Буурай орнууд “COVAX” хөтөлбөрт найдаж болох уу?

Хуучирсан мэдээ: 2020.12.16-нд нийтлэгдсэн

COVID-19

Буурай орнууд “COVAX” хөтөлбөрт найдаж болох уу?

Буурай орнууд “COVAX” хөтөлбөрт найдаж болох уу?

“COVAX” бол “COVID-19”-ийн эсрэг вакцины хөгжүүлэлтийг дэмжих, хөгжил буурай болон хөгжиж буй улс орнуудыг тэгш хүртээмжтэй байдлаар вакцинаар хангах зорилготой хөтөлбөр. Уг хөтөлбөрт дэлхийн 180 гаруй орон нэгдээд байгаа билээ. Хөтөлбөрийг ДЭМБ, Европын холбоо, Дэлхийн банк болон Вакцин, дархлаажуулалтын глобаль альянс буюу “GAVI” олон улсын байгууллага,  НҮБ-ын Хүүхдийн сан, Билл ба Мелинда Гейтсийн сан зэрэг олон байгууллагуудын санаачилгаар хамтран хэрэгжүүлдэг.

Хүчирхэг эдийн засагтай улс орнууд covid-19-ийн эсрэг вакциныг хамгийн түрүүнд их хэмжээгээр худалдан авч буй нь бусад хөгжил буурай орнуудын боломжийг хаах магадлалтай болоод байгаа юм. Иймээс “COVAX” санаачлагын гол зорилго нь нэг ч улс орныг хойно үлдээхгүй вакциныг дэлхийн хүн амд тэгш хуваарилах билээ. Хэрэв өндөр хөгжилтэй орнууд вакцины нөөцийг аваад дуусгачихвал, буурай орнууд хоцорч, улмаар энэхүү цар тахал дуусахгүй, дэлхийг тойрон эргэсээр байх эрсдэлтэй гэж мэргэжилтнүүд үзэж байгаа.

“COVAX” хөтөлбөрийн хүрээнд covid-19 эсрэг есөн төрлийн вакциныг гишүүнээр элссэн улс орнууддаа нийлүүлэхээр ажиллаж байна. Улмаар 2021 оны эцэс гэхэд “COVAX” хоёр тэрбум орчим тун вакцин тараахаар төлөвлөжээ. Энэ нь тус хөтөлбөрт хамрагдсан улс орнуудын хүн амын 20 хувьд нь тарааж хүрэлцэх хэмжээ юм. “COVAX” хөтөлбөр нь дараах есөн вакциныг гишүүн орнууддаа тараахаар төлөвлөжээ. Эдгээр вакцинуудын зарим нь эцсийн шатны туршилтаа амжилттай давсан бол зарим нь дөнгөж клиникийн өмнөх туршилтын шатандаа явна.

  • Inovio, АНУ
  • “Moderna”, АНУ
  • CureVac, ХБНГУ
  • Merck компаниас гарган авч буй “Themis Bioscience” вакцин Франц, АНУ, Австри
  • “AstraZeneca”, Оксфордын их сургууль, Их Британи
  • Хонконгийн их сургуулиас гарган авч буй вакцин
  • “Novavax”, АНУ
  • “Clover Biopharmaceuticals”, БНХАУ
  • “CSL”, Австрали

“COVAX” санаачлагыг удирдан явуулж буй “GAVI” байгууллага нь “COVAX Facility АМС” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа ба энэ дэд хөтөлбөрт 92 орныг багтааж, дотор нь бага орлоготой, дундаж, Олон улсын хөгжлийн агентлагийн нэмэлт шаардлага хангасан гэж гурав ангилжээ. Эдгээр улсууд вакцин худалдан авахад эдийн засгийн хувьд хангалттай хүчин чадалтай биш хэмээн үзэж “COVAX Facility АМС” дэд хөтөлбөрийн хүрээнд хүн амынх нь 20 хувийг үнэгүй вакцинд хамруулахаар зорьсон байна. Дэд хөтөлбөрийн санхүүжилтийг Олон улсын хөгжлийн агентлагаас гаргах аж. Хөтөлбөрийн хүрээнд 2020 оны эцэс хүртэл хоёр тэрбум ам.долларын санхүүжилт босгох шаардлагатай байгаагаас одоогоор 700 орчим сая ам.долларыг босгоод байна.  

МОНГОЛ УЛС “COVAX”-Т ДОЛДУГААР САРД НЭГДСЭН

Монгол Улсын хувьд “COVAX” хөтөлбөрт 2020 оны долдугаар сарын 16-ны өдөр албан ёсоор нэгдэн орох хүсэлтээ хүргүүлж нэгдсэн бөгөөд дундаж орлоготой улсын ангилалд багтжээ. Ингэснээр нийт хүн амынхаа 20 хүртэлх хувийг вакцинжуулалтад үнэ төлбөргүй хамруулах боломжтой болсон. Нэмэлтээр хүн амын 40 хувийг хамрах тооны вакциныг уг хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн банк болон бусад олон улсын байгуллагуудын зээл, тусламжаар худалдан авахаар Сангийн яам ажиллаж байгаа талаар албаны хүмүүс мэдээлж байгаа юм.  Өөрөөр хэлбл, Монгол Улс эхний ээлжид нийт хүний амын 60 хувь буюу хоёр сая орчим иргэнээ вакцинжуулахаар төлөвлөж байна. Харин 1.3 сая хүүхдийг вакцинд хамруулахгүй гэж тооцвол хоёр сая орчим насанд хүрсэн иргэд вакцинжуулалтад үнэгүй хамрагдах боломжтой болно.

 ЗӨВХӨН “COVAX”-Т НАЙДАЖ БОЛОХГҮЙ

Энэ мэтээр ядуу буурай орнуудад вакцин тараах талаар дэлхий даяар хүчин чармайлт гаргаж байгаа боловч АНУ, Орос, Хятад зэрэг дэлхийн хамгийн том орнууд энэхүү хүчин чармайлтыг дэмжих бодолгүй байгаа учир “COVAX” хөтөлбөрт санхүүжилт дутагдалтай хэвээр байна.

Ингэснээр “COVAX”-т нэгдсэн улс орон бүр вакциныг хүссэн төлөвлөсөн хэмжээгээрээ авч чадах эсэх нь эргэлзээтэй болж байгаа юм. АНУ, Их Британи, Канад, Япон болон Европын холбооны хөгжингүй орнууд дэлхийн хэмжээнд амжилттай яваа туршилтын вакцинуудын нийт урьдчилсан захиалгын 85 хувийг худалдан авч, баталгаажуулаад байгаа нь дээрх эргэлзээг төрүүлж байна. Канад улс л гэхэд нийт хүн амынхаа 600 хувьтай тэнцэх тун вакциныг урьдчилсан байдлаар худалдан авсан байгаа бол АНУ нийт хүн амынхаа 442 хувь, Их Британи 419 хувь, Австрали 267 хувь, Европын холбоо 246 хувь, Чили 222 хувь, Шинэ Зеланд 117 хувь, Япон 116 хувь, Израиль 110 хувь, Мексик, Индонез тус бүр 83 хувьд ногдох хэмжээний вакциныг худалдан авахаар гэрээ хэлэлцээгээ хийгээд байна.

Эх сурвалж: GAVI, DW, Conversation.com

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж