"Цахилгааны ачаалал нэмэгдвэл нийслэлд тэг зогсолт хийх эрсдэлтэй"

Хуучирсан мэдээ: 2020.12.15-нд нийтлэгдсэн

"Цахилгааны ачаалал нэмэгдвэл нийслэлд тэг зогсолт хийх эрсдэлтэй"

"Цахилгааны ачаалал нэмэгдвэл нийслэлд тэг зогсолт хийх эрсдэлтэй"

Ардчилсан намын Үндэсний  бодлогын хорооны гишүүн, Нийслэлийн Ардчилсан намын дарга асан Д.Баттулгатай ярилцлаа.


-Хоёр хоногийн өмнө Засгийн газрын хуралдаанаас ирэх оны долдугаар сарын 1-нийг хүртэл иргэд, ААН-ийн цахилгаан, дулааны төлбөрийг тэглэх шийдвэр гаргасан. Эл шийдвэрийг МҮХАҮТ цар тахлын үед ААН-үүд ажлын байраа авч үлдэх бодит дэмжлэг боллоо гэж дүгнэж байна. Таны хувьд хувьд эрчим хүчний инженер мэргэжилтэй. Өмнө  нь Улаанбаатар хотын цахилгаан эрчим хүчийг хариуцаж байсан хүний хувьд дээрх шийдвэрийг юу гэж харж байна вэ?

Мэдээж цар тахлын  үед  ААН болон айл өрхүүдэд тодорхой хэмжээний санхүүгийн  дэмжлэг үзүүлэх нь ойлгомжтой. Нөгөө талаасаа эрчим хүч нь  эдийн засгийн суурь. Жил бүрийн нэгдүгээр сарын 15-20-ны хооронд цахилгаан эрчим хүч оргил ачаалалдаа хүрдэг. Мэргэжлийн хүний хувьд ийм эмзэг үед Засгийн газар галаар тоглож болж байна уу гэж асуумаар байна. Магадгүй хэрэглэсэн  дулааны эрчим хүчний  үнийг тэглэж болох байсан. Харин  цахилгаан эрчим хүчний хэрэглээг тэглэх  нь ноцтой үр дагаварт хүргэх магадлалтай.

-Тухайлбал, 

-Сүүлийн хоёр хоногийн хугацаанд Улаанбаатар хотын хэмжээнд иргэд сайжруулсан шахмал түлш худалдаж авах  нь багаслаа гэх  мэдээлэл ирж байна. Өөрөөр хэлбэл, гэр хороооллын айл өрхүүд өөрт амрыгаа бодоод цахилгаан халаагуур луу шилжиж байна гэсэн үг. Энэ нь эргээд цахилгаан түгээх сүлжээг гэмтээх аюултай. Оргил ачааллын үед цахилгааны чадал хүрэхгүй. Үүнээс улбаалан хүчдэлийн уналт маш ихээр гарна. Цахилгаан түгээх болон дамжуулах тоног төхөөрөмжүүд их хэмжээгээр гэмтэж шатах аюултай. Тиймээс эрчим хүчний салбарынхан  цахилгааны  хязгаарлалт хийхээс өөр аргагүйд хүрнэ. Өвлийн хүйтэнд эрчим хүчийг хязгаарлана гэдэг ААН, айл өрхүүдэд ч  тэр хүнд тусна.

Цахилгаан хязгаарлалтад хамгийн түрүүнд гуравдугаар зэргийн хэрэглэгчид буюу гэр хорооллын иргэд өртөнө. Тиймээс гэр хорооллынхон маш ихээр хохирох аюул үүсч болзошгүй. Засгийн газар гэр хорооллынхныг дэмжинэ гэж ярьдаг мөртлөө магадгүй гэр хорооллынхны эсрэг шийдвэр гаргасныг үгүйсгэхгүй.

Муу амалж байгаа юм биш байдал хүндэрвэл Улаанбаатар хот тэг зогсолт хийхийг ч  үгүйсгэхгүй. Ерөнхийдөө өвөлжилтийн энэ  үед Засгийн газрын шийдвэр олон сөрөг үр дагавар дагуулах эрсдэлтэйг  эрчим хүчний салбарынхан маш сайн ойлгож ажиллаж байгаа гэж найдаж байна. Уг нь  одоогийн Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нь салбарынхаа зовлон жаргалыг мэдэх мэргэжлийн хүн. Миний мэдэхээр сүүлийн хэдэн жилд тус салбарт мэргэжлийн хүн тавигдаагүй юмдаг. Н.Тавинбэх өөрийнхөө санааг хэлж, салбарынхаа онцлогт тохирсон шийдвэр гаргалгүй эрчим хүчийг тэглэх саналыг дэмжсэнийг  маш ихээр гайхаж байна.  Дээрх  олон сөрөг үр дагаврууд гарч болзошгүй гэдгийг олон  түмэнд сануулахаас илүү шийдвэр гаргасан хүмүүст хандаж хэлж байгаа юм.

Байдал хүндэрвэл Улаанбаатар хот тэг зогсолт хийж магадгүй гэлээ. Нөгөөтэйгүүр, энэ асуудал нь  төрийн шийдвэр бус иргэдийн ухамсартай холбоотой юм биш үү?

-Үнэгүй цахилгаан хэрэглэх боломж хүн бүрт байхад шахмал түлш түлээд явахгүй шүү дээ. Ямар ч хүн биеийн амрыг бодно. Тэр хүмүүсийг буруутгаж болохгүй. Үүнийг хүний ухамсартай холбоод байх шаардлаггүй гэж бодож байна.

МОНГОЛЫН ТӨР ЗҮТГЭСЭН ХҮНДЭЭ ХАЛТАЙ

-УИХ дахь Ардчилсан намын зүгээс 2012-2016 онд Ардчилсан нам "Эрдэнэт"-ийн 49 хувийг ОХУ-аас авч, 100 хувь Монгол Улсын мэдэлд авчирсны хүчинд Засгийн газраас иргэд, ААН-үүдийн цахилгаан, дулааныг тэглэх шийдвэр гаргалаа хэмээн мэдэгдсэн. Харин цахилгаан, усны төлбөрийг тэглэх шийдвэрийг эрх баригч намаас гаргалаа. Үүнээс харахад хоёр намын аль, алиных нь шийдвэр гэж харагдахаар байна? 

Манайхан "Эрдэнэт"-ийн 49 хувийг  улстөржүүлдэг. "Эрдэнэт"-ийн 49 хувийг Монголын талд авсан нь маш зөв шийдвэр. Үүнийг Ардын нам ч үгүйсгэхгүй  байх.  

Тухайн үед төрийг барьж байсан Ардчилсан  намын гишүүд "Эрдэнэт"-ийн 49 хувийг Монголд авчраагүй бол өнөөдөр Засгийн газраас иргэд, ААН-ийн цахилгаан, усны төлбөрийг тэглэх шийдвэр гарах байсан уу.

Мэдээж гарахгүй байсан. Тиймээс  төрийн шийдвэр хоорондоо харилцан уялдаатай.  Өнөөгийн шийдвэр гаргаж байгаа хүмүүстээ талархахаас илүүтэй энэ боломжийг бий болгож бүрдүүлж өгсөн улстөрийн хүчинд талархах ёстой. Үүнийг олон түмэн ухамсарлаасай гэж хүсч байна.

 -Мэдээж "Эрдэнэт"-ийн 49 хувийг Монголын талд авахад Ардчилсан нам чухал нөлөө үзүүлсэн. Гэтэл энэ чухал шийдвэр гаргахад гарын үсэг зурсан, мөн тус үйлдвэрийг 100 хувь Монголынх болгох алхам хийсэн УИХ-ын гишүүн асан, Аж үйлдвэрийн сайд асан  Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан Б.Болор  нарыг  "Эрдэнэтийн 49 хувийг хууль бусаар шилжүүлж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон гэх үндэслэлээр 3-4 жилийн хорих ял оноосон байдаг? 

Тэр хүмүүст баярлах нь битгий хэл  барьж аваад шоронд хийчихсэн шүү дээ.  Монголын төр зүтгэсэн хүндээ халтай гэж энэ. Гэхдээ битгий ийм байгаасай  л гэж хүсч байна. Дээрх хүмүүсийг зөвөөр ойлгож дүгнэх цаг удахгүй ирнэ.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ЗөвЗөв
26
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж