Ж.Бат-Эрдэнэ: Банканд хураагдсан зарагддаггүй эд хөрөнгө зөндөө байна | News.MN

Ж.Бат-Эрдэнэ: Банканд хураагдсан зарагддаггүй эд хөрөнгө зөндөө байна

Ж.Бат-Эрдэнэ: Банканд хураагдсан зарагддаггүй эд хөрөнгө зөндөө байна

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2020.12.15/ хуралдаанаар Засгийн газар /2020.05.12-ны өдөр өргөн мэдүүлсэн/ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг нь дэмжлээ.

Хуулийн төслийн талаар байнгын хорооны гишүүд асуулт асуув.

УИХ-ЫН ГИШҮҮН С.ЧИНЗОРИГ:

Банкны зээл авч байгаа иргэд ялангуяа хөдөөгийн иргэд, малчид хөрөнгө үнэлүүлэх гэхээр зах зээлийн ханшаас маш доогоор бараг 50 орчим хувиар доогуур үнэлдэг. Тэгээд асар өндөр хүүтэй зээл олгодог гэдэг асуудал маш их яригддаг. Гэхдээ энд Банкны хууль дотор Монголбанктай хамтарч аргачлалыг тогтооно гэж оруулсан байна. Үүн дээр ямар өөрчлөлт оруулж байна. Иргэд бол үнэлгээг нь зах зээлийн ханшаас их доогуур үнэлээд, зээл олгож байна гэсэн хүндрэл ярьдаг. Үүн дээр өөрчлөлт орох уу. Иргэд үнэлгээг зах зээлийн ханшаас доогуур үнэлдэггүй баймаар байна. Хоёрдугаарт, шүүх дээр шийдэж байгаа хэргүүд дээр хөрөнгийн үнэлгээтэй холбоотой асуудал ярьдаг. Үүний гол асуудал нь зах зээлийнхээ ханшаас хэт өндөр тогтоодог. Тухайлбал, тухайн хэрэг нь тав, зургаан жилийн өмнө болсон асуудал яригддаг боловч дараа нь үнэлгээг нь тогтоохдоо өнөөдрийн зах зээлийн ханшаар үнийг тогтоодог. Үүнээс болж иргэд хохирч, өндөр ял авч байна гэдэг асуудал маш их яригдаж байна. Үүнд ямар өөрчлөлт, зохицуулалт орох вэ. Гуравдугаарт, шүүхийн шийдвэртэй холбоотой асуудал дээр ААН, байгууллагууд нэлээн хохирч байгаа асуудал ярьдаг. Тодорхой хэмжээгээр хөрөнгийг нь хурааж, битүүмжилдэг дараа нь шүүхийн шийдвэрийг нь өөрсдийн үнэлгээгээр зах зээлийн ханшаас доогуур үнэлээд улмаар хөрөнгө үрэн таран хийгээд байна гэсэн асуудал яригдаад байна.  Зах зээлээс доогуур үнэлээд иргэдийг хохироогоод байна гэсэн асуудлууд байна. Энэ гурван асуултад тодорхой хариулт өгнө үү. 

АЖЛЫН ХЭСЭГ:

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулиар 2010 онд үнэлгээчин, үйлчлүүлэгч хоёрын харилцааг зохицуулсан байдаг. Энэ удаагийн хуулиар дээрх хоёроос гадна хэрэглэгч гэдэгт төр байж болно. Талуудыг хэрэглэгч гэдэг утгаар нь оруулж байгаа. Банкууд дахь асуудлыг ерөнхий үнэлгээг нь хийж, санхүү төсвийн асуудлыг нь төрийн захиргааны байгууллага Монголбанктай хамтарч банкны үнэлгээг тусгай журмаар зохицуулахаар хуулийн төсөлд тусгасан. Хөрөнгийн үнэлгээг зах зээлийн буюу бодит үнэ цэнээр нь үнэлэх тухай асуудлыг мөрдөхөөр тусгасан. Хуульд орж буй нэг гол заалт нь мэдээллийн сан буюу үнэлгээ хийсэн тайлангийн нэгдсэн мэдээллийн сантай болно. Үйл ажиллагаа, хөрөнгийн зориулалт бүрээр нь санг бүрдүүлж ашиглана. Өнөөдөр энэ сан байхгүйгээс үүдэж хөрөнгийн үнэлгээнд маргаан гарч байгаа юм. Түүнээс биш шүүхтэй холбоотой тусгайлсан заалт ороогүй.

УИХ-ЫН ГИШҮҮН Х.БОЛОРЧУЛУУН:

Зах зээлийн нийгмийн үед хөрөнгийн үнэлгээ шударга байж иргэн, аж ахуй нэгж, байгууллага өөрөө бизнесийн харилцаанд орох, шударга хөрөнгө үнэлүүлэх бүх боломж нээгдэх юм. Ер нь банканд хөрөнгөө барьцаа болгож хууль, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн өмнө хөрөнгөө үнэн зөв барьцаа болгож үнэлүүлэх, ингэснээр хэвийн бизнес хийх амьдрал ахуйгаа авч явах боломж бүрдэнэ. Хөрөнгө үнэлгээчид бол их зохиомол явсан, хуурмаг үнэлгээ хийдэг нь практик дээр үнэхээр харагддаг талаар 30 жил бид ярьж байна. Хувийн ААН, хүмүүсийн хөрөнгийг зах зээлийн үнээс доогуур үнэлчихдэг. Төрд, төрийн эзэмшил бүхий газар барьцаалахдаа өндрөөр үнэлүүлж улс орныг хохироодог. Ийм түгээмэл асуудал амьдрал дээр үүсдэг. Нөгөө хөрөнгийг нь дараа нь авах гэхээр өчүүхэн бага хөрөнгө байж байдаг. Тэгэхээр нэмэх хасах туйлд нь хөрөнгө үнэлгээний хэлбэлзэлтэй байдаг нь харагдаж байгаа юм. Эндээс харахад хөрөнгө үнэлгээчид мэдлэг чадвар дутмаг байна, ёс зүй болохгүй байна. 

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТ-ЭРДЭНЭ:

Арван жилийн өмнө энэ хууль батлагдаж, зах зээлийг өргөн хүрээнд зохицуулах сайн хууль гарлаа гэж үзэж байсан ч амьдрал дээр үр дүнгээ өгөөгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхийн үйл ажиллагааг явуулахад маш хүндрэлтэй байгаа. Үнэлгээг нь доош нь буулгачихдаг эсвэл хэт өндрөөр үнэлчихдэг учраас. Банкан дээр зарагдахгүй болсон эд хөрөнгө их бий. Хамгийн гол нь бодит үнэлгээг хэрхэн гаргах вэ. Хяналт, хариуцлагын тогтолцоонд ач холбогдол өгөх нь чухал. Арван жилийн турш хууль хангалтгүй байгаа нь бодит үнэлгээний асуудал. Үнэлгээний компани, банкны үнэлгээ хоёр өөр өөр гардаг. Зөв, бодит үнэлгээний тогтолцоо хэрэгтэй байна. Нэг үнэлгээгээр л явах ёстой. Зөв үнэлгээний механизмаа яаж гаргасан юм бэ. Хяналт л хамгийн чухал. Улсын болон ард иргэдийн хохирлыг хэрхэн шийдэх вэ.

АЖЛЫН ХЭСЭГ: 

Хуулийн зохицуулалтад үнэлгээний чанарын асуудлыг шийдэхдээ даатгалын үйл ажиллагаатай хамтад нь холбосон. Ингэснээр үнэлгээнээс хамаарч хохирол учирсан тохиолдолд даатгалын байгууллагатай хамт хохирлыг барагдуулахаар тусгасан. Үнэлгээний төрөл зүйлд олон зохицуулалт шаардагдаж байгаа. Тухайлбал, хөрөнгийн үнэлгээнд газар үл хөдлөх хөрөнгийг үнэлэх, санхүүгийн бус өр төлбөрийг, уул уурхайн орд газрыг үнэлэх гэх мэт олон төрөл бий. Энэ болгонд тухайн салбарынх нь төрийн захиргааны төв байгууллага нь нарийвчилсан журмын зохицуулалт гаргана. Мөн үнэлгээ хийсэн тайлан дээр мэдээллийн бааз үүсгэж, үнэлгээний компаниудад гурван жил тутамд чанарын хяналт хийгдэнэ. 

УИХ-ЫН ГИШҮҮН, ЭДИЙН ЗАСГИЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Ж.ГАНБААТАР:

ААН-үүд заавал үнэлүүлэх ёстой юу. Одоо бол ихэнх нь балансийнхаа үнээс татвар төлж байгаа. Энэ хуулиар заавал үнэлүүлэх ёстой болж таарч байх шиг байна. Тийм үү. Нийгмийн даатгалын байцаагч шиг холбоо үүсээд, ААНүүдийн хөрөнгийг заавал үнэлүүл, үнэлүүлэхгүй бол торгоно гэсэн зөрчлийн тухай дагалдаж байгаа хууль орж ирсэн гэж би  хувьдаа харсан. Энэ ойлголт зөв үү. Төрд гарч буй алдаа завхралаа хувийн хэвшилд наачихвий. Зөндөө маргаан гарна шүү. Ажлын хэсгийн гишүүд анхаараарай. Асуудлыг олон талаас нь харах биз. Хуулийг харж байхад өөрсдөө эрх мэдэл олж авах гэсэн зүйлүүд л давамгай байна. Холбоо, хороо, хоршоо гээд. Өөрөө өөрсдөө үнэлгээчиндээ үнэлэлт өгнө, үнэлгээчний хуулийг сунгуулах тал руугаа хуулийн өөрчлөлтийн 60-70 хувь нь явчихсан байна. Түүнийгээ үнэлгээний хууль гээд харчихсан. Үүнийгээ сайн засна биз дээ. Ялангуяа ЖДҮ эрхэлж байгаа хүмүүсийн эд хөрөнгийг үнэлэхдээ сайн дурын саналаар нь үнэлэх нь зөв. Том уул уурхай, банк санхүү, төрийн алба гэх мэт томоохон ААН-ийн асуудлыг өөрөөр ангилаарай. Зохион байгуулалттай, захиалгаар асуудалд ханддаг болох вий. Хүний хөрөнгийг хэн нэгэн хүний захиалгаар дутуу эсвэл илүү үнэлдэг ийм тогтолцоо  үүсэх вий

АЖЛЫН ХЭСЭГ:

Одоогийн хуулиар хувь хүнийн хөрөнгөд үнэлгээ хийж байгаа. Шинэчилсэн хуульд хувь хүн, хуулийн этгээд аль аль нь байхаар орно. Хуулийн этгээдийн хувьд нийтийн ашиг сонирхол бүхий асуудлыг хөндсөн тохиолдолд хөрөнгийн үнэлгээ хийнэ. Заавал хийлгэх хөрөнгийн үнэлгээнд төрийн болон орон нутгийн өмчийг хувьчлах, үл хөдлөх хөрөнгийг худалдах, зээлийн барьцаанд ашиглах, өр төлбөр тооцох, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийг шинээр байгуулах, өөрчлөн байгуулах, хувь нийлүүлсэн хөрөнгөнд өөрчлөлт оруулах, хөрөнгийн үнэ цэнэтэй холбоотой  маргаан гарсан тохиолдолд татварын зориулалтаар хөрөнгийн үнэлгээ хийх зүйл дээр заавал үнэлгээ хийхийг шаардаж байгаа. Бусад тохиолдолд үйлчлүүлэгчийн хүсэлт дээр хоёр тал харилцан гэрээ байгуулсан үндсэн дээр үнэлгээ хийлгэх зохицуулалттай байгаа. 

УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТТӨМӨР:

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн хэрэгжилтийг бүрэн хангах үүднээс үнэлгээчин, үнэлгээ хийх хүмүүс болон эрх бүхий хуулийн этгээдэд ямар шалгуур тавьсан бэ. Ажлаа мэддэг хүмүүст хөрөнгийн үнэлгээний эрхийг өгөх ёстой. Гэтэл хөрөнгийн үнэлгээ хийдэг хүмүүсийн 55 орчим хувь нь хааяа нэг хийдэг, 45 хувь нь үнэлгээ хийдэг гэсэн судалгаа бий. Үүнийг засах чиглэлээр ямар заалт орсон бэ. Үнэлгээнд хэл ам их гардаг. Хариуцлагын даатгалыг яаж тусгасан бэ. 

АЖЛЫН ХЭСГИЙН ГИШҮҮН: 

Одоо бол үнэлгээг хувь хүмүүс хийдэг, энэ нь үргэлжлээд явна. Харин нийтийн ашиг сонирхлыг үнэлгээг хуулийн этгээдээр хийлгүүлнэ. Хуулийн этгээдэд тавигдах шаардлага нь ажлын байртай байх, нөхөрлөл хэлбэрээр зохион байгуулах, гурваас доошгүй үнэлгээчинтэй байх мөн дотоод болон олон улсын стандартыг дагаж мөрдөнө гэсэн шалгуур тавигдана. Хариуцлагын даатгал орсон. Мэдээллийн санг тодорхой болгосон.Үнэлгээ хийлгэсэн бүх хүмүүс мэдээллээ оруулах боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

za 2020-12-15 64.119.26.163

5 saych hurehgui unetei mashiniig 50 sayiin bartsaand huuj baigaa uls………………

Avatar

Зочин 2020-12-15 202.21.109.50

Bankinhan uursduu 50 uneleed oorsdoo ashigtai umhiiged uursduu ter umaa zohtsualaj avdag daa

Avatar

Зочин 2020-12-15 202.21.97.30

ҮНЭЛГЭЭН ДЭЭР АСУУДАЛ БАЙГАА БИШ, ҮНЭЛСЭН МӨНГӨНИЙ ҮНЭ ЦЭНЭ ЗЭЭЛИЙН ХУГАЦААНД ҮНЭГҮЙДЭХ АСУУДАЛ БАЙГАА ЮМ. ЖИШ: АМ ДОЛЛАРТАЙ ХАРЬЦУУЛСАН БҮХ АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭ, ХУДАЛДАН АВАЛТ, АЖЛЫН ҮНЭЛГЭЭ БҮГД ХАНШИЙН ЗӨРҮҮГЭЭС БОЛООД ҮНЭГҮЙДЭЭД БАЙГАА ЮМ??? ЭНЭ НӨГӨӨ ТАЛДАА ҮНЭ НЬ ӨСӨӨД БАЙГАА МЭТ БОЛОВЧ ЯГ ЗЭЭЛДЭГЧ ТАЛДАА ҮНЭ НЬ БУУРААД БАЙГАА ГЭСЭН ҮГ. МОНГОЛ ТӨГРӨГНИЙ ҮНИЙГ УДААН ХУГАЦААНД ТОГТВОРТОЙ БАЙЛГАХГҮЙД ХАМАГ УЧИР БИЙ!!!!!!!!!!

Avatar

Зочин 2020-12-15 192.82.75.75

бас нэг бантан

Avatar

Зочин 2020-12-15 202.9.46.106

ja jai loo

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж