НЭМЭЛТ: 16:50 ЦАГ
"Улаанбаатар төмөр зам" ХХН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарын өмгөөлөгч Г.Тунгалаг, хохирогч байгууллагын өмгөөлөгч Б.Уранцэцэг нар эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт, эмнэлгийн магадлагааг тус тус шүүхэд ирүүлжээ. Иймд шүүхээс дээрхи хүсэлтийг хэлэлцээд, шүүх хуралдааныг 2020 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрийн 09:00 цаг хүртэл хойшлуулав.
"УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ" ХХН-ИЙН ДАРГА АСАН Л.ПҮРЭВБААТАРЫГ ШҮҮНЭ
Нийслэлийн прокурорын газраас "Улаанбаатар төмөр зам" ХХН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр 10.00 цагт Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон. Тус дүүргийн шүүхийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Ж.Оюунцэцэгийн мэдээлснээр, Л.Пүрэвбаатарт холбогдох хэргийн шүүх хурал эхлээгүй байна.
Хэргийг эргэн тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт зааснаар “Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан бусдад давуу байдал олгож, хууль тогтоомж, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас байгууллагад үлэмж хэмжээний хохирол учруулсан” хэрэгт холбогдуулан Л.Пүрэвбаатарт яллах дүгнэлт үйлджээ.
Л.Пүрэвбаатарт холбогдох хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаан ирүүлсэн байна.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ