"Хуулийн давж болохгүй босгыг дарга хэлсэн гээд л давдаг"

Хуучирсан мэдээ: 2020.12.15-нд нийтлэгдсэн

"Хуулийн давж болохгүй босгыг дарга хэлсэн гээд л давдаг"

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2020.12.15 / хуралдаанаар Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Уг төслийг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар /2020.05.07-ны өдөр/ өргөн мэдүүлсэн юм.

Монгол Улсад  хүний эрхийн хамгаалагчийг хамгаалах, үйл ажиллагааг нь дэмжих эрх зүйн орчин бүрдээгүй байна. Иймд “хүний эрхийн хамгаалагч”-ийг хуулиар анх удаа тодорхойлон, тэдний эрх зүйн байдлыг бие даасан хуулиар баталгаажуулж, хүний эрхийн хамгаалагчийн аюулгүй байдлыг хангах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх тогтолцоог байгуулах үүднээс энэхүү хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөл батлагдсанаар хүний эрхийн хамгаалагч, түүний үйл ажиллагааг тодорхойлох, иргэний нийгмийг хөхиүлэн дэмжих, хараат бус ажиллах, эрх мэдлийн хувьд гадуурхагдсан этгээдийг хамгаалж, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлдэг хүний эрхийн түгээмэл соёл төлөвших нөхцөл бүрдэнэ гэж хууль санаачлагч үзэж байна.

Байнгын хорооны гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуув.

УИХ-ЫН ГИШҮҮН Ш.АДЬШАА:

Энэ хуулийн төсөл оройтож орж ирлээ. Хүний эрхийг хангах асуудал манайд хангалтгүй байгаа. Гадаадад түр оршин сууж байгаа иргэдийн эрх нь зөрчигдсөн тохиолдолд ГХЯ-ны эрхзүйн туслалцаа хэр үзүүлдэг вэ. Ер нь үзүүлж чадаж байна уу. Судалгаа байна уу.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.СҮХБААТАР: 

Хүмүүсийн хүлээлтээс арай өөр байна. Хүний эрх зөрчсөн үйлдлийг илчилсэн, мэдээлэгчийг хамгаалах нь чухал. Нэр нь хүний эрх хамгаалагч гэж байна. Бүх л хүн хүний эрхийн хамгаалагч. Хүний эрхийг хамгаалах тогтолцоо гэхээр хороо гээд орчихсон байна. Том нэртэй, зохицуулалт их шаардагдана. ХЭҮК-ын дэргэд хороо ажиллах юм байна. Энэ яг аль загвар юм бэ. Шүгэл үлээгч тал руугаа явсан бол. Гэтэл нэр нь хүний эрхийг хамгаалагч гэж байна. Олон талын хэлэлцүүлэг хийж байж батлах шаардлагатай хууль. Тодорхойлолтоо сайн хараарай.  Нэр томъёогоо тодорхой болгох хэрэгтэй.

ХУУЛИЙГ САНААЧЛАГЧ, УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЦОГТБААТАР: 

Шүгэл үлээгчтэй байнга андуурдаг. Намайг Хүний эрхийн дэд хорооны дарга байхад ХЭҮК-ынхон өөрсдөө энэ хуулийг барьж орж ирээд, ажиллаж өгөөч гэж хэлж байсан юм. Тухайн үед би Ж.Сүхбаатар гишүүний хэлсэнтэй адил хүлээн авч ХЭҮК өөрөө энэ ажлыг хийхгүй бол давхцал гарах юм биш үү гэдэг асуудлыг хөндсөн. Нэлээд судалсны эцэст үүнийг оруулах нь зөв юм байна гэж үзсэн. НҮБ-ын үндсэн дүрмийн 13 дээр НҮБ бол Олон улсын хуулийг хөгжүүлэн, боловсруулж байх үүрэгтэй байдаг.  Дэлхийн улсуудад аливаа шударга бус явдлын эсрэг, хүний эрх, эрх чөлөөг бодитойгоор эдлүүлэхийн төлөө тэмцэж буй хүний эрхийн хамгаалагчийн үйл ажиллагаа явуулах орон зай, эрх чөлөө нь хязгаарлагдаж, заналхийлэл, дарамт шахалтад орж буйг анхаарч Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 1998 оны A/RES/53/144 тогтоолоор “Нийтээр хүлээн зөвшөөрсөн хүний эрх, үндсэн эрх чөлөөг хамгаалах, хөхиүлэн дэмжих хувь хүн, нийгмийн нэгж, байгууллагын эрх, үүргийн тухай тунхаглал” (Хүний эрхийг хамгаалагчийн тухай тунхаглал) -ыг батлан гаргаж, энэ чиглэлээр үр дүнтэй арга хэмжээ авахыг улс орнуудад уриалсан. Хүний эрхийн хамгаалагчийн үйл ажиллагааны баталгаа, хамгаалалтыг хууль тогтоомжоор дэмжих зорилгоор дэлхийн 40 гаруй улс хүний эрхийн хамгаалагчийн эрхийг баталгаажуулсан хууль тогтоомжийг баталсан.

Шүгэл үлээгч гэдэг бол ямар ч асуудлаар, хэн ч байж болно. Хуульд хэнийг хорооны гишүүнээр оруулах уу гэдгийг маш тодорхой зааж өгсөн. Зөвхөн хүний эрхийн асуудлаар долоогоос доошгүй жил ажилласан байх шаардлагатай. “Би чадна” гэдэг хүмүүс орох боломжгүй. Бид ардчилсан оронд амьдардаг, тэр утгаараа хүний эрхийн институт нь бүрдчихсэн болохоор яг ингээд л сэтгэл ханачихсан. Бүгд ингэж хэлдэг. Яг одоо ч гэсэн хаа нэгтээ хүний эрх зөрчигдөж байгаа. Бодит байдалд хүний эрхийг хамгаалагчид цөөхөн юм билээ. 4-5 хүнийг чимээгүй болгоход цаана нь 1 сая хүн чимээгүй болдог. Харахад хүний эрхийн бүх институт нь байна. Хуулийн давж болохгүй босгыг нүдээ аниад “Дарга хэлсэн” гээд л даваад байгаа. Ингэж давах тоолонд нэг хүний эрх зөрчигддөг. Нэг эрх нь зөрчигдсөн сэхээтний цаана хэдэн мянган энгийн иргэдийн эрх нь чимээгүй зөрчигдөж байдаг гэсэн үг. Хамгийн их дуу шуутай, үзэл бодлоо хэлдэг хүмүүсийн эрх нь зөрчигдөж байхад цаана нь дуугардаггүй хүмүүсийн эрх бүр зөрчигдөж байдаг. Бид сэтгэл ханаж болохгүй. Олон улсын бүх зөвлөмжид Монголын хууль хэрэгжүүлэгч байгууллагуудын хараат бус байдал хүнд байна, үүний ард хүний эрх зөрчигдөх магадлал маш өндөр хувьтай байна гэж бичдэг болчихсон. Бид эндээ болчихсон гээд л ханачихсан. Хүний эрх зөрчигдөж байгаа л бол ардчилал байхгүй гэсэн үг. Ардчилал байгаагаар хүний эрх хангагдахгүй.

УИХ-ЫН ГИШҮҮН С.БЯМБАЦОГТ:

Энэ хуулиар ХЭҮК-той ижил үүрэгтэй, эрх, үүргээ булаалцалдсан байгууллга бий болох вий гэсэн болгоомжлол байна.

ХЭҮК-ЫН ГИШҮҮН Д.СҮНЖИД:

Энэ хуулийг боловсруулсан түүхийг харахад 2004 оноос эхэлж, 2016 оноос идэвхтэй ажиллаж байгаа. Субъектив эрх зөрчигдсөн тохиолдолд хууль эрхзүйгээр шийдэгдэж чадаж байна. Харин нийтийн, бүлэг хүмүүсийн эрх зөрчигдсөн тохиолдолд хуулийн зохицуулалт учир дутагдалтай байна. Тухайлбал, эрх зөрчигддөг атлаа түүнийгээ илэрхийлдэггүй бүлэг бий. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тээврийн жолооч, туслах малчин гэх мэт бүлэг хүмүүсийн эрх зөрчигдөх асуудал түгээмэл бий. Энэ хүмүүс асуудлаа хүний эрхийн зөрчил гэж харахгүйгээс гомдол гаргадаггүй. Ийм хүмүүсийн эрхийг хамгаалахад  энэ хууль чиглэгдэж, хүний эрхийн хамгаалагч нар хамтарч ажиллах хэрэгтэй байна. Тийм учраас бие даасан хууль гарах нь зөв гэж үзэж байна. Энэ хуулийг баталснаар чиг, үүргийн давхцал гарахгүй. Харин ч бие биеийнхээ орон зайг нөхөж хүний эрхийг хамгаалах тогтолцоо бүрдэнэ. Бие даасан хууль баталснаар хүний эрхийг хангах зорилгодоо хүрнэ гэж дүгнэлт гарсан.

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.САНДАГ-ОЧИР:

Хуулийн төслийг дэмжиж байна. Өнөөдөр манайд буруу тогтоод байгаа хандлага бол хүний эрхийг улс төрийн эрхтэй холбогдуулж дуугарсан, хэвлэн нийтлэхийг хүний эрхийн хамгаалагч гэж ойлгодог болсон. Хүний эрхийг хамгаалах зөв хандлагыг энэ хуулиар өөрчлөх нь чухал. Хүн бүр хүний эрхийн хамгаалагч, байгууллага бүр хамгаалагч юм байна гэдгийг ойлгуулахад чухал үүрэгтэй гэж үзэж байна. Улс төрийн эрх, эрх чөлөөг эдэлж байна гээд олон нийтэд хүний эрхийн хамгаалагч мэт харагддаг энэ байдлыг засах ёстой.

УИХ-ЫН ГИШҮҮН С.БЯМБАЦОГТ:

Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Д.Сүнжид сар гаруйн өмнө томилогдоод ажилдаа орсон энд сууж байна. Энэ  хуулийг боловсруулсан Хүний эрхийг хамгаалах эрх зүйн байдлын тухай хуулийг Д.Сүнжид гишүүн боловсруулаад, Д.Цогтбаатар  гишүүн мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлсэн байна. Тэгэхээр тэр үеийн болон өнөөдрийн нөхцөл байдал хоёр өөр болсон байна. Энэ хууль бол  Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээс харахад 2019 оны хоёрдугаар сард Засгийн газрын хуралдаанаар орсон буюу 2018 оны нөхцөл байдал дээр санаачлагдан, боловсруулагдан УИХ-д өргөн баригдсан байна. 2020 оны нэгдүгээр сард ХЭҮК-ийн тухай хууль баталсан. Энэ хууль баталснаар таван гишүүнтэй ажиллаж байгаагаараа ХЭҮК -ийн бүрэн эрх, үүрэг нь улам илүү нэмэгдсэн байна. Илүү өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулах боломжтой болсон. Үндсэндээ төрийн өндөр албан тушаалтанууд болж эрх, үүрэг нь нэмэгдээд бүрэн эрхээ хэрэгжүүлэх, хүний эрхийг хамгаалах бүрэн бололцоотой болсон гэж үзэж байгаа. Одоо зэрэгцээд дахиад нэг байгууллага байгуулж, улсын төсвөөс санхүүжүүлээд ХЭҮК-тай эрхээ булаацалдаад эхлэх биш үү. Тэр үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөн. ХЭҮК-ийн тухай хуультай болсон. Одоо тэгвэл зайлшгүй хэрэгтэй юу үгүй юу.  Эрх үүргээ булаацалдаж, зөрчилдөх үү. Зайлшгүй шаардлагтай юу?

Хүний эрх гэдгийн цаана нэг хүний эрх, нөгөө хүнийхээ эрхийг зөрчихгүй байхаар хязгаарлагдах ёстой. Хүнийг гутааж, доромжилох нь хүний эрх үү. Гүтгүүлж байгаа хүний эрх гэж байгаа бол доромжлуулж байгаа хүний эрх бас хамгаалагдах ёстой. Жишээ нь, хэдхэн жилийн өмнө нэг эмэгтэй ДОХ-той гэж гүтгүүлээд сэтгэл санаагаар унаад, амиа хорлож байсан. Энэ хүний эрхийг хэн хамгаалах вэ. Нөгөө талаар итгэл үнэмшил, үзэл бодлоо илэрхийлсэн, шүүмжлүүлсний төлөө хүн хариуцлага хүлээж болохгүй.

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.МӨНХЦЭЦЭГ:

Хуулийн төслийг дэмжиж байна. Өнөөдөр манайд хүний эрхийн зөрчил байсаар л байна. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, тусгай хэрэгцээт иргэд нийгэмд ажиллаж, хөдөлмөрлөх боломж нь маш хомс байна. Эмэгтэйчүүд, хүүхдүүд хүчирхийллийн золиос болсоор байна. Улс төрийн намын үзлээр нь ялгаварлаж, хороо багийн төрийн үйлчилгээг авахад хүндрэлтэй байна. Сүүлийн үед мөн цахим орчинд хүний эрхийн зөрчил их гарч байна. Тийм учраас бид хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоогоо бүхий л байдлаар дэмжих ёстой. Энэ хуулийн төслөөр  олон улсын хүний эрхийн тогтолцооны чухал хэсгийг монголд нэвтрүүлж байна. 1998 онд Олон улсын хүний эрхийг хамгаалагчийн тунхаглал гарсан. Монголд хүний эрхийн чиглэлийн ажил маш хомс явдаг. Тиймээс энэ хуулийн төслийг баталж, Хүний эрхийн хамгаалах хороог байгуулах нь зөв. Хүний эрхийг хамгаалагчийн хороог байгуулснаар ямар статутайгаар үйл ажиллагаа явуулах вэ. ХЭҮК, хүний эрхийг хамгаалагч ТББ зэрэг төрийн байгууллагуудтай уялдаа холбоо нь ямар байх вэ. Хорооны үйл ажиллагааг ямар журмаар зохицуулах вэ.

ХУУЛИЙГ САНААЧЛАГЧ, УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЦОГТБААТАР: 

Хүний эрхийг хамгаалагчийн хороо нь хүний эрхийг хамгаалагч хүмүүс, тэдний ар гэрийг хамгаална. Хүний эрхийг хамгаалдаг хүмүүст тулгардаг эрсдэл нь зөвхөн өөрт нь бус гэр бүлийнхэнд нь нөлөөлдөг учраас чимээгүй болчихдог. ХЭҮК, хүний эрхийг хамгаалагч бусад ТББ-аас гадна үлддэг тэр саарал орон зайг нөхөхөд хүний эрхийн хамгаалагч ажиллана. Хүний эрхийг бүгд хамгаалах үүрэгтэй. ААН-үүд гэсэн үүнд хамаарагдана. Хуулийн хэрэгжилтийг хангахад  Хүний эрхийг хамгаалагчийн хороо хяналт тавина.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ДЭЛГЭРСАЙХАН:

Бүх хүн эрх ярьдаг, үүрэг ярьдаг хүн байхгүй болсон. Хүний эрх хамгаалах асуудал бүх хүмүүсийн үүрэг. Хүн бүр үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Сүүлийн үед техник, технологи их хөгжсөн. Сошиал орчин "лайв" хийж бусдыг үг хэлээр доромжлох, хүний эрхийг зөрчих асуудал их гарч байна.Үүнийг хуулиар хязгаарлах боломж алга. Манайд хувь хүнийхээ үүргийг мартсан хүмүүс их байна. Манайд эрх чөлөө багадаагүй. Хүүхдийнхээ тэтгэвэрийг төлдөг эцэг, эх байна уу? Хорин гурван мянган хүн үүнээс зугтаж байна. Сүүлийн үед эх оронч дүр эсгэж байгаа хүмүүс, өөрийнхөө эрх ашгийг төлөө явж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж