэрээ татсан юм.
Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд "Олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захирлыг Үндэсний зөвлөлийн нийт гишүүдийн олонхын саналаар, нууц санал хураалтаар гурван жилийн хугацаагаар томилно" гэж заасан.
Ерөнхий захирлын нээлттэй сонгон шалгаруулалтад А. Энхтуул, С. Адьяасүрэн, М.Амарбаяр, Ш. Отгон- Өлзий, Н. Болормаа, Р. Гандиймаа, А. Бүрэнбаатар, Э. Дагиймаа, Н. Дэмбэрэл, С. Баярмөнх, Д. Хажидмаа, Т. Бат-Оргил, Б. Цондовдорж, Г. Гэрэл, Б.Эрдэнэбаатар, Тү. Батзориг, То. Батзориг нарын 17 хүн өрсөлдөхөөр бодлого, мөрийн хөтөлбөрөө танилцуулжээ. Нэр дэвшигчидтэй хийх ярилцлагын хугацааг энэ сарын 18-ны өдрийн 09.00 цагаас эхлүүлэхээр МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн хурлаар шийдвэрлэсэн байна.
МҮОНРТ: НЭМЭГДЭХҮҮНИЙ БАЙРЛАЛЫГ ӨӨРЧИЛСӨН Ч НИЙЛБЭР ДҮН ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ НЬ
МҮОНРТ-ийг улстөрчдөөс хараат бус байлгахыг тус телевизийн уран бүтээлчид шаардаж буй. Гэвч, тэдний тавьсан шаардлага бас талаар өнгөрөх шинжтэй, улстөрчдийн зүгээс өөрийн хүнээ МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар томилуулахаар ил, далд лобби хийгээд эхэлсэн гэх. Нэр дэвшигчдээс ч Төрийн ордон тойрон "гороолох" хүмүүс цөөнгүй байгаа аж. Гэхдээ мэдээж, улстөрчдийн лобби, оролцоогүйгээр МҮОНРТ-ийн дарга томилогдохгүй нь нэн ойлгомжтой юм. Тэр тусмаа Ерөнхийлөгч болон УИХ-ын даргын зүгээс МҮОНРТ-ийн даргын томилгоонд ихэд анхаарах болсон гэсэн мэдээлэл ч байна. Хуулийн дагуу МҮОНРТ-ийн шинэ Ерөнхий захирлыг шинээр томилогдсон Үндэсний зөвлөл гишүүд томилох ёстой. Гэтэл Үндэсний зөвлөлийн хуучин гишүүдийг ажлаа өгөхөөс өмнө томилгоо хийхээр улайрч байгаагийн ард УИХ-ын дарга байгаа гэсэн хардлага уран бүтээлчдийнх нь дунд байна.
Олон нийтийн телевиз монголчуудын оюун санааны гол дархлаа өв, соёлыг түгээн дэлгэрүүлэгч байх учиртай. Мөн төсвөөс болон олон нийтийн татвараар санхүүждэг учраас тус байгууллага улстөрчдийн биш ард иргэдийн дуу хоолой болох ёстой юм. Энэ утгаараа дэлхийн бүх оронд олон нийтийн телевиз нь хүчтэй байдаг.
Гэтэл манайд МҮОНРТ-ийг улс төрөөс хараат байлгах ашиг сонирхол үеийн үед байсаар ирсэн нь нууц биш. Тус телевиз дэх улс төрийн нөлөөлөл сулрах биш улам хүчээ авч байгааг уран бүтээлчид нь эсэргүүцэж буй.
Арилжааны телевизүүдийн хөтөлбөрийг хуульчилдаггүй. Харин МҮОНРТ-ийн бодлого болон хөтөлбөрийг Олон нийтийн радио, телевизийн тухай хуулиар тусгайлан зохицуулсан байдаг. Харамсалтай нь, үүнийг үе, үеийн дарга нар нь хэрэгжүүлээгүй. Өөрөөр хэлбэл, МҮОНРТ-ийн дарга нар хуульдаа биш томилсон хүндээ л үйлчилж ирсэн. Тиймээс Үндэсний зөвлөлийн гишүүдийг томилох үеэр УИХ-ын гишүүд ч дээрх асуудлыг хөндөж байсан юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Хуульд МҮОНРТ-г хараат бус байна гээд заасан. Мөн МҮОНРТ олон нийтээс зардлаа авч санхүүждэг. Гэтэл олон нийтийн телевиз улс төрийн хараат болоод олон жил болж байгаа"-г сануулсан бол гишүүн Г.Тэмүүлэн “МҮОНРТ-ийн үйл ажиллагаа хараат бус, нам улс төрийн эрх ашгийн ангид байна гэдэг. Гэтэл МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг УИХ-ын түвшинд авчирч, томилгоо хийдэг хайрцагнаасаа салах ёстой"-г хэлсэн.
Гадаадын орнууд төв телевизийнхээ Үндэсний зөвлөлийн гишүүдийн томилгоог парламентын түвшинд хийдэггүй. Харамсалтай нь, Монголд улстөрчид өөрсдийн утсан хүүхэлдэйгээ томилуулж, улс төрийн "зэвсэг" болгон ашиглах асуудал үүгээр дуусахгүй, уран бүтээлчдийн тэмцлийн зорилго хангагдсангүй гэж харж болохоор. Үнэндээ хуулийг нь өөрчлөхгүй бол МҮОНРТ нэг улстөрчийн гараас нөгөө улстөрчийн гарт шилжин явдаг "цом" мэт байсаар байх уу гэсэн асуулт өнөөдөр бахь байдгаараа, хэв хэвээр үлдэж байна. Өөрөөр хэлбэл МҮОНРТ-д нэмэгдэхүүний байрлалыг өөрчилсөн ч нийлбэр дүн өөрчлөгдөхгүй нь.
Холбоотой мэдээ