УИХ-ын дарга Өвөрхангай аймаг дахь Төрийн банкны салбарын үйл ажиллагаатай танилцав

Хуучирсан мэдээ: 2016.03.18-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга Өвөрхангай аймаг дахь Төрийн банкны салбарын үйл ажиллагаатай танилцав

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2016.03.18/ Өвөрхангай аймагт ажиллаж байна. Тэрээр тус аймаг дахь Төрийн банкны салбарт ажиллан, Улсын Их Хурал, Засгийн газраас мал аж ахуйн салбарын хөгжлийг дэмжих, малчдын нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр хууль, тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн явцтай танилцав.

Төрийн банкны Өвөрхангай дахь салбар нь аймгийн төв болон  бүх сумд, Жаргалант, Баянтээг багийн төвүүдэд  нийт 23 салбар нэгжтэй, 132  ажилтантайгаар банкны бүх төрлийн үйлчилгээ үзүүлэн  үйл ажиллагаа  явуулж байна. Энэ оны 02 дугаар сарын 29-ний байдлаар нийт харилцагчийн тоо 138 мянга гаруй болсон бөгөөд нийт зээлдэгчийн тоо 11638-д хүрчээ. Нийт зээлийн үлдэгдэл 34.1 тэрбум төгрөг байгаа талаар салбарын захирал Д.Сүхбат Улсын Их Хурлын даргад танилцууллаа. Нийт зээлийн багцын 40 хувийг цалингийн зээл, 21 хувийг тэтгэврийн зээл, 15 хувийг малчны зээл, 6 хувийг бизнесийн зээл, үлдэх 18 хувийг бусад хэрэглээний зээлүүд эзэлдэг байна. Засгийн газрын тогтоолоор тус салбарын нийт 2323 малчин өрхийн  5.3 тэрбум төгрөгийн зээл  29.5 хувиас 18.0 хувьд шилжсэн. 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс Малчны үйлдвэрлэлийг дэмжих дэд хөтөлбөрийн зээлийг жилийн 10 хувийн хүүтэй олгож байгаа аж. Энэхүү зээлийг олгож эхэлснээс хойш гурван өдрийн хугацаанд 49 малчин өрхөд 140 сая төгрөгийн зээлийг олгоод байгаа талаар салбарын захирал танилцуулсан юм. Мөн судлагдаж буй 38 зээл байгаа бөгөөд 78 сая төгрөгийн зээлийг олгох шийдвэр гарсан байгаа юм байна. Засгийн газрын тогтоол хэрэгжсэн гурван өдрийн хугацаанд Арвайхээр сумын салбар дахь Төрийн банк нийтдээ 200 гаруй сая төгрөгийн зээл олгоод байгаа аж.

Улсын Их Хурлын дарга, 02 дугаар сард гаргасан шийдвэрийн дагуу 29.5 хувийн зээлийн хүү 18 хувь болж буурсан. Харин энэ сарын 15-наас гурван төрлийн баримт бүрдүүлсэн тохиолдолд 10 хувь болгохоор хүсэлт тавьсан хэчнээн зээлдэгч байгааг асуулаа. Одоогийн байдлаар шилжилт хийлгэх хүсэлт ирүүлээгүй байгаа гэдгийг банкны ажилтнууд хэлж байв. 

Ипотекийн орон сууцны 8 хувийн хүүтэй зээлээс хэчнээн нь 5 хувийн хүүтэй зээл рүү шилжсэн талаар мөн тодруулахад, өнөөдрийн байдлаар 10 гаруй зээлдэгчийн 500 орчим сая төгрөгийн судалгааны ажил хийгдэж байгаа бөгөөд ирэх 7 хоногоос олгож эхэлнэ гэдэг мэдээллийг өгөв. Мөн Засгийн газрын уг шийдвэр гарах үед худалдах шатандаа явж байсан 12 зээлдэгчийн 600 гаруй сая төгрөгийн зээлийн хүү 5 хувь болж байгааг дуулгасан. Өмнө нь орон сууцны ипотекийн зээлд хамрагдсан 178 зээлдэгчийн 6 тэрбум төгрөгийн зээлийн хүүг 5 хувьд шилжүүлэх бэлтгэл ажил хийгдэж байгаа талаар Улсын Их Хурлын даргад танилцууллаа. 

Энэ үеэр 10 хувийн хүүтэй малчны зээл олгож байгаатай таарч, иргэдтэй ярилцсан юм. Иргэн Н.Цэрэнбат өнөөдөр зээлийн шийдвэрээ хүлээн авч байгаа бөгөөд “Энэ бол ард түмний талархалыг хүлээсэн сайхан шийдвэр болсон” хэмээсэн. Мөн бусад банкууд энэ төрлийнхөө зээлийн хүүг Төрийн банктай адил хэмжээнд буулгавал тун чухал гэж байлаа. Улсын Их Хурлын дарга, төр Төрийн банкаар дамжуулан бодлогоо хэрэгжүүлж байна. Тус банкинд хандсан, шаардлага хангасан бүх зээлдэгчдийн хүсэлтийг Төрийн банк хүлээн авч ажиллах болно гэв. 

Өвөрхангай аймагт нийт 5 арилжааны банк үйл ажиллагаа явуулж байгаа ба Төрийн банк нь орон нутгийн санхүүгийн  зах зээлийн 23 хувийг эзэлдэг байна. 

Үүний дараа Улсын Их Хурлын дарга  БОЭТ-ийн халдвартын эмнэлгийн үйл ажиллагаатай танилцав. Тус эмнэлгийн барилгыг улсын төсвийн 1.793.811.801 төгрөгийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж, 2015 оны 11 дүгээр сард ашиглалтанд оруулсан талаар аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Сэрчмаа танилцуулсан. Тус тасаг нь 14 албан хаагчидтай, 20 ортой үйл ажиллагаа явуулж байна. Халдварт өвчний дэгдэлттэй холбоотойгоор өнөөдрийн байдлаар 12 ор нэмэн, эмнэлгийн мэргэжилтнүүдийг татан ажиллуулж байгаа аж. 0-9 сартай хүүхдүүдийн дунд томуугийн дэгдэлт өндөр байгаа бөгөөд тус тасгийн зүгээс шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байгаа талаар тасгийн дарга Ц.Анхтуяа хэлж байв. Үйл ажиллагаагаа хүртээмжтэй чанартай явуулахад анхаарч байгаа бөгөөд амьсгалын аппарат, утлагын аппарат, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, монитор, дуслын автомат шахуурга зэрэг тоног төхөөрөмж дутагдалтай байгаа талаар дуулгасан. 

Улсын Их Хурлын дарга дагалдан яваа албаны хүмүүсийн хамтаар тус аймагт шинээр баригдсан орон сууцны барилгуудын бүтээн байгуулалтын ажилтай мөн танилцлаа. 2011-2015 онд төр, засгаас хэрэгжүүлсэн “100 мянган айлын орон сууц”, “Аймаг бүрт 1000 айлын орон сууц хөтөлбөр”-ийн хүрээнд аймгийн хэмжээнд нийт 1136 айлын 31 орон сууцыг орон нутгийн барилгын компаниуд өөрсдийн болон хувийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулсан болохыг аймгийн Барилга хот байгуулалтын газрын дарга Ч.Гүнсэнхорол танилцуулав. 

Мөн 475 хүүхдийн 530 хүүхдийн 7 цэцэрлэг,  7 эрүүл мэндийн төв, 1320 хүүхдийн 5 сургууль, 150 хүүхдийн дотуур байр, 3 спорт танхим, 3 соёлын төв гэх мэт нийт 31 нийгэм ахуйн барилгыг бүтээн босгосон байна. 

Улсын Их Хурлын даргыг дагалдан Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг, Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн, ИТХ-ын дарга Г.Ганболд болон албаны бусад хүмүүс ажиллаж байна.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж