“Бишээ цаад эзнийг нь” гэдэг шиг Хөдөлмөрийн Үндэсний намын дотоод бужигнааны гол захиалагчид тодорхой болж байх шиг байна. Энэ намыг сонгуульд оролцуулахгүй байх дотор нь тэмцэлдүүлэх сонирхол хэнд байж болох бэ. Мэдээж мөнхийн эрх баригч, албан тушаалтан байх сонирхолтой бүлэглэлүүдэд бий. Мөн уул уурхайг цөлмөгч гадны компаниудад байдаг. Тендерээсээ салбал орлогогүй компанийн эзэд , эрх мэдлээсээ холдвол шоронд орж мэдэх улс төрчид гуравдагч хүчин бодитоор гарч ирэхэд туйлын дургуй байгаа юм.
Хөдөлмөрийн Үндэсний нам бол МАНАН-гаас залхсан түмний хүсэн хүлээсэн гуравдагч хүчин. Харин Хөдөлмөрийн Үндэсний намыг хөлд орохоос нь өмнө түлхэн унагах зорилгоор хэсэг нөхдийг эрх баригчид шургуулсан байдаг. Тэр нөхдийн хүлээсэн үүрэг бол Хөдөлмөрийн Үндэсний намыг 2016 оны сонгуульд оролцуулахгүй байх, хагалан бутаргах юм. Эрх баригчид, олигархууд цоо шинэ улс төрийн хүчин амжилт гаргаж мэднэ гэхээс үхтлээ айж байгаа билээ.
Тийм учраас тус нам дотор өөрсдийн хүнээ шургуулсан нь улам тодорхой болов. Тэдгээр нөхөд өөрсдийгөө Хөдөлмөрийн Үндэсний намын дарга, удирдлагууд гэж зарласан. Эхнэр, нөхөр, найз нөхөд нийлсэн 30 орчим хүн Б.Найдалааг Хөдөлмөрийн Үндэсний намын дарга хэмээн зарлав. 20 мянган гишүүд, дэмжигчид УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг даргаараа сонгосон.
2016 оны 3 сарын 18-ны өдөр Хөдөлмөрийн Үндэсний намын зүгээс УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг даргаараа томилсон гэдгээ Улсын Дээд Шүүхэд бүртгүүлэхээр хандсан. Тэдний хажуугаар хуурамч намын даргаар тодорсон Б.Найдалаа гэсэн бүртгүүлнэ гэж дайрсан юм. 20 мянган хүнээс сонгогдсон С.Ганбаатар, 20 гаруй дэмжигчтэй Б.Найдалаа хооронд илэрхий ялгаа, зөрүү байлаа. Гэтэл Улсын Дээд Шүүх Б.Найдалаа, С.Ганбаатар хоёрыг бүртгэсэнгүй.
Энэ нь тус намыг бужигнуулах, олны хүлээлтийг үгүй хийх сонирхол улс төрийн хүчнүүдэд байна гэдгийг Улсын Дээд шүүх харуулсан юм. Улсын Дээд шүүх зүгээс С.Боргилыг Хөдөлмөрийн Үндэсний намын дарга хэмээн зарлав. Шүүх хурал дээр С.Боргил “Би биш ээ. Манай намын бүх гишүүдээс сонгогдсон дарга С.Ганбаатар” хэмээн мэдэгдсэн ч авч хэлэлцээгүй бололтой. Шүүхийн дараагаар Б.Найдалаа “УИХ-ын гишүүн С.Ганбаатар болон Хөдөлмөрийн Үндэсний намтай зөвшилцөх хүсэлтэй байгаа” гэдгээ илэрхийлж байлаа.
Улсын Дээд Шүүхийн тогтоол хуурамч намын дарга, генсекээр тодорсон нөхдийг албан тушаалыг хүчингүй болгож орхив бололтой. Хөдөлмөрийн Үндэсний намын дарга хэвээрээ гэдгээ зарлуулсан С.Боргил “Хэсэг нөхдүүд бусад улс төрийн хүчний захиалгаар хагалан бутаргах оролдлого хийсэн ч амжилтгүй боллоо” хэмээн мэдэгдсэн юм. Ямартай АН-аас угшилтай Б.Найдалаа Хөдөлмөрийн Үндэсний намыг бужигнуулах гээд баралгүй буу шийдмээ хураалгав бололтой.
М.САНСАР