"Youtube"-ийн од залуу Жэк Пол Ирланд тулаанч Конор МакГрегорыг өөртэй нь боксын рингэнд тулалдвал 50 сая ам.доллар өгөхөө амлажээ. Тэрбээр энэ долоо хоногийн эхээр 57 секундын бичлэгээ цацсан юм. Энэхүү бичлэгтээ Конор МакГрегорт 50 сая ам.доллар амлаж, түүний эхнэрийг доромжилж мөн холимог тулааны од Дастин Пойрье болон UFC холбооны ерөнхийлөгч Дана Уайт нарыг өдөөд амжжээ.
350 мянган ам.долларын Ламборгинид суусан Пол “Юу байна даа, Ирланд хулчгараа? Чамайг одоо шөнийн цэнгээний газар хэдэн хөгшин гаруудыг зодож байгаа байх гэж бодож байна” хэмээгээд “Манай багийн зүгээс өнөөдөр өглөө чам руу 50 сая ам.долларын санал явуулсан. Чиний амьдралын хамгийн том тулааны саналыг явууллаа. Гэхдээ чи надтай тулалдахаас айж байгаа, Конор. Чи одоо салгалж байгаа. Учир нь чи жирийн нэг "youtuber" залууд ялагдахыг хүсэхгүй нь мэдээж. Чиний боксын замнал 0-1 байгаа шүү. Харин би боксын замналдаа нэг ч ялагдаагүй 2-0 гэсэн амжилттай яваа” хэмээн бичлэгтээ ярьжээ.
Мөн тэрбээр Конор МакГрегорын ээлжит өрсөлдөгч Дастин Пойрьег нохойноос нь бага инстаграмын дагагчидтай гэж доромжилжээ. Үүнийхээ дараа UFC холбооны ерөнхийлөгч Дана Уайтад хандан “Дана Уайт, чи ч гэсэн ялгаагүй новш. Муу халзан хөгшин. Чи энэ тулааныг явагдах ямар ч боломжгүй гэж байсан. Харин үнэндээ чамд энэ тулаанаас олж авах юм юу ч байхгүй. Конор ч айсан, Дана ч айсан. Гэрээнд гарын үсгээ зурцгаа” хэмээжээ.
Өдгөө 23 настай Жэк Пол өнгөрсөн арваннэгдүгээр сард хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би Конороос том, илүү хүнд жинтэй. Конорын ид үе өнгөрсөн. Тэр Мэнни Пакьяотой тулалдахыг хүссэн. Хэрэв тэр тулалдвал дахиад л ялагдана. Тэрний оронд Конор бид хоёр тулалдвал арай өөр байх. Хэрэв тулаан явагдвал хүн бүр миний одоо хэлж буй бүгдийг уншаад ‘Энэ хүү ухаанаа алдсан ч энэ бүгдийг таамаглаж дээ’ гэж хэлэх байх” хэмээж байв.
Жэк Пол Конорт гурван минутаар найман үе боксын дүрмээр тулалдах саналыг тавьжээ. Тэрбээр саяхан NBA-ийн чанга залуусын нэг Нэйт Робинсонг хүнд цохилтоор ялсан билээ.
Холбоотой мэдээ