Дакарын загварын долоо хоног модон дунд болж өнгөрлөө | News.MN

Дакарын загварын долоо хоног модон дунд болж өнгөрлөө

FASHION

Дакарын загварын долоо хоног модон дунд болж өнгөрлөө

Дакарын загварын долоо хоног модон дунд болж өнгөрлөө

Энэ жилийн Дакарын загварын долоо хоногийн зохион байгуулагчид нэг зүйл ойлгуулахыг хичээнгүйлэн зорьжээ. Байгальд ээлтай байх нь өнөөгийн хамгийн дэгжин загвар юм.

Тухайн нутагт тогтоосон цар тахлын хорио цээрээс болж загварын шоунуудыг гадаа талбайд зохион байгуулахаар болсон нь харин ч сонирхолтой зүйл болов. Моделууд хөгшин баобаб моддын дэргэдүүр харц хаялан муур шиг алхах нь үнэхээрийн үзүүштэй байлаа.

Сенегал улсын нийслэл Дакар хотод ийнхүү эх дэлхийн өмнө хүлээх хариуцлага сэдэвтэй зохион байгуулагдсан дээрх арга хэмжээнд нийт 20 загвар зохион бүтээгч оролцож, өөрсдийн бүтээлүүдийг танилцуулжээ. Зөвхөн тайзан дээрээс харуулаад зогсохгүй үзэсгэлэн худалдаа нээсэн нь бөөнөөр үйлдвэрлэсэн хувцаснаас илүү ганц хувь гараар бүтээсэн хувцсанд нугасгүй хүмүүсийн сонирхлыг ихээр татжээ.

Адама Парисын загвар зохион бүтэгч, Дакарын загварын долоо хоногийг үндэслэгч Адама Ндиайе “Маш олон загвар зохион бүтээгчид өөрсдөө ч мэдэлгүй эдэлгээ багатай загвараас удаан хугацаанд өмсөж болох загварт шилжиж байна. Энэ шоунд оролцож буй хувцаснууд бүгд энэ нутгийн бүтээл бөгөөд маш цөөхөн тоогоор бүтээсэн. Хэдэн жилийн өмнө энэ нь бага зэрэг ичгэвтэр санагддаг байсан бол одоо бахархал төрүүлж байна. Энэ бол үнэхээр тансаглал мөн” хэмээн ярьжээ.

Ихэвчлэн барууны том орнуудын үйлдвэрлэгч, үйлчлүүлэгч аль аль нь асар их хувцас шинээр борлуулж, худалдан авч, тэр хэрээрээ асар их олон дахин өмсөж хуучруулж амжаагүй хувцас маш ихээр хаягдаж, үйлдвэрлэлийн бохирдлоор дэлхийг сүйтгэгддэг.

Тухайлбал, 2017 оны судалгаанаас харахад сүүлийн 15 жилийн дотор хүмүүсийн хувцсаа хаяхаасаа өмнө өмсөх дундаж тоо 36 хувиар буурсан байна. Үүнийг дагаад сүүлийн жилүүдэд үйлдвэрээс гарч буй илүүдэл материал, будагч бодис зэрэг дахин боловсруулах боломжгүй хаягдал 100 сая тоннд хүрч, тэр хэмжээгээрээ их хүлэмжийн хий ялгаруулж байна. Жишээлбэл, 2015 онд гэхэд хувцасны үйлдвэрлэлийн ялгаруулсан хүлэмжийн хий дэлхийн нийт нислэг, усан тээврийн ялгаруулах хүлэмжийн хийтэй тэнцсэн юм. Түүнээс гадна будагч бодисын хортой нэгдлүүд дангаараа дэлхийн усны бохирдлын 20 хувийг эзэлж байна.

Энэ жилийн Дакарын загварын долоо хоногт оролцсон хувцаснуудын материалууд ихэнх нь гадаад улсаас, ялангуяа Европ, Хятадаас импортоор орж иржээ. Тайландаас импортлосон түүхий эдээр бүтээлүүдээ хийсэн Ндиайе “Бид бүх зүйлээ өөрсдөө хийгээгүй. Тиймээс эдгээр хувцаснууд 100 хувь Сенегалын бүтээл гэсэн үг биш юм. Гэхдээ бид эднийг бүтээл болгохын тулд маш их хичээсэн юм шүү” хэмээжээ.

Загварын шоунууд байгальд ээлтэй байдлыг сурталчлах зорилготой байсан боловч хаа сайгүй, үйл ажиллагааны сурталчилгаан дээр хүртэл Сенегалыг хуванцар хаягдлаараа дүүргэж буй Кирен цэвэр усны компанийн лого харагдаж байв. Энэ талаар Ндиайе “Үйл ажиллагаагаа амжилттай зохион байгуулахын тулд санхүүгийн тусламж нэн шаардлагатай байсан юм. Түүнээс гадна тус компани дахин боловсруулах үйлдвэртэй болно гэдгээ амласан. Бидний хувьд үзэл бодлоо илэрхийлэх, дуу хоолойгоо өргөхөд хүртэл мөнгөний тусламж асар их шаардагдаж байна” хэмээн тайлбарласан байна.

Эх сурвалж: BBC.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж