NBA-ийн ахмад тоглогч Кендрик Перкинс Лос Анжелес Лэйкерс багийн залуу тоглогч Тэйлон Хортон-Такерыг домогт Коби Брайанттай харьцуулжээ. Өдгөө 20 настай Тэйлон Хортон-Такер улирлын өмнөх тоглолтуудад гайхалтай үзүүлэлтийг толилуулж байгаа бөгөөд Лос Анжелес Клипперс багийн эсрэг хийсэн хоёр тоглолтдоо 19 оноо, самбараас 9 бөмбөг авалт, 33 оноо, 10 самбараас бөмбөг авалт гэсэн үзүүлэлтүүдийг дараалан үзүүлжээ.
Кендрик Перкинс өөрийн твиттер хуудаснаа “Тэйлон одоогоор лигийн хамгийн үнэ цэнэтэй гэрээ байгуулсан тоглогч. Түүний тоглолт, ур чадвар бус одоо байгаа нөхцөл байдал нь надад нэг хүнийг санагдуулж байна. Эдди Жонес Лэйкерсээс явсны дараа залуу Коби яг л ийм эхлэлийг тавьж байлаа. Өөрийн цагаа хүлээх нь зүйн хэрэг. Одоо л түүний цаг ирж байна. Хоёр тоглолт дараалан Тэйлон Хортон-Такер талбай дээрх шилдэг тоглогч нь байлаа. Үргэлжлүүлээд байгаарай” хэмээжээ.
1999 онд Лэйкерсийн бүх од тоглогч байсан Эдди Жонес Нью-Орлеанс Хорнетс баг руу шилжиж солигдсоноос хойш залуу Коби Брайантад илүү их боломж олдож, тэрбээр 1999-2000 оны улиралд 22.5 оноо дунджилж, анхны аваргын цомоо хүртэж байсан түүхтэй.
Лэйкерсийн залуу тоглогч Тэйлон Хортон-Такерын хувьд лигт өнгөрүүлсэн эхний улиралдаа 5.7 оноо, 1.2 самбараас бөмбөг авалт, 1.0 оновчтой дамжуулалт дунджилжээ. Түүний сарвууны урт 9.5 инч бөгөөд Кавай Леонардын сарвуунаас 0.25 инч богино. Мөн тэрбээр 2019 оны драфтын ангийн хамгаалагчид дундаас хамгийн урт гартай нь буюу хоёр гараа алдлаад зогсохоороо 216 см аж.
Холбоотой мэдээ