АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп шүршүүрийн ус үсийг нь сайн угааж дийлэхгүй байгаа талаар гомдоллосны дараа тус улсын Эрчим хүчний яам өчигдөр/2020.12.15/ цахилгааны стандартыг хөнгөвчлөх хоёр дүрмийг эцэслэн баталлаа. Эдгээр нь Трампын бүрэн эрхийнхээ сүүлийн өдрүүдэд амжуулан хийж буй газрын тос, байгалийн хий, нүүрсний олборлолт, хэрэглээний хязгаарыг үгүй хийж, эрчим хүчээр давамгайлах бодлогын нэг хэсэг юм.
Ийнхүү шинээр батлагдсан дүрмийн дагуу зарим угаалгын машин, хатаагч зэрэг цахилгаан хэрэгсэл илүү их хэмжээний цахилгаан, ус ашиглах боломжтой болж байна.
Трамп долдугаар сард Цагаан ордны нэгэн арга хэмжээн дээр шүршүүрээс нь гардаг усны хэмжээ өөрт нь таалагддаггүй, үсээ сайн угааж чаддаггүй талаар гомдоллож,"Та нар ер нь яаж болгодог вэ? Шүршүүрт удаан зогсдог юм уу? Та нарын хувьд ямар байдгийг би сайн мэдэхгүй ч миний хувьд үс минь төгс байх ёстой” хэмээн ярьж байсан юм.
Өнгөрсөн жил Трамп “Байгаль хамгаалагч байгууллагууд бидний угаалтуур, тосгуур, суултуур руу өнгийгөөд эхэлжээ. Тэд өдөрт 10-15 удаа нойлынхоо усыг татахыг эсэргүүцэж, нэг л татдаг болгох дүрэм хэлэлцэж байна” хэмээн ярьжээ.
Өдгөө хэрэгжиж буй 1992 онд Конгрессийн баталсан дүрэм ёсоор бол айлуудын шүршүүр минутанд 9.4-өөс дээшгүй литр ус гаргах хүчин чадалтай байх ёстой аж. Трамп, Эрчим хүчний нарийн бичгийн дарга Дан Бруйллитте нарын хэлж байгаагаар тус дүрмийн өөрчлөлт нь хүмүүст өөр өөрсдийнхөө болон гэр бүлийнхээ сонирхолд нийцсэн шүршүүр сонгох эрх чөлөө олгож байгаа гэнэ.
Гэвч байгаль хамгаалагчдын үзэж байгаагаар тус өөрчлөлт усны төлбөр болон бохир усны хаягдлыг огцом нэмэгдүүлэх аюултай аж. Мөн зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар бол Жо Байден Ерөнхийлөгчийн суудалд суумагцаа энэ асуудал дээр тодорхой арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа бололтой.
Эх сурвалж: REUTERS