Бразилчууд ерөнхийлөгчдөө итгэл алдав | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Бразилчууд ерөнхийлөгчдөө итгэл алдав

Хуучирсан мэдээ: 2016.03.18-нд нийтлэгдсэн

Бразилчууд ерөнхийлөгчдөө итгэл алдав

 

Бразил улсад томоохон улстөрийн хямрал үүсээд байна. 1990-ээд оны эхээр анхны ардчилсан ерөнхийлөгчөө огцруулсан улстөрийн үймээн самуунаас хойш үүн шиг хямрал тус улсад гарч байгаагүй юм.

 

Ерөнхийлөгч Дилма Русефф, ерөнхийлөгч асан Луис Инасиу Лула да Силва нарын утасны яриа Бразилийн шүүхийн гарт орсон нь улстөрийн байдлыг улам ээдрээтэй болгож орхив. Утасны яриа нь хээл хахуулийн хэрэгт орооцолдсон Луис Инасиу Лула да Силвагийн мөрдөн байцаалтад саад хийх тухай утсаар ярьсан бичлэг  байжээ.

 

Бразилийн ерөнхийлөгч Дилма Русефф Луис Инасиу Лула да Силваг энэ сарын 17-нд Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар томилсны дараа шүүх үүнд хориг тавьсан билээ. Үүнээс болж Бразилийн 15 хотод иргэд гудамжинд гарч ерөнхийлөгч болон экс ерөнхийлөгчийн хуйвалдааныг эсэргүүцэн жагсч байна.

 

2003 онд Лулагийн Хөдөлмөрийн нам сөрөг хүчнийг ялж, улс төрийн тавцанд гарснаас  хойш Луис Инасиу Лула да Силва,  Ерөнхийлөгч Дилма Русефф нарын улс төрийн бодлого Бразилийн төрийн бодлогыг тодорхойлж ирсэн билээ.

 

Өнгөрсөн онд улсын нэр дээр хуурамч данс үүсгэсэн хэрэгт сэжиглэгдэж буй ерөнхийлөгч Дильма Русеффт Конгресс итгэл хүлээлгэхгүй бол тэрбээр ерөнхийлөгчийн суудлаас огцрох болоод байгаа юм.

 

Харин экс ерөнхийлөгч Лула барилгын компаниудаас бэлэг сэлт авсан хэргээр шалгуулж байгаа аж. Өнгөрсөн ням гаригт Бразилийн түүхэн дэх хамгийн олон хүн оролцсон эсэргүүцлийн жагсаал болж, Дилма Русеффийг огцруулж, Лулаг шоронд хийхийг шаардсан билээ.

 

Ээдрээтэй цаг үе

 

Хээл хахуулийн хэрэгт орооцолдсон улстөрчид нэг бол огцорч, үгүй бол шоронд орж дуусдаг. Гэхдээ засгийн эрхэнд буцаж гардаггүй.

 

Харин Бразилд энэ бүхэн эсрэгээрээ болж байгаа аж. Дилма Русефф хээл хахуулийн хэрэгт орооцолдсон экс ерөнхийлөгчийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томилсон нь олныг гайхашруулсан билээ.

 

Дилма Русефф яагаад ийм шийдвэр гаргаснаа “Түүний улс төрийн туршлага, төрд зүтгэх хоёргүй сэтгэл юу юунаас илүү чухал” хэмээн тайлбарласан юм.

 

Харин Лулаг эрүүгийн хэрэгт яллагдахаас хамгаалахын тулд албан тушаалд томилсон гэдэг шүүмжлэлийг Ерөнхийлөгч Дилма Русефф үгүйсгэсэн юм.

 

Шүүгч баатар болов

 

Бразилийн улс төрд үүсээд буй ээдрээтэй нөхцөл байдалд тайлбар өгөх утас яриаг олж илрүүлсэн шүүгчийг Бразилчууд баатар мэт үзэх болжээ. Ерөнхийлөгч болон экс ерөнхийлөгч хоёрын нууц хуйвалдааныг илчилсэн утасны яриаг олон нийтэд дэлгэсэн хүн бол Холбооны шүүгч Сержио Моро аж.

 

Тэрбээр Бразилийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийг шүүж байсан билээ.

 

Ирэх тавдугаар сард Бразилид Ерөнхийлөгч Дильма Русеффт итгэл хүлээлгэх эсэх асуудлаар Конгресс санал хураах юм. Харин Бразилчууд ерөнхийлөгчдөө хэдийн итгэл алджээ.

 

Н.ЭНХ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-03-18 110.174.142.47

Итгэл алдрав гэдэг юм даа. Хэрвээ ард түмэн ерөнхийлөгчийнхөө итгэлийг алдсан бол итгэл алдав гэж бичиж болох юм

Зочин 2016-03-18 110.174.142.47

Итгэл алдрав гэдэг юм даа. Хэрвээ ард түмэн ерөнхийлөгчийнхөө итгэлийг алдсан бол итгэл алдав гэж бичиж болох юм