Цахим орчинд бооцоотой тогловол Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ

Хуучирсан мэдээ: 2020.12.14-нд нийтлэгдсэн

Цахим орчинд бооцоотой тогловол Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ

 

Цахим орчинд бооцоотой тогловол Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч О.Эрдэнэхишигтэй ярилцлаа.


-Сүүлийн үед цахим орчинд иргэд бооцоот тоглоом ихээр тоглох боллоо. Цагдаагийн байгууллагаас үүнд анхаарлаа хандуулж шалгалтын ажиллагаа явуулж байгаа юу?

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 178 дугаар тогтоол, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор иргэд гэрээсээ олон нийтийн цахим сүлжээ фейсбүүк орчинд урьдчилан тооцоолох боломжгүй мөрийтэй тоглоом зохион байгуулах, азтан шалгаруулах хууль бус үйл ажиллагааг шууд бичлэг /live/ хэлбэрээр зохион байгуулж байна. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйл (Мөрийтэй тоглоом зохион байгуулах)-д заасан гэмт хэргийн шинжтэй тус үйлдэлд Эрүүгийн цагдаагийн албанаас тогтмол хяналт шалгалт хийж ажиллаж байна.

-Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад ямар үр дүн гарч байна вэ? Өөрөөр хэлбэл, хичнээн хүнд хариуцлага тооцсон талаараа мэдээлэл өгвөл?

Хөл хориог тогтоосноос хойших хугацаанд Эрүүгийн цагдаагийн албанаас цахим орчинд хууль бус бооцоот тоглоомын үйл ажиллагаа зохион байгуулсан 182 этгээдийг олж тогтоон, эрүүгийн хуульд заасны дагуу холбогдох шалгалтын ажиллагаа явуулж, эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсүүдэд хүргүүлсэн. Одоогийн байдлаар 41 этгээдийг материалжуулан шилжүүлсэн. Мөн хууль бус бооцоот тоглоомын 27 үйл ажиллагааг газар дээр нь таслан зогсоож ажилласан. Өчигдөр (2020.12.13)-ийн байдлаар л гэхэд цахим сүлжээнд бооцоот тоглоом зохион байгуулсан 25 этгээдийг олж тогтоон, үйл ажиллагааг нь таслан зогсоож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна.

-Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд цагдаагийн байгууллагаас хууль тогтоомжид зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээс гадна ямар арга хэмжээ авдаг вэ?

Цагдаагийн байгууллагын холбогдох алба нэгжээс олон нийтийн сүлжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг фэйсбүүк групп, цахим хуудас эзэмшигчдэд эрүүгийн болон бусад холбогдох хууль, тогтоомжийг танилцуулах арга хэмжээг тасралтгүй зохион байгуулан ажиллаж байна. Энэ дашрамд иргэд олон нийтэд анхааруулж хэлэхэд Та бүхэн минь Эрүүгийн хуульд заасан бооцоот тоглоом тоглуулж, ашиг олох нь хууль бус үйлдэл гэдгийг ойлгож, үүний цаана эрүүгийн хариуцлага хүлээнэ гэдгээ ухамсарлаасай гэж хүсье.

-Та сая хэлсэн үгэндээ Эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэлээ. Иймэрхүү хууль бус үйл ажиллагаа явуулж буй иргэдэд, магадгүй тус ажиллагааг зохион байгуулахыг санаачилсан залууст сануулж юу хэлэх вэ?

Энэхүү хууль бус ажиллагаа нь Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх заалттайг энэ хэрэгт холбогдогч зарим иргэд мэдээгүй байсан тохиолдлууд бий. Гэхдээ хууль мэдээгүйгээс хуулийн хариуцлагаас чөлөөлөгдөнө гэсэн ойлголт байдаггүй. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлд “Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол дөрвөн зуун тавин нэгж /450 мянган төгрөг/-ээс арван дөрвөн мянган нэгж /14 сая төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан.  Энэ зүйлийн 2-д: “Үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог, хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан, эсхүл ажиллуулсан бол таван мянга дөрвөн зуун нэгж /5.4 сая/-ээс хорин долоон мянган нэгж /27 сая/-тэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг нь хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн тус тус заасан байдаг.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж