Хөдөлмөрийн зах зээлд илүүдсэн, эрэлтгүй мэргэжил эзэмшдэгээс их, дээд сургууль төгссөн хойноо дэлгүүрийн худалдагч, таксины жолооч хийж, амьдралаа залгуулж буй залуус Монголд олон. Гэтэл их, дээд сургуульд төлсөн төлбөрийг нь бодохоор хайран. Доод тал нь 15 сая, дээд тал нь 30 гаруй сая төгрөг зарцуулсан байдаг.
Ах, эгч нар нь их, дээд сургуульд суралцаад мэргэжлээрээ ажиллаж чадаагүй байхад л эцэг эхчүүд хашрахгүй, “Отгоныгоо яаж ийгээд сургана” гээд гүрийнэ. Орон сууц, хашаа байшингаа түрээсэлж, мал хуйгаа зарж, зарим нь цалингийн зээл авч сургана. Эмээ, өвөө нь тэтгэврийн зээл авч ач, зээгээ сургах тохиолдол ч бишгүй.
Хэрвээ түрээслэх байр, зарах малгүй бол “Оюутны хөгжлийн зээл”-д хамруулж, сургана. Гэхдээ Засгийн газар энэ оноос эхлэн “Оюутны хөгжлийн зээл”-ийг тэргүүлэх мэргэжлээр суралцдаг оюутанд олгохоор болсон нь эсэргүүцэлтэй тулж эхлэв. Монголын Оюутны холбооноос “Мэргэжил харгалзан энэхүү зээлийг олгох нь олон мянган оюутан залуус хичээл завсардах, ар гэрт нь эдийн засгийн дарамт учрах, оюутан хүссэн мэргэжлээрээ суралцах боломжийг хаах, мэргэжлээ сонгох хүний сурч боловсрох үндсэн эрхийг зөрчиж байна” хэмээн үзэж, УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүлээд буй аж.
Өөрөөр хэлбэл, эрэлттэй мэргэжлээр суралцагчдад зээл олгох шалгуур тавьснаар 11 мянга гаруй оюутан зарим нь шалгалтаа өгөх боломжгүй болж, чөлөө авахаас аргагүйд хүрсэн гэдэг асуудлыг тавьж буй юм.
Статистик мэдээгээр голч оноог харгалзан “Оюутны хөгжлийн зээл” олгодог байхад 2017-2019 онд нийт 27882 оюутан хамрагдаж, 40 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт авчээ. “Оюутны хөгжлийн зээл”-ийн нэг давуу тал нь жилийн 5 хувийн хүүтэй тул бусад зээлтэй харьцуулахад хамгийн бага юм.
Амьдралын боломж муутай ч сурах чадвартай оюутан залууст уг зээл нь боломж олгож ирсэн байж мэдэх ч эрэлттэй мэргэжлээр суралцаагүй цагт төгсөөд ажлын байр олоход бэрх гэдгийг санах хэрэгтэй.
Судалгаагаар Монгол Улсад хөдөлмөрийн зах зээлд илүүдэлтэй мэргэжилд:
- Хуульч
- Эдийн засагч
- Нягтлан бодогч, санхүү
- Түүхч, философич, улс төр судлаач
- Сэтгүүлч, нийгэм судлаач, бизнесийн удирдлага бичигдэж ирсэн юм.
Гэвч их, дээд сургуульд элсэн ордог залуусын дийлэнх нь дээрх мэргэжлээр суралцдаг.
Улсын хэмжээнд өнөөдөр 80 гаруй их, дээд сургууль, коллежи үйл ажиллагаа эрхэлж, 130 мянга гаруй оюутан суралцаж байна. Жилд дунджаар 30 мянга гаруй оюутан сургуулиа төгсдөг бөгөөд сэлгээд 2018 онд 40 мянга, 2020 онд 30 мянган залуус дээд боловсрол эзэмшихээр их, дээд сургууль, коллежид элсчээ.
Дийлэнх нь хөдөлмөрийн зах зээлд илүүдэлтэй мэргэжил сонгон суралцжээ.
Тиймээс Боловсрол, шинжлэх ухааны яам судалгаанд үндэслэн тэргүүлэх зэрэглэлийн мэргэжлээр суралцаж байгаа оюутанд “Оюутны хөгжлийн зээл” олгох нь зөв гэж үзэн, Засгийн газар ч дэмжин шийдвэр гаргасан байдаг аж.
Энэ нь Монгол Улс хөдөлмөрийн зах зээлд дутагдаж буй эрэлттэй дээд мэргэжлийн боловсон хүчнүүдээ бэлтгэх хөшүүрэг болно гэж үзсэнтэй холбоотой. Учир нь гадаадаас ажиллах хүч оруулж ирэхэд дотоодынхоо иргэдийг ашигласангүй гэх шүүмжлэл олонтаа гардаг. Гэвч тухайн ажлыг хийлгэх дээд мэргэжлийн хүнээс гадна нарийн мэргэжлийн ажилтан байдаггүй нь гадаадаас ажиллах хүчин татахаас аргагүйд хүргэдэг аж.
Нөгөө талаас дээд боловсролын чанарыг дээшлүүлэхэд ч түлхэц болно гэж үзжээ. Учир нь ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар анги төгссөн сурагчдын 80 хувь нь шахам дээд боловсрол эзэмшихээр элсэлтийн ерөнхий шалгалт өгдөг. Дийлэнх нь тус шалгалтад тэнцсэнээр их, дээд сургуульд элсэх боломж нь нээгддэг байна. Гэвч чанартай боловсрол олгодог нь цөөн, эрэлттэй мэргэжилд ямар мэргэжил орж байна вэ гэдэг тодорхой судалгаа мэдээлэл гараагүй зэрэг нь хүүхэд залуус ирээдүйгээ харсан мэргэжил сонгох боломжийг мөн хязгаарлаж иржээ.
Иймээс хүүхэд залуус аль мэргэжлээр суралцах вэ гэдэг сонголтоо хийхийн өмнө “Миний эзэмших мэргэжил эрэлттэй мэргэжил үү” гэдгийг нягтлах шаардлага тулгарч байна.
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас дараах 37 мэргэжлийг 2030 он хүртэл нэн хэрэгцээтэй мэргэжил хэмээн тодорхойлжээ.
№ | Төрөлжсөн чиглэл | № | Мэргэжлийн нэр | Боловсролын түвшин | ||
Бакалавр | Магистр | Доктор | ||||
1. | 011 Боловсрол | 1. | Багш, сургуулийн өмнөх насны боловсрол | BSc | ||
2. | Багш, бага ангийн боловсрол | BSc | ||||
3. | Багш, тусгай хэрэгцээт боловсрол | BSc | ||||
2. | 021 Соёл, урлаг | 4. | Уран сайхны гэрэлтүүлэг | BSc | MSc | |
5. | Дуу, чимээний технологи | BSc | MSc | |||
6. | Хөгжмийн театрын найруулга | BSc | MSc | |||
7. | Театрчилсан тоглолт, баяр наадмын найруулга (021506) | BSc | MSc | |||
8. | Түүх соёлын дурсгалт зүйлийн сэргээн засварлалт | BSc | ||||
3. | 051 Биологи ба холбогдох шинжлэх ухаан | 9. | Биологи | BSc | MSc | PhD |
4.
| 052 Хүрээлэн буй орчин | 10. | Хүрээлэн буй орчин судлал | BSc | MSc | PhD |
5. | 061 Мэдээлэл, харилцаа холбооны технологи | 11. | Утасгүй холбоо | BEng | MEng | |
12. | Өгөгдлийн ухаан | BEng | MEng | |||
13. | Системийн аюулгүй байдал | BEng | MEng | |||
14. | Хиймэл оюун ухаан | BEng | MEng | |||
6. | 071 Инженерчлэл, инженерийн үйлдвэрлэл | 15. | Химийн инженерчлэл ба боловсруулалт | BEng | MEng | |
16. | Сэргээгдэх эрчим хүч | BEng | MEng | PhD | ||
17. | Байгаль орчныг хамгаалах технологи | BEng | MEng | |||
18. | Электроник | BEng | MEng | PhD | ||
19. | Механик инженер | BEng | MEng | |||
7. | 072 Үйлдвэрлэл, боловсруулалт | 20. | Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи | BEng | MEng | PhD |
21. | Хүнсний инженерчлэл | BEng | MEng | PhD | ||
22. | Шим тэжээл судлал | BEng | MEng | PhD | ||
23. | Газрын тосны инженер | BEng | MEng | |||
24. | Уул уурхайн ашиглалтын технологи | BEng | MEng | |||
8. | 073 Архитектур ба барилга, угсралт | 25. | Барилгын материалын үйлдвэрлэлийн технологи | BEng | MEng | PhD |
26. | Хаягдал боловсруулах технологи | BEng | MEng | PhD | ||
9. | 078 Инженерчлэл салбар хооронд | 27. | Биотехнологи | BEng | MSc | PhD |
28. | Био-инженерчлэл | MSc | PhD | |||
29. | Нано шинжлэх ухаан, нано инженерчлэл | MSc | PhD | |||
10. | 081 Хөдөө аж ахуй | 30. | Мал аж ахуй (зоотехник, мал зүйч) | BSc | ||
31. | Газар тариалангийн аж ахуй (агрономи) | BSc | ||||
32. | Хөрс судлал, агрохими | BSc | ||||
11. | 082 Ойн аж ахуй | 33. | Ойн инженер | BSc | ||
12. | 084 Мал эмнэл зүй | 34. | Мал эмнэл зүй | BSc | ||
13. | 091 Эрүүл мэнд | 35. | Сувилахуй | BSc | ||
36. | Био-анагаах ухаан | BSc | ||||
37. | Нийгмийн эрүүл мэнд | BSc | ||||
Нийт | 35 | 25 | 12 |
Л.ОЮУ
Холбоотой мэдээ