Цар тахлын үед айл өрх, зарим аж ахуй нэгжүүдийн хэрэглээний эрчим хүч, ус дулаан, хогны төлбөрийг төр ирэх оны долдугаар сар хүртэл хариуцах, нийтдээ 650 тэрбум төгрөгийн санхүүжилтийг “Эрдэнэт” үйлдвэр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд гаргаж байгааг Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлсэн билээ. Энэ нь “Эрдэнэт” үйлдвэр зуун хувь Монголын төрийн өмч болсны ач, тус болохыг Засгийн газрын сайд нар амаа олохгүй магтацгаан, Х.Бадамсүрэнд баяр хүргэцгээснийг бүгдээрээ зурагтаараа харцгаасан.
Үндсэндээ, МАН-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн нэг сюрпириз, У.Хүрэлсүхийн нэр дэвшихээ зарласан үйл явдал энэ байв. Үнэндээ Х.Бадамсүрэнгийн мундагаас илүү Орост байсан өмчөө авч ирсэн хүмүүсийн гавъяа юм даа.
Гэвч, “Эрдэнэт”-ийг Монголын өмч болгоход хичээл зүтгэл гаргасны төлөө өмчөө хураалгуулсан, ял шийтгэл хүлээсэн, муу нэр луу данстай үлдсэн хүмүүсийн тухай хэн ч дурдсангүй, эсрэгээрээ Ч.Сайханбилэг, “сахал” Д.Эрдэнэбилэг нарын гавъяанаас булаацалдах хүмүүс Ардчилсан намын бүлгээс эхлээд цөөнгүй.
Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат “2012-2016 онд Ардчилсан нам “Эрдэнэт”-ийн 49 хувийг ОХУ-аас 100 хувь Монгол Улсын мэдэлд авчирсны хүчинд айл өрх, аж ахуйн нэгжүүдийн цахилгаан, дулааныг тэглэх шийдвэр гаргасан” гэж ганц үнэн үг хэлсэн. Гэтэл Оросоос өмчөө авч ирсэн Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг бусдад давуу эрх олгосон гээд өнөөдөр интерполоор “эрэн сурвалжлуулж”, Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат болон Сангийн сайд асан Б.Болор нарыг шоронд хорьчихсон шүү дээ.
Нөгөө үүрэхийг нь чи үүр, янцалахыг нь би янцаглая гэгчээр, ажил хийснийгээ шоронд хорьчихоод, амаа тослохоор Ерөнхийлөгч Х.Баттулга хүртэл айл өрх, аж ахуйн нэгжүүдийн хэрэглээний эрчим хүч, ус, дулаан, хогны төлбөрийг “Эрдэнэт”-ээс гаргуулах болсон Засгийн газрын шийдвэрийг балиашиглаад зогсож байна. Ёстой л сүүлийн үед сошиалд трэнд болоод байгаа “Миний хөгшин, одоо боль оо” гэдэг үгийг жинхэнээсээ Ерөнхийлөгчид даймаар.
Монголчууд ичих нүүрээ элгэндээ наачихаагүй бол “Эрдэнэт”-ийг зуун хувь Монголд авчирсан хүмүүст талархдаггүй юм аа гэхнээ өсөрхөж болохгүй байлтай
Оросууд сайндаа ч “Эрдэнэт”-ийн 49 хувийг манайд зарсан юм биш. Зүгээр үнэгүй “бэлэглэчихсэн” юм бүүр ч биш. Барууныхны хоригт орж, эдийн засгийн хямралаа давахын тулд “Ростех”-ийн мэдэлд байсан гадаад дахь орд, уурхайнуудын хувьцаагаа зарж, борлуулж эхэлсэн. “Эрдэнэт”-ийн 49 хувийг Хятад, Казакстаны компаниуд сонирхож үнэ хаяж байсан. Хэрэвзээ, Ч.Сайханбилэг УИХ-аар хэлэлцүүлсэн бол “Эрдэнэт”- юун зуун хувь Монголын өмч болох. У.Хүрэлсүх ямар мөнгөөрөө иргэд, аж ахуйн нэгжийн цахилгаан, дулааны төлбөрийг тэглэх вэ дээ. Ц.Даваасүрэнгээс эхлээд л “Эрдэнэт”-ийг улстөржүүлж, Тавантолгой шиг гацаах байсан байлгүй. Тэгээд ч 400 сая ам.долларыг гаргах боломж Монголын Засгийн газарт байгаагүй.
Цар тахлын хүнд хэцүү үед төрийн албан хаагчид, цэрэг, цагдаа, эмч, багш нарын цалин, 400 мянган ахмад, нэг сая гаруй хүүхдийн мөнгө яг цагтаа тавьж буй нь МАН-ын сайных биш. Нөгөө л гэмт хэрэгтэн болгож цоллоод, хилс хэргээр ял хүлээлгээд шоронд хийчихсэн М.Энхсайхан, С.Баяр, С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан нарын гавъяа. Тэдний гавъяаг өөртөө наах гэсэн улстөрчид Төрийн ордон дүүрэн байна. Үнэндээ өнөөдөр Монголын эрх ашгийг нэгд эрэмбэлсэн болгон толгой дараалан шоронд хоригдож байна.
Оюутолгой бол бүрэн ашиглалтад ороогүй төсөл. Нөөцийнх нь 80 хувь газрын гүнд оршдог. Хамгийн агуулга сайтай хүдэрийг эдийн засгийн эргэлтэд оруулах дулд уурхайн бүтээн байгуулалтын ажил 60 хувьтай яваа. Хэн нэгэн сайн эр гадаадын даалгавраар гацаачихгүй бол ирэх 2022 оноос тогтвортой олборлолтоо эхлүүлэхээр төлөвлөсөн. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Монголын эдийн засагт 10 тэрбум ам.долларыг зарцуулсан, цаашид хэдэн арван жил үргэлжлэх уг төслийн буянаар цар тахлын үед Монгол Улс гал алдчихаагүй л байна. Ямар ч байсан 17 мянган хүнийг ажилтай, орлоготой болгосон том төсөл л дөө. Дээр нь Монголын уул уурхайн салбарт оруулж буй боловсон хүчний хөрөнгө оруулалт, ноу-хауг нь мөнгөөр тооцох аргагүй.
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-ЭрдэнэТавантолгойн цахилгаан станцыг ашиглалтад оруулна гэдгээ тог тэглэх хэвлэлийн бага хурлын үеэр амлаж байна лээ. М.Энхсайханд талархах ёстой л доо. Түүний боловсруулсан ТЭЗҮ-гээр Тавантолгойн цахилгаан станцыг барих ёстойгоо МАН-ын дарга нар буцаж, будилж байж л ойлгож авсан шиг. Уг нь аль хэдийнэ барилгын ажлыг эхлүүлчих байтал Ц.Даваасүрэн Эрчим хүчний сайд болсныхоо дараа популизм хийгээд гацаачихсан. Тэглээ гээд Ц.Даваасүрэнд хэн ч хариуцлага тооцоогүй, эсрэгээрээ М.Энхсайхан шоронд хоригдоод сууж байна. М.Энхсайхан 450 мВт хүчин чадалтай станцын нийт хөрөнгө оруулалт нэг тэрбум ам.доллараар тооцож байсан бол “Оюутолгой” компани өнгөрсөн хоёрдугаар сард 300мВт-ын хүчин чадалтай цахилгаан станцын ТЭЗҮ-г Засгийн газарт хүргүүлсэн бөгөөд нийт хөрөнгө оруулалт нь 924 сая ам.доллар хэмээн мэдэгдсэн билээ. 150 мВт-аар бага цахилгаан станцыг бараг нэг тэрбум ам.доллараар барихаар болж байдаг, хэн нь тэгээд жинхэнэ эх оронч вэ гэж үү!
М.Энхсайханы үгээр хөдөлсөн бол аль хэдийнэ Гашуунсухайтын төмөр зам баригдчихсан, өнөөдөр 170 нүүрс машин гарлаа гээд амаа халаглаад суухгүй байлаа. Уул уурхайг үзэн яддаг “эх орончид” хүртэл нүүрсээ зармаар байна гэж хашгирч байдаг шүү. Харамсалтай нь, овоолсон шорооноос Монголд ам.доллар орж ирэв үү аль эсвэл орж ирэх ёстой ам.доллараа алдав уу.
Тэгэхээр хүнд үед Монгол Улсыг чирж яваа уул уурхайн том төслүүдийг хөдөлгөсөн, гацаанаас гаргасан, гадаадад байсан өмчөө авч ирсний төлөө ял шийтгэл хүлээсэн улс төрийн хоригдлуудад өнөөдөр У.Хүрэлсүх талархах ёстой юм. Тэдний хийсэн бүхний ачаар МАН цагтаа цалингаа тавьж, цахилгааны мөнгийг тэглэж байна.
Холбоотой мэдээ