CD Projekt Red компанийн найман жил хөгжүүлсэн "Cyberpunk 2077" видео тоглоом саяхан нээлтээ хийж, дэлхий нийтийг байлдан дагуулсан ч сүүлийн өдрүүдэд тус видео тоглоомтой холбоотой санал гомдлууд тасрахгүй байна. Ялангуяа Playstation 4, Xbox One зэрэг консолууд дээр гацаж, алдаа их гарч хэрэглэгчдийн хүлээлтэнд хүрэхгүй байгаа аж.
Үүнтэй холбогдуулан CD Projekt Red компанийн зүгээс мэдэгдэл гарган, долоо хоногийн дотор техникийн бүхий л асуудлуудыг шийдсэн “update”-ийг гаргана гэдгээ мэдэгдлээ. Тус компанийн мэдэгдэлд “Бид PS4 болон Xbox One консолууд дээр бүтээгдэхүүнээ сайжруулах тал дээр илүү их анхаарал хандуулах болно” хэмээжээ. Мөн тус компанийн зүгээс "Cyberpunk 2077" видео тоглоомыг дижиталаар худалдан авсан хүмүүсийг эргүүлэн мөнгөө авах боломжтой гэдгийг сануулав. Харин дискээр худалдан авсан хэрэглэгчдийг видео тоглоомоо буцаахыг хүсвэл худалдсан дэлгүүртэйгээ эсвэл "CD Projekt Red" компанитай холбогдохыг зөвлөжээ.
Найман жилийн хугацаанд видео тоглоом сонирхогчдын дунд өндөр хүлээлтийг үүсгэсэн "Cyberpunk 2077" нь өнгөрсөн Пүрэв гаригт нээлтээ хийсэн бөгөөд энэ хугацаанд сошиалаар тус тоглоомыг алдаа заасан, гацсан, дүрслэл нь алдагдсан гэх мэт олон зуун гомдлууд гараад байсан юм.
"Cyberpunk 2077" видео тоглоомыг бүтээх гэж 500 гаруй хүн найман жилийн турш хөгжүүлсэн бөгөөд Холливудын алдарт жүжигчин Киану Ривз энэхүү тоглоомонд дүр бүтээгээд амжсан. Үйл явдлын хувьд техник технологи, хиймэл оюун ухаан өндөр хөгжсөн хэдий ч хулгай дээрэм, хууль бус зүйлсээр дүүрсэн 2077 оны Шөнийн хотод өрнөнө. Та гурван төрлийн амьдралаас сонголтоо хийж, V хэмээх нэрийн дор тоглоомоо эхлүүлнэ.
Одоогоор тус видео тоглоом нь 2020 оны шилдэг компьютерийн тоглоом, 2020 оны хамгийн их хүлээлт үүсгэсэн тоглоом, 2020 оны Playstation консолын хамгийн шилдэг тоглоомоор тус тус тодроод байна.
Холбоотой мэдээ