Цар тахлын энэ үед төрөөс иргэдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор айл өрх, ААН-үүд, хувийн хэвшлийн ус, цахилгаан, дулаан, хогны төлбөрийг долоон сарын хугацаанд чөлөөлөөд буй. Энэхүү хөнгөлөлт арванхоёрдугаар сарын 1-нээс ирэх оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хүчинтэй болохыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр мэдэгдсэн. Уг мэдэгдлийн дараа цахилгааны ачаалал эрс нэмэгдэж, цахилгаан хүчдэл гэмтсэн, айл өрхүүдийн хөргөгч шатах, тог тасрах зэрэг асуудал үүссэн гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд цацагдаад буй юм. Энэ асуудлаар "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн Хяналт, аюулгүй ажиллагааны хэлтсийн дарга А.Амаржаргалаас тодрууллаа.
-Цахилгааны төлбөр тэглэсэнтэй холбоотойгоор орон сууцны айл өрхүүдийн тог тасарсан, хөргөгч шатсан гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү? Өчигдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд цахилгааны ачаалал хэр зэрэг нэмэгдсэн бэ?
-Засгийн газрын шийдвэрээр цахилгааны төлбөрийг тэглэсэн. Үүнээс болж цахилгааны ачаалал төдийлөн нэмэгдээгүй.
Өчигдрийн байдлаар орон сууцны айл өрхүүдийн тог тасраагүй, хэвийн байсан. Ер нь нийслэлийн хэмжээнд ачаалал гэр хороололд илүү байгаа юм.
Чиглэлээр нь харвал, Нисэх, Яармаг орчимд 54 хувийн ачааллын өсөлттэй, зуслангийн чиглэлд 31 хувьтай байсан бол Орбит, Толгойт, Их наран чиглэлд 21 хувийн ачааллын өсөлттэй байна. Мөн Улаанхуаран, Амгалан чиглэлд 19, Дэнжийн мянга, Хайлааст, Долоон буудал 16 хувь, Дарь эх, Ганц худаг, III, IV хорооллын хойгуур гэр хороололд 9 хувийн ачаалал тус тус өнгөрсөн оны мөн үеэс илүү өссөн.
-Гэхдээ цахилгааны төлбөр чөлөөлөх мэдэгдэл гарсны дараа оргил ачааллын хэрэглээ 1100-1213 мвт хүртэл өссөн гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан. Энэ талаар хариулт өгөхгүй юү?
-Энэ нь Төвийн бүсийн эрчим хүчний цахилгаан дамжуулах төвтэй холбоотой болов уу. Нийслэлийн хэмжээнд өчигдрийн байдлаар цахилгааны ачаалал 766 мв хүртэл нэмэгдсэн. Энэ нь цахилгааны төлбөрийг чөлөөлсөнтэй холбоотой юу, эсвэл хөл хорио тогтоосонтой холбоотой юу гэдгийг бид судалж байна. Ер нь орон сууцны айл өрхүүдээс илүү гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны ачаалал нэмэгдсэн. Тухайлбал, энэ сарын 12-ноос 13-ныг хүртэл гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны ачаалал 8.8 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 18 хувиар өссөн дүнтэй байна. Шалтгаан нь хөл хорио болон шөнийн цахилгааныг тэглэсэнтэй холбоотой байж магадгүй болов уу.
-Өнгөрсөн шөнө цахилгааны хүчдэл унаж, дэлбэрснээс болж айл өрхүүдийн тог тасарсан гэх мэдээлэл байна. Энэ талаар дуудлага мэдээлэл бүртгэгдэв үү?
-Өчигдөр Тахилтын задгайд цахилгааны хүчдэлийн шугам гэмтсэн гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Энэ дагуу очиход цахилгааны хүчдэлийн нэг шугамд гэмтэл гарсан байсныг хоёр цагийн дотор засварласан. Харин хүчдэл унаж гэмтсэн асуудал байхгүй.
Мэдээж, хүчдэлийн нэг шугам гэмтсэн тул айл өрхүүдийн цахилгаан түр хугацаанд тасарсан. Өнөөдрөөс хэвийн байна. Цахилгааны хүчдэл гэмтсэн шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.
–Өнөө өглөө цахилгааны ачааллаас болж эмнэлгүүдийн тог тасарсан гэх мэдээлэл цацагдсан. Тусгай объектуудад цахилгааны доголдол үүссэн үү?
-Эмнэлэг, төрийн тусгай хамгаалалттай объектууд шаардлагын дагуу 2-3 эх үүсвэрээр тэжээгдэх зэрэг шаардлага хангасан байдаг. Гэхдээ шугам дээр түр хугацааны гэмтэл гарч, цахилгааны доголдол үүсэх асуудал гардаг. Үүнийг шуурхай үйлчилгээний бригадаас автоматаар залгах байдлаар шуурхай шийддэг.
-Цаашид цахилгааны ачаалал эрс нэмэгдвэл яах вэ? Үүнээс урьдчилан сэргийлж, цахилгааны тасралтгүй ажиллагааг хангах бэлтгэл ажлыг хэрхэн хангаж байна вэ?
-Бид өвлийн бэлтгэл ажлаа бүрэн хангасан. Засгийн газрын шийдвэртэй холбоотойгоор өчигдөр шуурхай хуралдсан. Бид гарч болзошгүй эрсдэлээ тооцож, 24 цагаар ажиллах ажилтнуудын тоог нэмэх, аюулгүй нөөцийг бүрдүүлэх зэрэг тодорхой арга хэмжээ авахаар ажиллаж байна. Харин цахилгааны ачааллаас үүдэн гарч болзошгүй эрсдэлийг одоогоор тодорхой хэлэх боломжгүй. Бидний зүгээс иргэддээ хандаж цахилгаанаа зөв, хэмнэлттэй хэрэглэхийг зөвлөж байна. Мөн найдвартай халаагуур хэрэглэхийг зөвлөе. Чанаргүй, баталгаагүй халаагуур хэрэглэх, ачааллыг нэмэгдүүлснээр галын аюулгүй байдал алдагдаж болзошгүйг анхааруулъя.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ