Адольф Гитлерийн тэжээвэр амьтан байсан гэгддэг матрын чихмэлийг ОХУ-ын музейд тавьж, үзмэр болгожээ.
Санчир гаригийн нэртэй тус матар 1946 онд “олзлогдсон"-оосоо хойш 84 нас хүртлээ Москвагийн амьтны хүрээлэнгийн нэр хүндтэй "оршин суугч" байжээ. Тэрээр энэ жилийн тавдугаар сарын эхээр үхсэн бөгөөд мэргэжилтнүүд түүнийг нэн даруй чихмэл болгосон байна. Улмаар тус чихмэлийг Москвагийн Дарвин музейн Умард Америкийн амьтдын тасагт байрлуулахаар болжээ.
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, Санчир 1936 онд Миссиссиппигийн зэрлэг байгальд төрж, нэг нас хүрээгүй байхдаа Берлиний амьтны хүрээлэнд очсон аж. Түүнчлэн удалгүй Гитлерийн хувийн цуглуулгад очсон гэдэг.
Харин хоёрдугаар дайн дуусаад, хэдэн жил өнгөрсний дараа англи цэргүүд Санчирыг Берлинээс олж, оросуудад бэлэглэжээ. Нутгийнхны ярьдгаар Берлин ялагдсанаас хойш Санчир худаг, харанхуй булан, зоорь дамжин гурван жил баригдахгүй амьдарсан аж.
Мөн "Daily Star" сонинд “1990-ээд оны эхээр ЗСБНХУ нуран унаж, танкууд ойролцоох парламентын байрыг буудан нураахыг гэрчилсэн Санчир Берлиний бөмбөгдүүлж байх үесийг санагалзсан бололтой нүдэндээ нулимстай харагдаж байлаа” хэмээн бичиж байжээ.
Дарвин музейн ажилтан Дмитрий Милосердов “Санчирыг үзмэр болгон бэлтгэх ажлыг ур чадвартай мэргэжилтнүүд зургаан сарын турш гүйцэтгэсэн. Манай музейн ямар ч амьтан түүн шиг баялаг намтаргүй. Санчир бол Москвагийн амьтны хүрээлэнгийн домог төдийгүй юм үзэж нүд тайлсан матар байсан юм” хэмээн ярьсан байна.
Музейн албан ёсны цахим хаягт бичсэнээр иргэд нэгдүгээр сарын 16-наас эхлэн тус домогт матрыг нүдээр үзэх боломжтой болох аж.
Эх сурвалж: UNILAD
Холбоотой мэдээ