Covid-19 цар тахлын хүндрэлийн үед иргэдийн орлогыг хамгаалж, зээлийн дарамтыг бууруулах зорилгоор төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн эргэн төлөлтийг 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хойшлуулах арга хэмжээг Монголбанк, Сангийн яам, МИК ОССК ХХК болон банкууд хамтран хэрэгжүүлж буй билээ.
Энэхүү арга хэмжээний хүрээнд банкууд орон сууцны ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах хүсэлтийг иргэдээс цахим хэлбэрээр авч эхэлсэн. 2020 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдрийн байдлаар нийт 2.11 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 38,828 зээлдэгч хүсэлт гаргаснаас 1.87 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 33,929 зээлдэгчийн хүсэлт буюу 87 орчим хувийг нь шийдвэрлэж, эргэн төлөлтийг хүү хуримтлуулахгүйгээр хойшлуулаад байв.
Орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт хамрагдагсдын зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах шийдвэр дахин хэрэгжиж эхэлснээр арванхоёрдугаар сарын 11-ний өдрийн байдлаар нийт 2.4 их наяд төгрөгийн 44907 зээлдэгчийн хүсэлтийг банкууд хүлээн авчээ.
Эдгээр хүсэлтээс арванхоёрдугаар сарын 11-ний өдрийн байдлаар нийт хүсэлтийн 92 орчим хувь буюу 2.2 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 41,533 зээлдэгчийн хүсэлтийг шийдвэрлэж, эргэн төлөлтийг хойшлуулсан байна.
Иргэд өөрсдийн харилцагч банкандаа орон сууцны ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах хүсэлтийг цахим хэлбэрээр 2021 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийг дуустал гаргаж, шийдвэрлүүлэх боломжтой юм.
Холбоотой мэдээ