Хятад ногоо Монголын хэрэглээний 80 хувийг эзэлдэг

Хуучирсан мэдээ: 2020.12.16-нд нийтлэгдсэн

Хятад ногоо Монголын хэрэглээний 80 хувийг эзэлдэг

Хятад ногоо Монголын хэрэглээний 80 хувийг эзэлдэг

Хүнсний хэрэглээгээ дотоодоос хангах  нь үе, үеийн Засгийн газрын нэг бодлого байсан. Тиймээс хүний ногоо тарьдаг хүмүүсийг төсвийн сангаас дэмжиж, санхүүжүүлсээр ирсэн. Хүнсний ногооныхоо 60 хувийг дотоодоосоо хангадаг гэж салбарын яамны статистик судалгаа байдаг ч хөл хорьж, хил хаангуут нарийн ногоо тасарсан гэх шүүмжлэл  гарсан.   Ямар сайндаа л  цахим орчинд  “Хил хаагдахад монголд тарьсан нарийн ногоо тасардаг” хэмээн иргэд  хошигноод амжсан.   Энэ талаар “Асрал” агропаркийн захирал Х.Алтанцацралттай ярилцлаа. 


-Нарийн ногоо ховордоход юу нөлөөлсөн гэж та үзэж байна вэ?

-Өргөст хэмх, улаан лооль,  бууцай, салатны навч, яншуй болон бусад навчит ногоонууд зэх зээлд үзэгдэхээ байсан. Байгаль орчин цаг уурын нөхцөлөөс шалтгаалаад зуны хүлэмжүүдийн бүх тариалалт зогссон. Монголд гарын таван хуруунд багтахаар цөөхөн өвлийн хүлэмж ажиллаж байгаа. Ерөнхийдөө жилийн дөрвөн улиралд ногоо тарих аж ахуй сүүлийн хэдэн жил хөл дээрээ тогтох гэж хичээж явна. Хамгийн гол нь Монголын цаг агаарын эрс тэс уур амьсгалд нарийн ногоо тарих хүндрэлтэй. Зарим нутгаар шөнөдөө -30 градусаас дээш хонож байна.  Нарийн ногоо тариална гэдэг нь амьд ургамлыг ургуулна гэсэн үг.  Бидний өдөр тутам хүнсэндээ хэрэглэдэг нарийн ногоо нь дулаан, чийг бусад арчилгаа нөхцлийг хамгийн ихээр шаарддаг. Өвлийн улиралд амьд ургамлыг ургуулахын  тулд өвлийн хүлэмж, дулааны хангамж бусад дэд бүтэц шаардагдана. Үүнээс гадна өдөр тутмын арчилгаа сэтгэл зүтгэл шаарддаг. Монгол орны нөхцөлд 6-9 сарын хугацаанд нарийн ногоо  ургуулах боломжтой. Нарийн ногоо нь ил талбайд тариалдаг төмс, лууван болон бусад ногоог  бодвол удаан хугацаанд зооринд хадгалах боломжгүй. Ерөөсөө өдөр тутамд шинээр нь хэрэглэж байж хүнд хэрэгтэй шим тэжээлээ өгдөг. Хоёрдугаарт өвөл нарны элч муу учраас өндөр хэмжээний дулаан, чийг, нарны гэрэл шаарддаг өргөст хэмх, улаан лоолийн  ургах хугацаа болон жимс нь боловсрох гэж их уддаг.  Жин нь хүртэл багасдаг. Энэ жил өвлийн улиралд нарийн ногоо тариалахад төрийн бодлого шийдвэртэй холбоотой бэрхшээл, хүндрэл  гарсан.

-Ямар?

-Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Туул тосгонд манай хүлэмжийн аж ахуй бий. Засгийн газраас агаарын бохирдолтой тэмцэх зорилгоор түүхий нүүрсийг энэ жилээс эхлэн хэрэглэхийг бүр хориглосон.  Ингээд шахмал түлш түлж хүлэмжийн дулааны асуудлыг шийдэхээс өөр аргагүйд хүрсэн. Харамсалтай нь шахмал түлшний элч нь  шөнөдөө -30 градус хүрч байгаа энэ үед хүлэмжийг шаардлагатай дулаанаар хангаж чадахгүй байна. Үүнээс болоод хүлэмжээ хөлдөөсөн. Ерөнхийдөө 1000 метр квадрат талбайг халаах зууханд шахмал түлшний элч нь хүрэлцэхгүй байна гэсэн үг.  

Тиймээс байгаль цаг уур болон бусад хүчин зүйлүүдээс улбаалан монголын зах зээлд нарийн ногоо хомсдсон.  Ялангуяа Монголд ургуулсан өргөст хэмх, улаан лооль дууссан.

Навчит ногооны хувьд зуны улиралд үр суулгаад 30-35 хоногийн хугацаанд хураадаг байсан бол  одоо өвөл болж нарны элч буурсан учраас 50-иас дээш хоногт гарч байгаа. Өнгөрсөн дөрвөн жил түүхий нүүрс түлээд шинэ жил, цагаан сарын үеэр нарийн ногоонуудаа худалдаж байсан. Тиймээс амьд ургамал тарьж байгаа аж ахуй нэгжүүдийг төр  тусад нь анхаарч шийдвэртээ уян хатан хандах хэрэгтэй юм болов уу л гэж бодож байна. Хэрэв төрийн зохицуулалт сайн бол өвлийн улиралд бүх төрлийн нарийн ногоог тарьж ургуулах боломж бүрэн байгаа.

-Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэхээр Хятадаас оруулж ирсэн нарийн ногооноос Монголд тарьсан нь илүү үнэтэй байдаг. Гэтэл хэрэглэгчид хямд үнийг нь сонгоно. 

-Хүмүүс “Хил хаасантай холбогдуулаад монгол ногоо байхгүй болчихлоо” гээд байна. Ер нь  зах зээлд шилжсэн 30 жилийн хугацаанд хятад  ногоо Монголын хэрэглээний 80-аас дээш хувийг эзэлсээр ирсэн.

Хятад ногоог худалдаалдаг дэлгүүр,зах, худалдааны төвүүд байнга монгол ногоо гэж худлаа хэлж иргэдийг хуурдаг.Энэ нь хил хаасантай холбогдуулан ил болж байгаа юм.

Сүүлийн жилүүдэд монголчууд  эрүүл мэнддээ анхаарч  нарийн ногоо хэрэглэх нь ихэссэн. Нарийн ногооны эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж байгаа энэ хэрэглээг хангахын тулд төрийн дэмжлэг бидэнд  хэрэгтэй байна. Жилийн дөрвөн улиралд ажилтай, орлоготой байх ганц арга нь өвлийн хүлэмжийн аж ахуй юм. Гадаа -30 градус байхад дотор + 20 градус байх хүлэмжид мэдээж  багагүй хөрөнгө, мөнгө  шаардагдана. Бүгд зээл хөөцөлдөөд явж байгаа ч бүтэхээсээ бүтэхгүй нь их. Харин яагаад монгол ногоо үнэтэй байдаг вэ гэхээр бид нар химийн болон янз бүрийн бордоо хэрэглэдэггүй. Монгол ногоочид  байгалийн жамаар нь органик ногоо тарьдаг. Хятадаас ирсэн ногооны дундаж үнээр л  борлуулалт хийдэг шүү дээ. Дэлхий даяар органик, байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүнийг эрхэмлэж, хэрэглэж байхад манайхан импортын химийн хольцтойг нь  худалдан авдаг.  Тэгсэн мөртлөө Монголынхоо цэвэр бүтээгдэхүүнийг хямдхан байх ёстой хэмээн үнэгүйдүүлдэг. Үүнтэй хамт монгол хүний ур ухаан, хөдөлмөр бүтээлийг давхар үнэгүйдүүлж байгаа юм.

Тэгвэл таны ажиллаж буй салбарын тань өнөөгийн нөхцөл байдал ямар байна гэж  дүгнэж байна вэ?

-Хятад ногооны гарал үүсэл нь тодорхойгүй. Бээжингээс нааш тарьж, зардаг газар байхгүй. Цаашаа дулаан газарт тарьсан ногоог Бээжинд түгээж, түүнийг нь Өвөрмонгол ченжүүд авна. Барсын ченжүүд Эрээнээс татна, түүнийг нь жижиглэнгийнхэн авч дэлгүүрүүд, аймгууд руу явуулна гэх жишээтэй. Жимс, ногоо энд ирэх хүртлээ 7-10 хононо. Аль болох хямд тээврээр нааш ирж байгаа учир хадгалалт, тээвэрлэлтийн горим алдана. Тэгэхээр 7-10 хоноод 4-5 гар дамжаад ирж буй хүнсний ногоо ямар байх уу. Дээр нь ямар үрээр, юугаар бордож, яаж тарьсан, хэрхэн хураасан, хэрхэн тээвэрлэж ирсэн гээд асуудал гарч байгаа юм. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж