Монголын улстөрчид голчлон амьдардаг Нүхтийнхний эрчим хүчний хэрэглээ өнгөрсөн хоёр хоногт хоёр дахин өсчээ. Амьдардаггүй байшингаа хүртэл цахилгаанаар халааж, тансагласан байх юм.
Энэ асуудлыг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Шадар сайд Я.Содбаатар нар өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар танилцуулахдаа хөндлөө.
Ард иргэд, аж ахуй нэгжүүдийг цар тахлыг хохирол багатай даван туулахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Засгийн газар цахилгаан, дулаан, хогны төлбөрийг төр даах шийдвэр гаргасан. Эл шийдвэр хэрэгжиж эхэлсэн өдрөөс л нийслэлийн хэмжээнд зуслангийн бүс, гэр хорооллынхны эрчим хүчний хэрэглээ огцом өсч, трансформатор хүчдэлээ даахгүй унаж, засвар үйлчилгээ хийх шаардлага үүссэн мэдээлэл хөвөрч эхэлсэн. Мөн салбарын яамны зүгээс иргэдийг эрчим хүчийг зүй зохистой хэрэглэхийг уриалж ирсэн ч ухвар мөчдүүд нь үл тоож, гадаа хонулж буй автомашиныхаа доор халаагуур тавих, 00, тэр бүү хэл амьдардаггүй байшингаа хүртэл цахилгаанаар халааж, хэрэглээг огцом өсгөсөн байх юм.
Ийм ухамсар муутай байж болох уу. Тэр дундаа Нүхтэд хэн, хэн амьдардаг билээ. Төрийн шийдвэрийг хамгийн ухамсартай хэрэгжүүлж, ард иргэдээ зүй зохистой эрчим хүчний хэрэглээнд уриалж байх ёстой улстөрчид нь гол төлөв амьдардаг нүхтийнхний үнэн төрх ийм л байна.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Бид цахилгаан, дулааны төлбөрийг төрөөс даах тогтоол гаргахын өмнө эрсдлийг тооцсон ч хэрэглээг ийм их нэмэгдэнэ гэж бодоогүй, 2-3 дахин нэмэгдсэн. Нэмэгдсэн хэрэглээний 96 хувь нь ахуйн хэрэглээ, тэр дундаа гэр хороололд байна. Харин орон сууц болон аж ахуйн нэгжийн хэрэглээний өсөлт 6-7 хувийн өсөлттэй байна. Хэрэглээ огцом өссөн газрын нэг нь Нүхтэд гарч байна. Энэ байршилд хоёр дахин нэмэгдсэн. Иргэд ашиглахгүй байгаа байшингаа хүртэл халааж, зохисгүй хэрэглээ бий болгож байна” гэсэн юм.
Иргэн, аж ахуй нэгжийн цахилгааны төлбөрийг 2020 оны арванхоёрдугаар сарын 1-ээс 2021 оны долдугаар сарын 1-н хүртэл төрөөс даах шийдвэр гаргаснаар зардлыг “Эрдэнэт” үйлдвэр төрийн өмчит компани хариуцахаар болсон. Нийт дүнг 650 тэрбум төгрөгөөр тогтоосон.
Гэвч хэрэглээ тооцоолсноос огцом өссөн, мөн эрчим хүч доголдох зэрэг эрсдэл гарч буй учраас журам гарган, өнгөрсөн жилийн цахилгааны төлбөрөөс давсан хэрэглээнийхээ төлбөрийг аж ахуй нэгж, иргэн өөрсдөө даахаар болгож, нарийвчиллаа.
Энэ нь ч зөв зохицуулалт юм. Хэрэв ийм зохицуулалт хийж өгөхгүй бол хотоороо ч хөлдөх аюул нүүрлэхийг үгүйсгэхгүй.
Эрчим хүчний яамнаас гаргасан судалгаагаар өнгөрсөн хоногт дараах газруудад цахилгааны хэрэглээ өсөлттэй гарчээ. Тэдгээрээс Нисэх, Яармагийнхны хэрэглээ хамгийн өндөр буюу 54 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй гарсан байгаа юм.
- Нисэх, Яармагийн чиглэлд 54 хувь
- Зуслангийн чиглэлд 31 хувь
- Орбит, Толгойт, Их наран чиглэлд 21 хувь
- Улаан хуаран, Амгалан чиглэлд 19 хувь
- Дэнжийн мянга, Хайлааст, Долоон буудал чиглэлд 16 хувь
- Дарь эх, Ганц худаг, 1, 3, 4-р хорооллын чиглэлд 9 хувь
Монгол Улс өвлийн оргил ачааллын үед нэг өдөрт 1300 мВт цахилгаан хэрэглэдэг. Үүний 200 мВт-ыг ОХУ-аас импортолдог.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ