Авлигатай тэмцэх газар (АТГ) ашиг сонирхлын зөрчилгүй ажиллаж чадаж байна уу гэдэгт иргэд эргэлзэх болсоор удаж буй. Учир нь тус газарт шалгагдаж байсан хүмүүс албан тушаалд томилогддог болсноос энэхүү хардлага сэрдлэг үүдэлтэй юм. Одоо олон нийтийн анхаарлын төвд байгаа асуудал бол Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гийн хэргээр шалгагдан, УИХ-ын гишүүнийх нь бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр орж ирж байсан Л.Энхболд “Эрдэнэс Монгол” компанийн дэд захирал болох эсэх.
Хэрэв АТГ УИХ-ын гишүүн асан Л.Энхболдыг “Эрдэнэс Монгол”-ын дэд захирлаар томилоход асуудалгүй гэдэг тодорхойлолт гаргаж өгвөл ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргаж байна гэж үзэх үндэслэлтэй аж. Учрыг тайлбарлавал хэрэг хуучирдаггүй гэж үг бий. Хоёр жилийн өмнө тус газар Л.Энхболдыг ЖДҮХС-гаас зээл авсан нь албан тушаал эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдэл мөн гэж үзэн, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгах хүсэлтийг Улсын ерөнхий прокуророор дамжуулан тавьсан. Гэвч одоо “Эрдэнэс Монгол” компанийн дэд захирлаар томилоход асуудалгүй гэсэн бичиг хийж өгвөл жинхэнэ хоёр нүүр гаргасан хэрэг болох юм.
Нөгөө талаас УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан, УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нарын хөрөнгө, орлогыг анх УИХ-ын гишүүнээр сонгогдохынх нь өмнөхтэй харьцуулбал газар тэнгэр шиг ялгаатай, эрс өссөн дүр зураг буудаг.
Олон нийт тэдний хөрөнгө, орлого ямар эх үүсвэрээр өсөв, буруу замаар олсон орлого биш байгаа гэж хардан, шалгах ёстой гэдэг саналыг хэвлэлээр дамжуулан дайж ирсэн ч АТГ өнгөрсөн хугацаанд хөдөлсөн удаагүй. Энэ нь АТГ-ын нэр хүндийг ч унагаж ирсэн.
Жил бүрийн арванхоёрдугаар сарын 9-нд Авлигын эсрэг олон улсын өдөр тохиодог бөгөөд тав хоногийн өмнө болж өнгөрсөн. “Зөв зөвд шударга зөв” уриан дор өнгөрүүлсэн дээрх арга хэмжээ өнөөдөр ч үргэлжилж, олон нийтэд авлигын хор аюулыг ухуулан таниулахад гол зорилго нь оршиж буй. Харин олон нийт энэхүү уриаг АТГ өөртөө тавьж, зорилго чиглэлээ болгон ажиллахгүй бол төрийн дээд, дунд шатанд авлига, албан тушаалын гэмт хэрэг гаарч, асуудал улам хүндэрч буйг шүүмжилсээр л байна.
Л.ОЮУ
Холбоотой мэдээ