АНУ өнөөдөр (2020.12.14) Covid-19-ийн эсрэг вакцинжуулалтаа эхлэх гэж байгаа билээ. Эхний ээлжинд цөөн тоотой нийлүүлэгдэж буй вакциныг эмч, эмнэлгийн ажилтнууд зэрэг эрсдэлт бүлгийн хүмүүсээс гадна Ерөнхийлөгч зэрэг төрийн өндөр албан тушаалтнуудад хийхээр төлөвлөж буйгаа мэдэгдсэн.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Цагаан ордныхон онц шаардлагагүй бол хамгийн сүүлийн ээлжинд вакцинжуулалтад хамрагдах хэрэгтэй гэж үзэж байна. Миний хувьд одоогоор вакцин хийлгэх төлөвлөгөөгүй байна. Тохиромжтой цаг нь болохоор хийлгэнэ” хэмээн мэдэгджээ. Тэрбээр өнгөрөгч аравдугаар сард Covid-19 авсны дараа эмчлүүлж эдгэрсэн билээ.
Тус улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Жо Байден үүрэгт ажлаа хүлээн аваад, эхний 100 хоногт 100 сая хүнийг вакцинжуулахаа мэдэгдсэн. АНУ-ын Хүнс, эмийн агентлаг “Pfizer/BionTech”-ийн хамтран боловсруулсан вакцинд яаралтай горимоор зөвшөөрөл олгоод байгаа ба “Moderna” компани өөрсдийн бүтээсэн вакциндаа зөвшөөрөл хүсээд байгаа билээ.
Эх сурвалж: BUSINESS INSIDER
Холбоотой мэдээ