Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2020.12.16) цахим хуралдаан 14 цаг 35 минутад 57,1 хувийн ирцтэйгээр эхэлж, хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн даргалав. Хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл -ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд Монголын Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд Улсын Их Хурлын гишүүний хууль санаачлах эрх хязгаарагдмал байгаа эсэх талаар тодруулав. Гишүүний асуултад Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж хийсэн тайлбартаа, Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд санаачлах хууль тогтоомжийн талаар урьдчилан төлөвлөж, үндсэн чиглэлд тусгадаг. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэх засаглал ирэх дөрвөн жилийн хугацаанд Улсын Их Хурлаас үүрэг, даалгавар авч, түүнийг ямар үе шаттайгаар хэрэгжүүлэх тухай Засгийн газрын төлөвлөгөө юм. Ерөнхийлөгч болон Улсын Их Хурлын гишүүний хувьд хууль, тогтоомжийг санаачлах бүрэн эрх хязгаарлагдахгүй гэв. Энэ нь Ерөнхийлөгч болон Улсын Их Хурлын гишүүний хууль санаачлах эрхийг бататган өгч байгаа тогтоолын төсөл болохыг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нэмж тодотгов.
Засгийн газраас 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд үг хэлж, зарчмын зөрүүтэй санал гаргав.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд Хүнд болон хөнгөн үйлдвэрийн тухай, Бэлчээрийн тухай, Тариалангийн тухай гэсэн гурван хууль нэмж оруулах тухай зарчмын зөрүүтэй санал гаргав.
Гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Тухайлбал, Хүнд үйлдвэрлэл болон хөнгөн үйлдвэрийн тухай хуулийг 2021 онд, Тариалангийн тухай хуульд 2021 онд нэмэлт, өөрчлөлт оруулах, мөн Бэлчээрийн тухай хуулийг 2021 онд оруулах гэсэн зарчмын зөрүүтэй санал дэмжигдсэн. Ийнхүү тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Хууль зүйн байнгын хороонд танилцуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Холбоотой мэдээ