Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард Франкфурт, Токио, Сөүл хотууд руу нислэг үйлдэж, өнгөрөгч арваннэгдүгээр сард цуцлагдсан нислэгүүдэд нэрс нь баталгаажсан иргэдийг татан авахаар болсон. Чартер нислэгийн хуваарийн дагуу өнөөдөр /2020.12.16/ Франкфуртын нислэг өглөөний 10.00 цагт хөөрөх гэнэ. Тусгай үүргийн онгоц маргааш өглөө 08.30 цагт эх орондоо газардана.
Гадаадад байгаа 3800 гаруй хүн эх орондоо ирэх хүсэлтээ илэрхийлснээс БНСУ-д 3300, Европын улсуудад 250, АНУ-д 150, Австралид 100 орчим иргэн байгаа аж.
2020 оны арванхоёрдугаар сарын 12-ны байдлаар улсын хэмжээнд 1301 хүн тусгаарлах байранд байгаа бол 70 гаруй зочид буудлын 32-ыг нь цаашид ашиглаж болно гэсэн дүгнэлт гарчээ.
Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлснээр, цаашид "Нэг хүн-Нэг өрөө", "Нэг өрх-Нэг өрөө" зарчмыг хатуу баримтлан, зочид буудлын коридорт камер суурилуулан, хөдөлгөөн гарсан тохиолдолд зарлан мэдээлэх систем бий болгож байгаа аж.
Энэ удаагийн нислэгээр ирэх иргэдийг 14 хоног тусгаарлах юм. Иймд тусгаарлах байр, хоолны зардлын мөнгөө 21 хоногоор төлсөн иргэд өргөдөл, шилжүүлгийн баримтын хуулбар, бичиг баримтын хамт авчирч, зөрүү мөнгөө авна уу гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлжээ.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ