Дэлхийн улсууд цар тахлын оргил үетэй нүүр тулж байна

Хуучирсан мэдээ: 2020.12.14-нд нийтлэгдсэн

COVID-19

Дэлхийн улсууд цар тахлын оргил үетэй нүүр тулж байна

Дэлхийн улсууд цар тахлын оргил үетэй нүүр тулж байна

Дэлхий даяар шинэ төрлийн Covid-19-өөр үүсгэгдсэн халдвараар хоногт хагас сая гаруй хүн шинээр өвчилж, энэ өвчнөөс үүссэн нас баралт хоногт 7-10 мянгын хооронд хэлбэлзэж байна. Цар тахал эхлээд даруй нэг жилийн хугацаа өнгөрсөн ч халдварын тархалт буурах бус, харин ч улам нэмэгдсээр байгаа юм.

Улс орнуудад халдварын хоёр, гурав дахь давалгаа эхэлж, эдийн засаг туйлдаж байна. Covid-19-ийн эсрэг вакцинууд эхнээсээ бэлэн болж байгаа ч түүхэнд байгаагүй богино хугацаанд бүтэж буй вакцинууд халдвараас бүрэн хамгаалж чадах эсэх нь оньсого мэт буй юм. Түүнчлэн дэлхийн нийт хүн амыг вакцинжуулахад их хугацаа шаардагдахаас гадна дэлхийн улс орнууд аль хүчтэй нь түрүүлж вакцинаа нөөцөлж байгаа нь цар тахалтай хийж буй дэлхий нийтийн тэмцэлд саад болж байна.

АНУ-д вакцинжуулалт өнөөдөр эхэлнэ

АНУ-ын Хүнс, эмийн удирдах газар энэ сарын 11-нд хуралдаж, Pfizer/BioNTech компаниудын хамтран бүтээсэн Сovid-19-ийн эсрэг вакцин хэрэглэхийг зөвшөөрсөн билээ. Тус улс нь вакцинжуулалтыг өнөөдөр (2020.12.14)-өөс эхлүүлэхээр төлөвлөсөн ба ард түмнээ вакцинжуулж буй дэлхийн зургаа дахь улс болж байна. Үүнээс өмнө Их Британи, ОХУ, Бахрейн, Канад, Шотланд улсууд дотооддоо вакцинжуулалтыг эхлүүлээд байгаа юм.

АНУ-ын Засгийн газрын хэрэгжүүлж буй “Operation Warp Speed” вакцинжуулалтын хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд мужуудын 145 эрүүл мэндийн төвд энэ долоо хоногийн дотор вакцин түгээх бөгөөд энэ сарын 15-ны өдөр гэхэд дахин 425 төвд вакцин түгээж, 16-нд үлдсэн 66 төвд түгээж дуусахаар төлөвлөжээ.

Эхний ээлжинд түгээж буй вакцин гурван сая хүнийг вакцинжуулахад л хүрэлцэх бөгөөд үүнийг ард иргэд тус улсын эрх баригчид вакцины асуудалд хойрго хандаж, бусад улс орнуудад боломжоо алдлаа хэмээн шүүмжилж байна. Нийт 300 гаруй сая хүн амтай АНУ-ын хувьд маш бага тоо тул нэн түрүүнд хамгийн эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй эмч, сувилагч нарт вакцин тарих шийдвэр гарсан бөгөөд ирэх оны нэгдүгээр сараас эхлэн нийт хүн амыг вакцинжуулах юм байна.

Тус улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Жо Байден ажлаа хүлээн аваад эхний 100 хоногт 100 сая хүнийг вакцинжуулахаа амласан билээ. “Pfizer” бол АНУ-ын хүнс, эмийн удирдах газраас зөвшөөрөл хүссэн ганц компани биш билээ. Биотехнологийн “Moderna” компани, мөн өөрсдийн бүтээсэн ижил технологитой вакциндаа зөвшөөрөл хүсээд байгаа ба тэдний хүсэлтийг энэ сарын 17-нд хуралдан шийдвэрлэх юм. АНУ-ын Засгийн газар “Moderna”-гаас 100 сая тун вакцин авахаар урьдчилсан захиалгаа өгчээ.

Өмнөд Солонгос, Японд халдварын тархалт оргил үедээ хүрэв

Өмнөд Солонгос, Япон улсууд цар тахлын гурав дахь давлагаа эхлээд байгаа билээ. Эдгээр улсуудад нөхцөл байдал харьцангуй тайван байсан ч сүүлийн өдрүүдэд халдварын тархалт эрчимжиж байна. Өмнөд Солонгост гэхэд Ням гаригт Сovid-19-ийн 1030 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь тус улсад цар тахал эхэлснээс хойшхи хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Нийслэл Сөүл хотод эмнэлгийн орны хүрэлцээ муудаж эхэлсэн тул ачааны чингэлэгт ор засч, түр эмнэлэг барьж байгаа юм. Шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын 1002 нь дотоодод дамжсан халдвар бол 70 хувь нь нийслэл Сөүл орчимд илэрсэн байна. Тус улсад бүртгэгдсэн халдварын нийт тохиолдол 42766 болж, 580 хүн нас баржээ. Иймд Ерөнхийлөгч Мүн Жэ Ин халдварыг хязгаарлах ажилд цэрэг, цагдаагийн хүчийг дайчлах шийдвэр гаргасан юм. Цаашид энэ байдлаар халдварын тархалт нэмэгдсээр байвал онц байдлын зэргийг ахиулах болно гэдгийг эрх баригчид мэдэгджээ. Цар тахлын нөхцөл байдлаас үүдэн тус улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний рейтинг унасаар 37 хувьтай болжээ.

Харин Япон улсад нэг өдөрт илрэх халдварын тохиолдол мөн л өмнө нь байгаагүй дээд хэмжээндээ хүрсэн байна. Тус улсад Ням гаригт 3030 тохиолдол шинээр нэмэгдсэн бөгөөд 621 нь нийслэл Токио хотод бүртгэгджээ. Улсын хэмжээнд нийтдээ 177287 хүн Сovid-19 авч, 2562 хүн нас бараад байгаа юм. Ийнхүү цар тахал эрчимжсэний улмаас Ерөнхий сайд Ёшихидэ Сүгагийн рейтинг 20 хувиар буураад байна. Ерөнхий сайдын албан тушаалд томилогдсон эхний гурван сарын хугацаанд түүний рейтинг 70 орчим хувьтай байсан юм.

Герман улс даяар хатуу хөл хорио тогтооно

Толгой өндийх сөхөөгүй цар тахалтай тэмцэж буй Европ тивд ч нөхцөл байдал тааруухан байна. Дэлхийн хүчирхэг эдийн засагтай улсуудын нэг Герман улс энэ Лхагва гаригаас эхлэн хатуу хөл хорио тогтоохоор болжээ. Нэгдүгээр сарын 10 хүртэл үргэлжлэх хөл хорионы компаниуд ажилтнуудаа гэрээс нь ажиллуулах, эсвэл амрааж, ихэнх дэлгүүрүүд болон бүх сургууль хаагдах юм байна. Тус улсад сүүлийн хэдэн долоо хоногт өдөрт илрэх халдварын тохиолдлын тоо 20 мянгаас буурахгүй байгаа нь мөн л цар тахал эхэлснээс хойшхи хамгийн өндөр үзүүлэлт болж байгаа учир ийм шийдэлд хүрчээ. Түүнчлэн тун удахгүй болох Зул сарын баярын үеэр халдвар огцом нэмэгдэж болзошгүй учир ийм арга хэмжээ авч байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж