Засгийн газар Шүүхийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсныг хэлэлцэхийг УИХ дэмжсэн. Ерөнхийлөгч мөн Шүүхийн тухай багц хуулийн төсөл өргөн барьсан ч өөрөө түүнийгээ буцаан татсан. Эдгээр төслийн давуу, сул талын талаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, доктор О.Мөнхсайхантай хийсэн ярилцлгагыг хоёр сарын өмнө нийтэлж байсан билээ. Сүүлийн хугацаанд Шүүхийн тухай хуулийн төслийн Ажлын хэсэг болон дэд хэсэг идэвхтэй ажиллаж, зохих саналууд гаргаад буй тул энэ талаар доктор О.Мөнхсайхантай дахин ярилцлаа.
-Шүүхийн тухай хуулийн төсөл ямар шатандаа явж байна вэ?
-Шүүхийн тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхэд бэлтгэх, санал, дүгнэлт боловсруулах Ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар шинэчлэн байгуулсан. Уг ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Ж.Сүхбаатар, Ц.Мөнх-Оргил, Ш.Раднаасэд, Ц.Сандаг-Очир, Ш.Адъшаа нар ажиллаж байна. Мөн УИХ-ын Хууль зүйн байнгын хороо Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэд хэсгийг байгуулсан. Ажлын дэд хэсэгт ХЗДХЯ, УИХ-ын Хууль зүйн байнгын хороо төдийгүй бүх шатны шүүх, ШЕЗ, өмгөөлөгч, хуульч, судлаачдын төлөөлөл орж, сайн хууль гарахад хувь нэмрээ оруулахын төлөө сүүлийн сар шахам хугацаанд хичээнгүйлэн ажиллахын зэрэгцээ бусад шүүгчид, хуульчид, судлаачдын ч саналыг хүлээн авч, тусгаж ажиллаж байна. Дэд хэсгийн түвшинд хэлэлцэж гаргасан саналыг харгалзан боловсруулсан хүрээнд УИХ-ын Ажлын хэсэгт орсон эрхэм гишүүд нухацтай хэлэлцэж, олонхоороо маш зөв шийдлүүд гаргасан тул үүнийг УИХ-ын бусад гишүүд дэмжин баталж, иргэний шударга шүүхээр шүүлгэх эрхийн баталгааг хангаасай гэдэг үүднээс судлаачийн хувьд энэ ярилцлагыг өгч байна. Учир нь энэ бүх зөв зүйтэй саналууд хэлэлцэгдэж шүүгдээд, гол агуулгаараа батлагдах эсэх нь УИХ-ын гишүүдийн гарт байна.
-Шударга бусын хонгил тэгээд нуран унах уу?
-Шүүхийн тухай хуулийн төслийг зарчмын хувьд олон талаар сайжруулах саналууд гарч, Ажлын хэсэг дэмжиж, санал хураагаад байна. Шүүхийн тухай хуулийн төслийн талаарх саналууд нь уг төслийг Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалд нийцүүлэх, манайд шүүгчийн хараат бус байдал болон хариуцлагатай холбоотой асуудлыг зохистой шийдэх, олон улсын сайн туршлага, дотоод гадаадын судалгаанд тулгуурлан боловсруулагдаж буй нь гол агуулгаараа батлагдвал хараат бус, шударга шүүх бэхжих суурь тавигдана. Өөрөөр хэлбэл, “шударга бусын хонгил” гэгч нуран унана. Ихээхэн мөнгөн дүнтэй, эсвэл улстөрийн том ашиг сонирхлыг хөндсөн маргааныг шийдэхэд зөвхөн хууль, нотлох баримтаар биш, харин улстөрийн болон бусад зүй бус нөлөө орох эрсдэл байгааг “шударга бусын хонгил” гэж улс төрийн хэллэгээр хэлж байгаа гэж ойлгодог. Үнэхээр ийм эрсдэл байгаа юу гэвэл бодитой байгаа. Зарим тодорхой хэргийг шийдэж байгаа байдал, тэр шийдвэр гаргаж байгаа цаг момент зэргээс ийм эрсдэл байна гэж хардах хүмүүс байна. Үүнээс гадна олон улсын судалгаанаас иймэрхүү дүр зураг ч харагддаг. Жишээлбэл, Дэлхийн өрсөлдөх чадварын индексийн хүрээнд хийгддэг шүүхийн хараат бус байдлын үнэлгээгээр Монгол 140 гаруй улсаас 120-т жагсаж байна. Шүүхийн хараат бус байдлын энэ судалгааг бизнес эрхэлж байгаа хүмүүсээс авч дүгнэдэг. Тэгэхээр бизнес эрхлэгчид өөрсөдтэй нь холбоотой маргаан шударгаар шийдэгдэж байгаа дээр тун хангалтгүй гэжээ.
"ЕРӨНХИЙЛӨГЧИД ОЛГООГҮЙ БҮРЭН ЭРХИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧИД ЭДЛҮҮЛЭХЭЭР ХУУЛЬЧЛАХААС ТАТГАЛЗАХ ХЭРЭГТЭЙ"
-Шүүхийн тухай хуулийн төслийг хэрхэн сайжруулах саналууд гарч байна вэ?
-Шинэчлэлийн маш олон чухал агуулга Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсөлд туссан байсны зэрэгцээ нэмж шинээр тусгах сайн саналууд гарсан. Үүнээс чадахаараа тайлбарлая. Юуны өмнө Ерөнхийлөгчийн институтийг тойрч, хэт их эрх мэдэл төвлөрсөн нь түүний зүгээс тодорхой хэрэг, маргааны хувь заяанд шууд нөлөөлөх, эсхүл тийнхүү ойлгогдох байдлыг үүсгэдэг. Ерөнхийлөгчийн хууль санаачлах, хориг тавих, ШЕЗ-ийн санал болгосноор шүүгчдийг томилох, Дээд шүүхийн санал болгосноор Ерөнхий шүүгчийг нь томилох зэрэг үндсэн бүрэн эрхийг Үндсэн хуулиар ерөнхийлөгчид олгосон. Үүнээс гадуур Үндсэн хуульд үндсэн бүрэн эрх болгож зааж өгөөгүй маш олон үндсэн гэж хэлж болохоор бүрэн эрхийг хуулиар 28 жилийн турш нэмээд өгч ирсэн. Тухайлбал, 1993 оноос хойш шүүгчийг түдгэлзүүлэх, огцруулах, чөлөөлөх, Дээд шүүхээс бусад шүүхийн ерөнхий шүүгчийг томилох, 2002 оноос хойш шүүгчид сахилгын шийтгэл ногдуулах чиг үүрэгтэй Шүүхийн сахилгын хороог томилох, 2006 онд АТГ-ын дарга, дэд даргыг нэр дэвшүүлэх, 2012 оноос шүүгчдийг томилоод зогсохгүй тэдгээрийг хуульчдаас шилж олох чиг үүрэгтэй ШЕЗ-ийг томилох, 2019 оноос ҮАБЗ-өөс зөвлөмж гарвал ямар ч үндэслэл дурдахгүйгээр шүүгчийг хугацаагүй түдгэлзүүлэх, ерөнхий шүүгчийг огцруулах, УЕП, түүний орлогч, АТГ-ын дарга, дэд дарга нарын бүрэн эрхийг дуусгавар болгодог болсон. Үндсэн хуулиар олгосон үндсэн бүрэн эрхэд хамаарахгүй маш олон ийм бүрэн эрхийг хэтрүүлж өгснөөс болж Ерөнхийлөгчид хэт их эрх мэдэл төвлөрч, төрийн эрх мэдлийн хуваарилалт, хяналт тэнцэл алдагдахад хүрсэн. Энэ нөхцөлд олон нийтийн хардаж хэлээд байгаа шиг тодорхой хэрэг, маргаанд Ерөнхийлөгчийн институцийн зүгээс зүй бусаар нөлөөлөх бодитой эрсдэл бий. Эрх мэдэл ингэж хэт төвлөрсөн байгаа нь “шударга бусын хонгил” гэх эрсдэлийг үүсгэж, Үндсэн хууль зөрчдөг. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр 1992 оны Үндсэн хуульд заасан 33.4-ийн анхны үзэл баримтлалыг тодотгож, “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно” гэж заасан нь хонгилыг нураах гол түлхүүрүүдийн нэг. Иймээс шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх, чөлөөлөх, огцруулах, Улсын дээд шүүхээс бусад шүүхийн ерөнхий шүүгчийг томилох, түдгэлзүүлэх, огцруулах, ШЕЗ болон Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг санал болгох, томилох зэрэг Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид олгоогүй бүрэн эрхийг Ерөнхийлөгчид эдлүүлэхээр хуульчлахаас татгалзах хэрэгтэй. Ийм саналууд дэмжигдэж төсөлд тусаад явж байна.
-Та өмнөх ярилцлагадаа Ерөнхий шүүгчид хэт их эрх мэдэл төвлөрсөн нь асуудалтай гэж байсан?
-28 жилийн хугацаанд хэт их эрх мэдэлтэй ерөнхий шүүгчийг бүгдийг нь Ерөнхийлөгч үзэмжээрээ томилдог болсон нь энэ томилгоогоороо дамжуулан шүүхийн тодорхой шийдвэрт нөлөөлөх эрсдэл үүсгэж байсан. Дээд шүүхээс бусад шүүхийн ерөнхий шүүгчийг бүгдгийг нь нэг улс төрийн албан тушаалтан буюу Ерөнхийлөгч томилохоос татгалзаж байна. Засгийн газрын төслөөр тухайн шүүх бүрийн шүүгчид нь дотроосоо ерөнхий шүүгчээ сонгоно гэж орсон нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болон олон улсын сайн туршлагад нийцсэн. Мөн манай улсад ерөнхий шүүгчид хуулиар маш их эрх мэдэл өгсөн нь өөрөө шударга бусын хонгил гэх эрсдэл үүсэх өөр нэг шалтгаан нь.
Ерөнхий шүүгч хүссэн хуралдаанаа даргалах, шүүх бүрэлдэхүүнийг томилоход нөлөөлөх, Дээд шүүхийн болон давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч маргааны харьяалал шийдвэрлэх, танхим харгалзахгүйгээр шүүн таслах ажиллагаанд оролцох гэх мэтээр шүүн таслах ажиллагаанд нөлөөлөх давуу эрхийг Ерөнхий шүүгч эдэлж болохгүй гэдгийг тодорхой хуульчлах санал гарч ороод явж байна.
Үндсэн хууль дахь шүүгчийн хараат бус байдлын зарчмаар ерөнхий шүүгч гэдэг бол шүүн таслах ажил дээр бусад шүүгчтэй яг адилхан эрх мэдэлтэй болно. Ерөнхий шүүгч бол “дарга шүүгч” биш, харин шүүх доторх ажлаа уялдуулан зохицуулагч болж буй хэрэг. Өмнө нь ерөнхий шүүгчид төвлөрч ирсэн ихэнх эрх мэдлийг тухайн шүүхийн нийт шүүгчийг багтаасан зөвлөгөөнд шилжүүлж, зүй бусаар ашиглагдах эрсдэлийг үгүй болгохоор санал гарсан.
"ШУДАРГА БУСЫН ХОНГИЛ" ҮҮСГЭХЭД ХЭРЭГ, МАРГААНЫГ ШҮҮГЧДЭЭ ХУВААРИЛАХ БОЛОМЖИЙГ ХААГААГҮЙ ЯВДАЛ"
-Зарим нэг тохиолдолд хүссэн шүүгчээрээ хэргээ шийдвэрлүүлэх боломжтой гэх яриа гардаг?
-“Шударга бусын хонгил” үүсгэж буй өөр нэгэн зүйл бол эдийн засгийн, эсхүл улс төрийн том сонирхол бүхий тал хэрэг, маргааныг хүссэн шүүгчдээ хуваарилуулах боломжийг хаагаагүй хуулийн зохицуулалт үйлчилж ирсэнтэй холбоотой. Тодруулбал, шүүгчдийн зөвлөгөөн “хэрэг хуваарилах журмыг батлах” асуудлыг хэлэлцэн шийдвэрлэдгээс хэрэг хуваарилах журмыг тодорхойгүй, шүүх бүрт ялгаатай, иргэд болон өмгөөлөгчид ч олддоггүй шахуу хаагдмал байлгадаг нөхцөлийг үүсгэсэн. Ийм зохицуулалт нь будлиантуулахад хялбар хэрэг хуваарилах систем үүсгэж, хээл хахууль, авлига үүсгэх орон зайг буй болгодог.
Жишээлбэл, том ашиг сонирхол бүхий хэрэг нь хүссэн шүүгч дээрээ орчдог бөгөөд хэрэг автоматаар хуваарилах системийг зогсоож, дахин дахин хуваарилуулах замаар үүнийгээ хийдэг гэх яриа чих дэлсдэг. Өмнө дурдсанчлан, дандаа биш ч гэсэн зарим нэг тохиолдолд ерөнхий шүүгч нь өөрт буй давуу эрхүүдээ урвуулан ашиглаж, ийм зүй бус хуваарилалт хийхэд оролцдог байх гэх хардлага гардаг.
Хэрэг, нэхэмжлэл, гомдол хүсэлт, бүрэлдэхүүнийг хуваарилахдаа цахим программ хангамж ашиглах болон урьдчилан мэдэх боломжгүй, санамсаргүй тохиолдлоор шийдвэрлэх замаар бүх шүүхэд мөрдөх тодорхой, объектив шалгуурыг нийтлэг байдлаар тусгаж, үүнд нийцүүлэн тухайн шүүх нь журамлах маш нарийвчилсан зохицуулалт анх удаа хуульчлагдах санал дэмжигдээд байна.
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр ШЕЗ-ийг хэрхэн бүрдүүлэх вэ?
-ШЕЗ болон Сахилгын хорооны гишүүдийг бүрдүүлэхэд Ерөнхийлөгч ерөөс оролцож болохгүй гэх үзэл баримтлалтай Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдсан. Үүнээс гадна 2019 оны нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулийн 49.5-т ШЕЗ нь 10 гишүүнтэй байна, тэдгээрийн тавыг шүүгчид дотроосоо сонгож, бусад тавыг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилох бөгөөд тэдгээр нь дөрвөн жилийн хугацаагаар нэг удаа ажиллана, даргаа дотроосоо сонгоно гэж заасан. Энэ бүрэлдэхүүнд өмнөх шиг шүүгчид давамгайлаад ирэхээр шүүгчийн явцуу ашиг сонирхлыг илүү баримтлаад хариуцлагыг нь сулруулах эрсдэлтэй. Шүүгчийг нь цөөлчихвөл шүүгчийн хараат бус байдал руу халдах магадлалтай. Тиймээс шүүгч болон шүүгч бус гишүүнийг тэнцүү байхаар Үндсэн хуульд заасан нь хараат бус байдал болон хариуцлагын тэнцвэрийг олж байгаа юм.
ШЕЗ-ийн 10 гишүүний 5-ыг шүүгчид өөрсдөөсөө шууд сонгож бүрдүүлж байгаа нь уг зөвлөлд ирэх зүй бус нөлөөллийг сааруулна. Даргаа дотроосоо сонгож байгаа нь ч бас ШЕЗ-ийн бие даасан байдлыг хангахад тустай. ШЕЗ нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хамгаалах зорилготой учраас өөрөө бас харьцангуй бие даасан байх зарчимтай.
-Ажлын хэсэг дээр ШЕЗ-ийг хэрхэн бүрдүүлэхээр ярьсан бэ?
-ШЕЗ-ийн шүүгч гишүүнийг сонгоход баримтлах гурван шаардлага Үндсэн хуулийн 49.5-д агуулагддаг. Нэгд, нийт шүүгчдийг багтаасан бүрэлдэхүүнээс ШЕЗ-ийн шүүгч таван гишүүнийг сонгох агуулга Ерөнхийлөгчийн төсөлд туссанг Ажлын хэсэг дэмжсэн. Хоёрт, Үндсэн хуулийн 49.5-д зааснаар шүүгчид ШЕЗ-ийн шүүгч таван гишүүнийг УИХ зэрэг аливаа этгээдэд санал болгох бус, харин дотроосоо шууд сонгох ёстой. Энэ шаардлагыг Засгийн газар төсөл хангаж байна. Гэтэл, Ерөнхийлөгчийн төслөөр шүүгчид өөрсдөө ШЕЗ-ийн шүүгч таван гишүүнийг шууд сонгохгүй, харин УИХ-д санал болгож томилуулна гээд оруулчихсан. Гуравт, Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалд гурван шатны шүүх тус бүрийн шүүгчдийн тэнцвэртэй төлөөллийг ШЕЗ-д хувь тэнцүүлэн оруулахаар заасан. Ерөнхийлөгчийн төслөөр анхан шатны шүүхийн шүүгч гурав, хяналтын шатны болон давж заалдах шатны шүүхийн шүүгч тус бүр нэгийг ШЕЗ-д оруулахаар заах санал явж байна. Үүнээс гадна Монгол Улсын нийт шүүгчээс бүрдсэн Нийт шүүгчдийн хуралдаан хэзээ яаж хуралдаж ШЕЗ-ийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүдийг сонгох вэ гэдгийг маш нарийн процессжуулж өгч буй. Уг хуралдааны зохион байгуулах чиг үүрэг нь шат шатны шүүхээс тэнцвэртэй бүрдсэн ажлын хэсэгт ногдох, санал тооллогын комиссыг уг хуралдаан өөрөө тэнцвэртэйгээр сонгож бүрдүүлэх санаа юм. Нийт шүүгчдийн хуралдааныг 45 хоногийн өмнө зарлах, ШЕЗ болон ШСХ-нд нэр дэвших боломж олгоход 21 хоног өгөх, нэр дэвшигчдийн танилцуулгыг цахим хуудаст байрлуулах, иргэд асуулт, саналаа илэрхийлэх боломж олгох, нийт шүүгчдийн хуралдаан дээр нэр дэвшигч бүр хийх ажил, нэр дэвшсэн үндэслэлээ тайлбарлаж, иргэдээс урьдчилан ирүүлсэн асуулт болон оролцогчдын асуултад хариулах, тэгээд тухайн орон тоонд тохирсон хамгийн олон санал авсан шүүгчийг сонгох зохицуулалт бий. Энэ нь шүүгчид нийтээрээ, чөлөөтэй, шууд, тэгш сонгох эрхээ эдэлж нууцаар санал хураалгаж хүсэл зоригоо илэрхийлэн сайн процесс яригдаж байна.
-ШЕЗ-ийн шүүгч биш гишүүдийг хэрхэн сонгон шалгаруулж томилох вэ?
-ШЕЗ-ийн шүүгч бус гишүүдийг хэрхэн сонгох талаар Үндсэн хуулийн үзэл баримтлалд гурван шаардлага бий. Нэгд, ШЕЗ-ийн гишүүнийг Ерөнхийлөгч санал болгох, томилох зэргээр оролцохыг Үндсэн хууль 33.4 хориглодог. Хоёрт, Үндсэн хуулийн 49.5-д ШЕЗ-ийн шүүгч бус таван гишүүнийг “нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно” гэж заасан. Энэ нь шаардлага хангасан хэн ч чөлөөтэй нэрээ дэвшүүлэх, улмаар тэдгээр нэр дэвшигчээс шаардлагыг хамгийн сайн хангасан хүнийг сонгон шалгаруулж гаргаж ирэх, энэхүү сонгон шалгаруулалтад шүүхээс бусад институцийн тэнцвэртэй оролцоог хангана гэсэн агуулгатай. Үндсэн хуулийн энэ гурван шаардлагыг хамгийн сайн хангах, олон улсын сайн туршлагад нийцсэн, өнөөгийн нөхцөлд тохирсон нэгэн сайн хувилбар яригдаж байна. ШЕЗ бол шүүгчийг шилж олох, шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах чухал чиг үүрэгтэй. ШЕЗ-д нэр дэвшигчийн мэдлэг, чадвар, хандлага, ёс зүй, туршлагыг нь судалж энэ чиг үүргийг хамгийн сайн гүйцэтгэж чадах хүнийг тодруулах ажиллагаа бол сонгон шалгаруулалт юм. Сонгон шалгаруулалт өөрөө хараат бус, бодитой, олон талын оролцоог хангасан байх хэрэгтэй. Тал талын төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг байгуулж шүүгч биш таван гишүүнийг сонгон шалгаруулах үүргийг хариуцуулах боломжтой. Ажлын хэсэг нь ШЕЗ-ийн гишүүнд тавих шаардлагыг хамгийн сайн хангасан нэр дэвшигчийг гаргаж ирнэ гэсэн үг. Нэг талаас төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцдог субъектүүдийн төлөөллийг, нөгөө талаас мэргэжлийн болон иргэний нийгмийн төлөөллийг тэнцвэртэй хангаж энэ ажлын хэсгийг шууд байгуулах санаа. Улсын Их Хурал дахь олонх, цөөнх, Ерөнхийлөгч, Засгийн газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллага, хууль зүйн сургалт, судалгааны байгууллага, их, дээд сургуулийн санал болгосон тэнцвэртэй төлөөллөөс бүрдсэн 11 гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд Ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын захирамжаар томилсон Улсын Их Хурлын гишүүн ахална гэх заалт дэмжигдсэн.
Шаардлага хангасан иргэд нэрээ дэвшүүлэх 21 хоногийн хугацаа олгох, нэр дэвшигчийг бүртгэж танилцуулга, баримт бичгийг цахим хуудаст даруй байрлуулах, ажлын хэсэг нэр дэвшигчийн баримт бичгийг судлах, тэдгээртэй болон бусад этгээдтэй ярилцлага хийх зэргээр мэдээлэл цуглуулж олонхын санал авсан нэр дэвшигчдээс эрэмбэлж УИХ-д санал болгох санал гарсан.
Шүүгч бус таван гишүүний сонгон шалгаруулалтыг өөр өөр институцээр хийлгэх нь сонгон шалгаруулалтыг хийх хоёр дахь хувилбар яригдсан ч дэмжлэг аваагүй. Учир нь, энэ хувилбарын хувьд сонгон шалгаруулалтыг өөр өөр субъектүүдэд өгөөд хариуцуулах тухайн субъект бүр нь бие даан шийдвэр гаргаж бодитой оролцох талтай ч таван субъект дээр тус бүрт сонгон шалгаруулалт давхардуулах талтай, төлөөний хүнээ ШЕЗ рүү оруулдаг байдал үүсгэнэ гэж татгалзсан. Үүний оронд тал талын төлөөллийг хангаж ажлын хэсэг байгуулаад тэр нь нэр дэвшигчдийн хамгийн сайн мэдлэг, ур чадвар, хандлага, ёс зүйтэй вэ гэдгийг судалж тухайн албан тушаалд тавих шаардлагыг аль нэр дэвшигч илүү сайн хангасныг гаргаж ирэхийн төлөө хамтран ажиллана. Тал талын бүрэлдэхүүн болон ингэж процессжуулж өгсөн явдал нь ажлын хэсэгт аливаа этгээд хэт давамгайлж нөлөөлөх боломжгүй сонгон шалгаруулалт болох суурь болно.
-ШЕЗ-ийн шүүгч биш таван гишүүнийг сонгон шалгаруулалт хийж тодруулсны дараа хэн томилох нь дээр вэ?
-Нэг ажлын хэсэг байгуулаад сонгон шалгаруулалт хийгээд ШЕЗ-ийн шүүгч биш таван гишүүнд нэр дэвшигчийг тодруулаад ирэхээр тэдгээрийг УИХ томилно. Яагаад гэхээр ШЕЗ хуульчдаас шүүгчдийг шилж олж Ерөнхийлөгчид санал болгох бөгөөд шүүгчид нь иргэд бидний амьдралын хамгийн чухал зүйлс маргаан орохоор хуулийн дагуу эцэслэн шийдвэрлэнэ. Ийм эрх мэдлийг хэрэгжүүлэх шүүгчдийг шилж олох учраас ШЕЗ-ийн гишүүдийн ядаж тал нь ард түмнийг төлөөлдөг парламентаас хүлээн зөвшөөрөгдвөл өөрөө ардчилсан ёсны легитим шинжээр хангана. Шүүхийн ерөнхий зөвлөл бүхий Франц, Испани, Итали зэрэг улсад уг зөвлөл дахь шүүгч гишүүдийг шүүгч нар нь сонгох, шүүгч биш гишүүдийг нь парламент ихэнхдээ дийлэнх олонхоор томилдог. Парламент томилно гэдэг нь үзэмжээрээ шийднэ гэсэн үг биш. Энэ томилгоо дахь УИХ-ын үзэмжийг хязгаарласан гурван механизмыг олон улсын сайн туршлагад үндэслэн хуульчлах санал гарч дэмжигдээд байна.
Нэгд, сонгон шалгаруулалтыг дээр дурдсан тал талын төлөөлөл бүхий ажлын хэсэг хийж, үүнийхээ үндсэн дээр УИХ-д санал болгоно. УИХ өөрөө үзэмжээрээ хэнийг санал болгохыг шийдэхгүй гэсэн үг. Хоёрт, УИХ-ын дур зоргыг хязгаарлах, олон нийтийн хяналт, оролцоо, ил тод байдлыг хангах үүднээс шалгарсан нэр дэвшигч бүр дээр УИХ-ын хууль зүйн байнгын хороо томилгооны сонсгол хийнэ.
Энэ сонсголд сонирхсон иргэн, мэргэжлийн болон төрийн бус байгууллага, судлаач, хуульчид оролцож саналаа хэлэх, асуулт асуух боломжоор хангагдахаас гадна УИХ-ын гишүүд тухайн нэр дэвшигчээс асууж шалгааж хэн бэ гэдгийг нь олон нийтийн өмнө харуулж мэдээлэл өгөх, иргэдийн саналыг тусгах гэж байгаа юм. Ажлын хэсгээс санал болгосон хүнийг томилох эсэхийг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэнэ. Гуравт, сонгон шалгаруулалт болон томилгооны сонсгол яаж явагдах тухай маш нарийн процесс хийж өгч буй нь дур зоргоор хандах, шаардлага хангахгүй хүн томилогдохоос сэргийлэх юм. Энд санал болгож буй байдлаар ШЕЗ-ийн шүүгч бус таван гишүүнийг сонгон шалгаруулж томилохоор хуульчилбал аль нэг субъектээс зүй бусаар давамгайлж оролцох эрсдэлийг хааж, шүүгчийг шилж олох, томилоход гол институцийг бүгдгийг нь тэнцвэртэй оролцуулж, ШЕЗ бие даан, хараат бусаар хариуцлагатай ажиллах нөхцөл бүрдэнэ. ШЕЗ-ийн талыг шүүгчид сонгож буй тул шүүгчдийн оролцоог хангаж, шүүгчийн хараат бус байдлыг хамгаалж ШЕЗ-д орж ирэх зүй бус нөлөөллийг сааруулчихна. ШЕЗ-ийн шүүгч биш гишүүнийг сонгон шалгаруулж томилоход мэргэжлийн болон судалгаа, эрдэм шинжилгээний байгууллагууд төдийгүй УИХ дахь олонх, цөөнх, бодлогын яам, хүний эрхийн үндэсний байгууллагын оролцоог хангана. Ийм тал талын оролцоотой бүрдсэн ШЕЗ хуульчдаас шилж олж санал болгосон хүнийг шүүгчээр томилох шийдвэрийг Ерөнхийлөгч гаргах учраас Ерөнхийлөгчийн оролцоог маш сайн хангана.
"ШҮҮГЧИД САХИЛГЫН ШИЙТГЭЛ ОНОГДУУЛСАН ШИЙДВЭРТ ГАРСАН ГОМДЛЫГ САХИЛГЫН ХОРОО ДОТРОО ЭЦЭСЛЭН ШИЙДВЭРЛЭНЭ"
-Шүүгчдийн сахилга хариуцлага сул байна гэх шүүмжлэл байдаг. Шүүхийн сахилгын хороог хэрхэн бүрдүүлэх ёстой вэ?
-Шүүгчийн сахилга, хариуцлагын тогтолцоо удаа дараа өөрчлөгдсөн бөгөөд Ерөнхийлөгч, ҮАБЗ, ШЕЗ гэх мэт янз бүрийн субъектээс хөндлөнгөөс энэ процесст оролцож тарамдуулахаар хуульчилж ирсэн нь уг тогтолцоог тогтворгүй, үр нөлөөгүй болгож байгаа учраас үүнийг шийдвэрлэх үүднээс Шүүхийн сахилгын хороог Үндсэн хуульд шинээр тусгасан. Шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий шүүхийн сахилгын хороо ажиллана гэж Үндсэн хуулийн 49.6-д заасан. Үүний үзэл баримтлал нь Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг шүүн таслах болон бусад туршлагатай иргэдээс нээлттэй нэр дэвшүүлэх замаар холбогдох институцээс тэнцвэртэй бүрдүүлэх юм. Засгийн газрын төсөлд Шүүхийн сахилгын хороо есөн гишүүнтэй байх бөгөөд үүний дөрөв нь нийт шүүгчдийн хурлаас сонгогдсон шүүгч, тав нь шүүгч биш, хууль зүйн өндөр мэргэшилтэй иргэд байхаар туссан нь хэвээрээ. ШЕЗ-ийн гишүүдтэй адилхан процессоор ШЕЗ-ийн шүүгч гишүүнийг Нийт шүүгчдийн хуралдаанаар, шүүгч биш гишүүнийг сонгон шалгаруулалтаар гарч ирсэн нэр дэвшигч бүр дээр УИХ томилгооны сонсгол хийж томилох санал дэмжигдээд явж байна. Ерөнхийлөгч Сахилгын хорооны гишүүнийг томилох, санал болгох байдлаар шууд оролцохгүй. Монгол Улс 550 хүрэхгүй шүүгчтэй, сахилгын хэргийн ачаалал тийм их биш учраас уг хорооны гишүүдийн тоо одоогийнх шигээ 9 байх нь зохистой. Шүүхийн сахилгын хорооны 9 гишүүний 4 буюу цөөнх нь шүүгч гишүүн байх нь шүүгч шүүгчээ өмөөрдөг байдлыг хязгаарлаж, сахилгын зөрчил гаргасан шүүгчид хариуцлага тооцоход итгэл найдвар төрүүлнэ. Нөгөө талаар, шүүгч биш гишүүд олонх учраас шүүгчийн хараат бус байдал руу халдах эрсдэл үүснэ. Энэ эрсдэлийг хаах үүднээс Шүүхийн сахилгын хорооны сахилгын зөрчлийн агуулгыг шийдсэн магадлал нь хууль зөрчиж байна гэж үзвэл Дээд шүүхэд гомдол гаргаж шийдүүлж байхаар Засгийн газрын төсөл туссан нь сайн хувилбарын нэг мөн.
Нөгөө талаар, Ерөнхийлөгчийн төсөлд байгаа шиг Шүүхийн сахилгын хорооны гишүүний цөөнх нь шүүгчийн төлөөлөл байж, үүний гаргасан шийдвэрийг Дээд шүүхэд гомдол гаргах эрхгүй байхаар заавал Үндсэн хууль дахь шүүгчийн хараат бус байдлыг эрсдэлд оруулна. Сахилгын хэргийг эхний байдлаар шийдвэрлэсэн шийдвэрийн алдаа засагдах боломжтой байх хэрэгтэй.
Иймээс шүүгчид сахилгын шийтгэл оногдуулсан шийдвэрт гарсан гомдлыг Сахилгын хороо дотроо эцэслэн шийдвэрлэх бол үүний бүрэлдэхүүнд шүүгч гишүүд нь ядаж 50 хувиас доошгүй байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, шүүгч болон шүүгч биш гишүүдийн тэнцүү тооны төлөөлөлтэй бүрэлдэхүүн уг асуудлыг эцэслэн шийдвэрлэдэг байвал нэг талаас шүүгчид олонх болоод бие биенээ хаацайлаад байдаг явдлаас сэргийлнэ, нөгөө талаас шүүгчийн хараат бус байдалд халдах эрсдэлийг шүүгч гишүүд нь зогсоох боломжтой. Чех зэрэг улсын ийм туршлага бий.
"ШҮҮХИЙН ЁС ЗҮЙ ХОРОО ДӨРВӨН ЖИЛИЙН ХУГАЦААНД 71 ШҮҮГЧИД САХИЛГЫН АРГА ХЭМЖЭЭ АВСАН БАЙДАГ"
-Манай улсад шүүгчдэд сахилга хариуцлага тооцдог механизм хэрхэн явж ирсэн байдаг вэ?
-2014-2018 оны хооронд нийт 71 шүүгчид сахилгын арга хэмжээг Шүүхийн ёс зүй хороо авсан байдаг. Эдгээрийн ихэнх нь шүүхийн шатанд хэрэгсэхгүй болж ердөө 15 нь сахилгын шийтгэл хүлээсэнд янз бүрийн шалтгаан бий. Уг хорооны шийдвэрийн чанарын асуудал байсныг үгүйсгэхгүй. Нөгөө талаар хуулийн буруу зохицуулалтаас болж сахилгын зөрчил гаргасан шүүгчид хариуцлага хүлээлгэж чадахгүй байдал үүсдэг. Нэгд, шүүгчийн сахилга, хариуцлагын тогтолцоог үр нөлөөгүй болгож буй нэг шалтгаан бол хэт богино хөөн хэлэлцэх хугацаа. Засгийн газрын төсөлд шүүгчийн сахилгын зөрчил гарснаас хойш 12 сар өнгөрвөл ямар ч хариуцлага тооцохгүй гэдэг заалт орсон байсныг олон улсын жишигт нийцүүлэн засаж огцруулах хэмжээний зөрчил гарснаас хойш 5 жил, бусад шийтгэл оногдуулах зөрчил гарснаас хойш 2 жил өнгөрсөн бол сахилгын шийтгэл оногдуулахгүй байх заалтууд дэмжигдсэн. Нэг жил бол дороо өнгөрчихдөг учраас сахилгын ноцтой зөрчил гаргасан шүүгчид шийтгэл оногдуулж чадахгүй явж ирсэн эцэс болох алхам тавигдана. АНУ, Канад, ОХУ зэрэг улсад шүүгчийн сахилгын зөрчилд хөөн хэлэлцэх хугацааг огт үйлчилдэггүй, Италид 10 жил, ХБНГУ-д огцруулах зөрчилд ийм хугацаа үйлчилдэггүй. Яг ийм биш ч гэсэн одоог хүртэл үйлчилж ирсэн хөөн хэлэлцэх хугацааг 2-5 дахин уртасгаж буй чамлахааргүй алхам. Хоёрт, шүүгчийн хариуцлагыг дордуулсан заалт шүүгчийн сахилын зөрчилд хүлээлгэх шийтгэлийг хэт хөнгөвчилсөн заалт төсөлд орчихсон байгаа. Шүүгч сахилгын зөрчил гаргавал хаалттай эсвэл нээлттэй сануулна, сургалтад суулгана, зэрэг дэвийг бууруулна, эсвэл огцруулна гэж байгаа юм. Огцруулахаас бусад нь ерөнхийдөө хөнгөн шийтгэл. Ер нь шүүгчид зэрэг, дэв байх нь зүйтэй эсэх эргэлзээтэйгээр гадна зэрэг дэв бууруулсан ч үндсэн цалин нь хэвээр үлдэх тул энэ нь хөнгөн шийтгэл юм. Гэтэл дунд зэргийг хүнд шийтгэл төсөлд тусгагдаагүй байсныг засаж хаалттай, нээлттэй сануулах, огцруулахаас гадна дундын шийтгэл буюу цалингийн хэмжээг зургаа хүртэл сараар 20 хүртэл хувь бууруулах, шүүгчийн бүрэн эрхийг гурван сар хүртэл түдгэлзүүлж сургалтад суулгах шийтгэлийг хуульчилж өгөх санал гарсан нь тухайн зөрчилд тохирсон, шударга шийтгэл оногдуулахад тустай. Цалин бууруулах, түдгэлзүүлэх нь олон улсад түгээмэл шийтгэлд тооцогддог. Гуравт, Ажлын хэсгийн хүрээнд яригдаж дэмжигдсэн маш чухал асуудал бол шүүгчид сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэлийг маш тодорхой хуульчлах санал. 1992 оны Үндсэн хуулийн 51.4-т зөвхөн хуульд заасан үндэслэлээр шүүгчийг огцруулахаар заасан ч ийм үндэслэлийг хуульд бүрэн бичээгүйн дээр Шүүгчийн ёс зүйн дүрэм гэсэн хэт ерөнхий хэм хэмжээг зөрчсөн гэдгээр огцруулдаг байсан. 2019 оны нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулийн 49.6-д хуульд зааснаар Шүүхийн сахилгын хороо нь хуульд заасан үндэслэл, журмаар сахилгын шийтгэл оногдуулах чиг үүрэгтэй.
Иймээс шүүгчид сахилгын аливаа шийтгэл оногдуулах үндэслэлийг тодорхой хуульчлах санал гарч дэмжигдсэн. Жишээлбэл, хэргийн оролцогчтой зохисгүй авирлах, бэлгийн болон бусад дарамт үзүүлэх, ялгаварлан гадуурхах гэх мэтрийг хориглож зөрчвөл сахилгын шийтгэл оногдуулахаар заах юм.
Ийнхүү тодорхой, дэлгэрэнгүй хуульчлах нь нэг талаар Шүүхийн сахилгын хорооны бүрэлдэхүүн үзэмжээрээ, субъектив хандах байдлыг хязгаарлах, нөгөө талаар юу хориглогдож, ямар үүрэг хүлээж буйг шүүгчид урьдчилан мэдэх, сахин биелүүлэх, сахилгын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Дөрөвт, Шүүхийн тухай хуульд шүүгчийн сахилгын зөрчлийн тодорхой жагсаалтыг дэлгэрэнгүй заахын зэрэгцээ уг жагсаалтад багтахгүй зөрчил дээр шийтгэл оногдуулах боломж олгох ерөнхий зөрчлийг хуульчилдаг нь олон улсын сайн туршлага мөн. Жишээлбэл, шүүн таслах үүргээ гүйцэтгэх явцад эсхүл бусад үед шүүхийн нэр хүнд болон шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг унагасан үйлдэл, эс үйлдэхүй гаргасан бол сахилгын шийтгэл хүлээлгэхээр маш олон улсад заадаг. Ийм тодорхой шалгууртай ерөнхий зөрчлийг хуульчлахгүй бол шинээр бий болсон ноцтой зөрчилд арга хэмжээ авах боломжгүй болж, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг унагадаг. Үүнээс гадна ямар зөрчилд ямар шийтгэл эсхүл шийтгэлүүд оногдуулах вэ гэдгийг тодорхой хуульчлах чиглэлийг Ажлын хэсэг дэд хэсэгт өгсөн. Энийг оновчтой тогтоож чадвал хүнд зөрчилд илүү хүнд шийтгэл, хөнгөн зөрчилд арай хөнгөн шийтгэл оногдуулдаг болж шударга ёс хангагдах боломжтой.
-Шүүхийн мэргэшлийн хороо яг ямар үүрэгтэй байгууллага Вбэ. Энэ хороо байх ёстой юу?
-Хоёр төсөлд бичсэнээр Шүүхийн мэргэжлийн хороо хоёр чиг үүрэгтэй байхаар байна. Нэгд, шүүгчид нэр дэвшигчээс шалгалт аваад шалгалтад тэнцэхгүй бол хасна, тэнцсэнийг нь ШЕЗ-д хүргүүлнэ. Хоёрт, Шүүхийн мэргэшлийн хороо шүүгч мэргэжлийн хувьд тэнцэхгүй гэсэн дүгнэлт гарвал түүнд үндэслээд шүүгчийг чөлөөлөхөөр заажээ. Ийм 2 чиг үүргийг Шүүхийн мэргэшлийн хороонд өгөх шаардлагагүй тул энэ хороог татан буулгах санал дэмжигдсэн. Юуны өмнө, Үндсэн хуулийн 49.4-т ШЕЗ гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох үүрэгтэй гэж заасан. Гэтэл ШЕЗ-ийн шилж олох ажлыг Шүүхийн мэргэжлийн хороо гээд Үндсэн хуулийн биш байгууллага руу шилжүүлж ирсэн нь маш их шүүмжлэл дагуулдаг.
2012 оны хуультай адилхан Мэргэшлийн хороо шүүгчид нэр дэвшигчээс шалгалт авч тэнцсэнийг нь оноогоор нь эрэмбэлэн ШЕЗ-д хүргүүлэхээр Ерөнхийлөгчийн төсөлд заажээ. ШЕЗ онооны эрэмбийг заавал бариад хамгийн өндрийг нь Ерөнхийлөгчид санал болгохоор зохицуулбал ШЕЗ-ийн шүүгчийг шилж олох бүрэн эрх үгүйсгэгдчих гээд байдаг.
Эсхүл ШЕЗ уг эрэмбийг өөрчлөхөөр хамгийн муу оноо авсан хүнийг Ерөнхийлөгчид санал болголоо гэж шүүмжлэгддэг. Засгийн газрын төслөөр Шүүхийн мэргэжлийн хороо шалгалт авчхаад тэнцсэн бүх нэр дэвшигчийг ШЕЗ-д хүргүүлэх боловч оноогоор эрэмбэлэхгүй гэж буй нь ШЕЗ сонголт хийх боломж олгож буй ч шалгалтаар тааруу оноо авсан хүнийг шүүгчээр томилуулахаар санал болгох боломж нь хэвээр үлдэнэ. Засгийн газрын төслөөр Шүүхийн мэргэжлийн хороог ШЕЗ байгуулахгүй, харин түүний 9 гишүүний зургааг Шүүгчдийн зөвлөл сонгохоор байна. Тэгэхээр Шүүгчдийн зөвлөл болон түүний байгуулсан Мэргэшлийн хороо гэх бүтэц ШЕЗ гэх Үндсэн хуулийн байгууллагын хуульчдаас шүүгчийг шилж олох чиг үүргийг хуваалцах болчхоод байгаа юм. ШЕЗ нэгэнт 10 гишүүнтэй болж, тэдгээрийг маш нарийн процессоор сонгон шалгаруулж томилдог, сонгодог болж буй тул хуульчаас шүүгчийг шилж олох үндсэн үүргээ өөрөө биелүүлдэг болбол зохино. ШЕЗ өөрөө шалгалтаа аваад хүнийх нь хувьд судлаад хамгийн сайн үнэлгээ авсан нэр дэвшигчийг Ерөнхийлөгчид санал болгохоор хуульчилж ШЕЗ-д Үндсэн хуулиар ногдуулсан ажлыг нь өгөх хэрэгтэй.
-Шүүхийн мэргэшлийн хорооноос шүүгчийг мэргэжлийн хувьд тэнцэхгүй гэсэн дүгнэлт гаргах гэсэн нөгөө чиг үүргийг хаана хариуцуулах уу?
-Засгийн газрын болон Ерөнхийлөгчийн төслөөр шүүгчийн ажил хэргийн чадвар, мэргэшлийн түвшингийн дүгнэлт гаргах чиг үүргийг Шүүхийн мэргэшлийн хороонд өгөхөөр заажээ. Тодруулбал, энэ талаар дүгнэлт гаргуулахаар давж заалдах болон хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоол гаргаж, Мэргэшлийн хороонд хүргүүлэхээр Засгийн газрын төсөлд бичжээ. Мэргэшлийн хороо шүүгчийг албан тушаалдаа тэнцэхгүй гэсэн дүгнэлт гаргасан бол ШЕЗ-д хүргүүлж, улмаар ШЕЗ шүүгчийн бүрэн эрхийг дуусгавар болгох саналыг Ерөнхийлөгчид гаргана гэжээ. Шүүхийн мэргэшлийн хорооны дүгнэлтийн дагуу шүүгчийг чөлөөлөх эдгээр зохицуулалтыг бүхэлд нь хасах хэрэгтэй гэж Ажлын хэсэг дүгнэсэн. Нэгд, энэ нь доод шатны шүүхийн шүүгчийн хараат бус байдлыг эрсдэлд оруулна. Давж заалдах болон хяналтын шатны шүүх хэрэг маргааныг гомдлоор хянан шийдвэрлээд зогсохгүй ийм дүгнэлт гаргуулах хүсэлтийг Шүүхийн мэргэшлийн хороонд хандах бөгөөд уг хорооны гуравны хоёр нь мөн л давж заалдах болон хяналтын шатны шүүгчид байхаар төсөлд заасан. Хоёрт, хяналтын эсхүл давж заалдах шатны шүүхийн шүүгчийн ажил хэргийн чадвар, мэргэжлийн түвшингийн асуудлаар хэн хаана хандах нь төсөлд байхгүй тул орхигдохоор байна. Гуравт, маргааныг шийдвэрлэх шударга процесс Мэргэшлийн хороонд байхгүй, төсөлд алга. Нотлох баримт гаргаж өгөх, маргаанаа шийдвэрлэх хуралдаанд биелэн оролцох гэх мэт эрхийг шүүгч эдлэхгүй. Дөрөвт, тулгамдсан асуудал бий ч ийм замаар шийддэг олон улсын сайн туршлага олдохгүй байна. Үүний оронд бусад улсад ажил хэргийн чадвар, мэргэшлийн түвшинг илт хангахгүйг харуулсан тодорхой үйл ажиллагаа сахилгын зөрчилд тооцдог. Жишээлбэл, шүүгч хэрэг хуваарилах журмыг зөрчих; шүүн таслах ажиллагаатай холбоотой хуулиар тогтоосон хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа эсхүл ноцтой зөрчих; хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заавал биелүүлэх шинжтэй, илэрхий, тодорхой заалтыг шууд санаатай эсхүл хэт болгоомжгүйгээр зөрчих зэргийг шүүгчийн сахилгын зөрчилд тооцон хуульд тодорхой жагсаагаад бусад сахилгын зөрчилтэй адил журмаар шийдвэрлүүлдэг. Ийм сахилгын зөрчлийн тодорхой жагсаалтыг хуульчилбал шүүгч өөрийнхөө үйл ажиллагааны үр дагаврыг урьдчилан таамаглаж зохицуулах боломжтой бөгөөд дур зорго, субъектив байдлыг хязгаарлана, мөн Сахилгын хорооны хянан шийдвэрлэх процессыг шударга байхаар хуулиар тогтоож өгөх тул шүүгчийн хараат бус байдлыг эрстүүлэхээс сэргийлнэ. Тавд, ажил хэргийн чадвар, мэргэшлийн түвшинг илт хангаагүй байх нь өөрөө мөн чанарын хувьд шүүгчийн сахилгын зөрчил учраас уг зөрчлийг Мэргэшлийн хороонд харьяалуулбал Үндсэн хуулийн 49.6-д заасан Шүүгчийн сахилгын хорооны чиг үүргээс хувааж Мэргэшлийн хороонд шилжүүлсэн зөрчил болно. Эндээс үзэхэд
Шүүхийн мэргэжлийн хорооны шалгалт авах чиг үүргийг ШЕЗ-д шилжүүлэх, дүгнэлт гаргах чиг үүргийг нь хасаж сахилгын зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах ажлыг нь Шүүхийн сахилгын хороонд бүрэн хариуцуулах нь Үндсэн хуульд нийцнэ.
-Улсын дээд шүүхийг улстөрөөс хараат бус байлгах талаар төсөлд хэрхэн тусгагдсан бол?
-Дээд шүүхтэй холбоотой хэсгийг нэлээн сайжруулах саналууд гарч дэмжигдсэн. Нэгд, доод шатны шүүхийн хууль хэрэглээний ноцтой зөрүү гарсан, Дээд шүүхийн тайлбараас өөрөө хуулийг тайлбарласан шийдвэр гарсан, процессын ноцтой зөрчил гарсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэсэн маш тодорхой үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хянадаг болж буй нь Дээд шүүх хуулийн нэгдмэл хэрэглээг хангах Үндсэн хуулийн гол чиг үүргээ хэрэгжүүлж эрх зүйг хөгжүүлдэг “онолын шүүх” болоход чиглэнэ. Одоо бол Дээд шүүх хууль хэрэглээний бүхий төрлийн асуудал руу орох, заримдаа фактын шинжтэй ч дүгнэлт хийдэг. Хоёрт, Улсын дээд шүүхийн бүрэлдэхүүний гуравны хоёроос дээшхи нь шүүгчээр ажиллаж байсан хүмүүс, гуравны нэг хүртэлх нь прокурор, өмгөөлөгч, хууль зүйн сургуулийн багшаар ажилласан туршлагатай хуульчдаас шүүгчийн шалгалтад хамгийн сайн оноо авбал орох боломж нээлттэй байх санал дэмжигдсэн. Ийм алаг бүрэлдэхүүн нь Дээд шүүхийн хууль тайлбарлах, хяналтын журмаар маргаан хянан шийдвэрлэж хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахад тусална. Гуравт, Дээд шүүх дээр тухайн маргааныг шийдэхэд цөөнх болсон шүүгч тусгай саналаа хэвлүүлэх эрхийг олгох санал дэмжигдсэн. Энэ заалт шүүгчдийн хараат бус байгаа эсэхийг нь харах, хариуцлагыг нь дээшлүүлэх, шүүхийн ил тод байдлыг нэмэх, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг сайжруулахад маш том түлхэц болно. Дөрөвт, Дээд шүүхийн шүүгчийн тоог тодорхой заах санал дэмжигдсэн. Дээд шүүх Ерөнхий шүүгч болон 24-өөс доошгүй шүүгчээс бүрдэнэ гэх заалт одоогийн хуульд заасан. Үүнээс болж шүүгчдийн тоог нь гэнэт олноор нэмэх эсхүл бууруулах зэргээр энэ заалтыг урвуулан ашиглаж Дээд шүүхэд нөлөөлөх эрсдэл байна. 2002 онд Дээд шүүхийн бүрэлдэхүүний тоо 17 байсныг гэнэт 11 болгож шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг ноцтой зөрчсөн гашуун түүх Монголд бий. Дээд шүүхийн шүүгчийн тоо хэд ч байж болох ийм нээлттэй заалтыг олон улсын сайн туршлага хориглодог. Хуульдаа Дээд шүүхийн бүрэлдэхүүний тоог тодорхой заах ёстой. Гэхдээ, хувь судлаачийн хувьд Дээд шүүхийн шүүгчдийн тоог буруулж хуульчлахыг дэмжихгүй байгаа. Одоогийн тоогоо барьж Ерөнхий шүүгч болон 24 шүүгчээс бүрдэхээр хуульчлах, ингэснээр дагнасан шүүхийг тогтолцооноос ухрахгүй байх, шүүгчийн хараат бус байдлыг эрсдэлд оруулахаас хамгаалах зэрэг ач холбогдолтой. Үүний зэрэгцээ Дээд шүүх бүх зүйл рүү орж шийддэгийг нь хязгаарлаад зөвхөн хуулийн хэрэглээний хамгийн ноцтой асуудлуудыг шийдэхээр хуульчилбал бүрэлдэхүүний энэ тоо хангалттай. Тавд, Дээд шүүхэд хэтэрхий их эрх мэдэл төвлөрүүлэх заалтууд төсөлд орсноос заримыг нь хасах санал гарсан. Дээд шүүх хэрэг, маргааныг хяналтын журмаар шийднэ, хууль хэрэглэх талаар тайлбар гарна, Цэцийн гишүүнд гурван хүнийг нэр дэвшүүлнэ гээд олон бүрэн эрхтэй. Төслөөр шүүгчийн мэдлэг, чадварыг үнэлүүлэх Мэргэжлийн хороонд дүгнэлт гаргуулахаар хүсэлт явуулах бүрэн эрх нэмээд өгөхөөр заасныг хасах санал гараад байна. Мөн, Дээд шүүх шүүгчдэд сургалт явуулна гэсэн төслийн заалтаас татгалзах хэрэгтэй. Учир нь, Дээд шүүхийн шүүгчид хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэж, хууль тайлбарлачхаад үүнийхээ талаар сургалт хийгээд ирэхээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн зүй бусаар нөлөөлөх эрсдэл үүсгэдэг. Шүүгчийн сургалт дээр 29 улсыг судлаад үзэхээр шүүхийн захиргааны эрх мэдлийг аль субъектэд өгч байна, түүнд шүүгчийн сургалтаа хариуцуулдаг. ШЕЗ-тэй улс орнууд дийлэнх нь ШЕЗ-дөө сургалтаа өгдөг бөгөөд Дээд шүүхдээ шууд өгдөггүй. Энэ бүх эрх мэдлийг хасаж хэмжээ хязгаартай болгохгүй бол Дээд шүүхийн зүгээс анхан болон давж заалдах шатны шүүгчид зүй бусаар нөлөөлөх, улмаар шүүхийн дотоод хараат бус байдал алдагдах эрсдэл үүсгэнэ.
"ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТӨСЛӨӨС АВЧ БОЛОХ МАШ ОЛОН ЗААЛТ ДЭМЖИГДЭЭД ЯВЖ БАЙНА"
-Ерөнхийлөгчийн зүгээс өгч буй шүүмжлэлд юу гэж хариулах уу. Түүний санал туссан уу?
-Нэгд, Ерөнхийлөгчийн оролцоог бүр мөсөн алга болгох гээд байна гэж байгаа юм. Гэтэл Ерөнхийлөгч шүүх эрх мэдлийн хүрээнд гурван үндсэн бүрэн эрх эдлэхийг Үндсэн хуульд маш тодорхой заасан, түүнийгээ л хэрэгжүүлнэ. Тодруулбал, Дээд шүүхийн санал болгосноор түүний ерөнхий шүүгчийг, УИХ-тай зөвшилцөж Улсын ерөнхий прокурор, түүний орлогч нарыг тус тус томилох бүрэн эрхийг Ерөнхийлөгч хэрэгжүүлэх нь хэвээрээ байгаа. Мөн, шүүхийг бүрдүүлэхэд Ерөнхийлөгч ШЕЗ-ийн санал болгосноор шүүгчийг томилж оролцож байгаа нь ч өөрчлөгдөөгүй. Тэгэхээр Ерөнхийлөгчийн оролцоог огт байхгүй болгож байна гэх нь утгагүй. Хоёрт, ШЕЗ болон Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг томилох, санал болгох бүрэн эрхийг Ерөнхийлөгч эдлэх ёстой, энэ нь Үндсэн хуулийн шүүгчийг томилох 51 дүгээр зүйлд заасан бүрэн эрх дотроос урган гарч байгаа юм гэж зарим хүн хэлээд байгаа юм. Ийм зүйл бол огт байхгүй. Үндсэн хуулийн 51-т ШЕЗ-ийн санал болгосноор шүүгчийг Ерөнхийлөгч томилно гэж заасан бөгөөд ШЕЗ-ийг Ерөнхийлөгч томилно гэх зүйл Үндсэн хуулийн аль ч заалтад байхгүй. Энэ бол Ерөнхийлөгчийн оролцох асуудал биш. Хуульчдаас шүүгчийг шилж олох ШЕЗ-ийг Ерөнхийлөгч өөрөө байгуулалцаад, түүнээс санал болгосон хүнийг Ерөнхийлөгч өөрөө шүүгчээр томилно гэдэг бол уг томилгоог Ерөнхийлөгчөөс хэт хамааралтай болгоно. Ийм байх байсан бол Үндсэн хуулиар ШЕЗ-ийг тусгайлан байгуулахгүй байсан төдийгүй энэ нь 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй илт зөрчилдөнө. Эцэст нь, Ерөнхийлөгчийн төслөөс авч болох маш олон заалт дэмжигдээд явж байна. Жишээлбэл, шүүхийн төсвийн урсгал зардлын хэмжээг өмнөх жилийнхээс бууруулахгүй байх, ШЕЗ-ийн болон Шүүхийн сахилгын хорооны гишүүний аль алийг орон тооны болгох, ШЕЗ-ийн болон Сахилгын хорооны шүүгч гишүүдийг нийт шүүгчдийн хуралдаанаас сонгож гаргах, харин шүүгч биш гишүүдийг сонгон шалгаруулсны үндсэн дээр УИХ томилгооны сонсгол хийж томилох, Дээд шүүхийн шүүгчийн тусгай саналыг хэвлэх, Шүүхийн сургалт, судалгаа мэдээллийн хүрээлэнг ШЕЗ-ийн дэргэд байлгах, шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн дүгнэлтийг шүүхийн шийдвэрт харгалзан үзэж тодорхой тусгадаг байх гэх мэт 15 орчим саналыг тусгах асуудал яригдаж буйг бүрэн дэмжиж байгаа.
-Ажлын хэсэг болон дэд хэсгийн ажиллаж гаргасан саналыг бүхэлд нь базаад хэлбэл юу гэж дүгнэх вэ?
-Хэрэв Ажлын хэсгийн гишүүд олонхоороо дэмжиж гаргаж буй саналуудыг хэлэлцэж сайжруулаад батлагдвал Монгол Улсад шүүхийн шинэчлэл жинхэнээрээ хийгдэж иргэний шударга шүүхээр шүүлгэх эрх баталгаатай хангагддаг болоход маш том алхам болно. Эдгээр санал нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлал, сүүлийн 20 жилд олон арван хүний хийж гүйцэтгэсэн судалгааны дүгнэлт, ардчилсан улсуудын шилдэг туршлагад тулгуурлан гарсан. Нэгд, даргад буюу нэг албан тушаалтанд хэт их эрх мэдэл төвлөрүүлбэл шүүгчид зүй бусаар нөлөөлөх эрсдэл нэмэгддэг юм байна гэж үзэж үүнээс татгалзсан.
Ерөнхийлөгч төдийгүй бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч болон шүүгчдийн эрх мэдлийг зохих байранд оруулж хязгаарласан. Мөн, ШЕЗ болон Шүүхийн сахилгын хорооны бүрэлдэхүүний дарга нь бусад гишүүдээсээ давуу эрхтэй байж тэдгээрийг захирдаг байдал гарахаас сэргийлэх олон заалт орсон.
Жишээлбэл, ШЕЗ-ийн болон Шүүхийн сахилгын хорооны дарга нь тус бүр зөвхөн нэг жилээр дотроосоо сонгогдож ажиллана гэж заасан. Засгийн газрын төслөөр шүүгчийн сахилгын зөрчилтэй холбоотой гомдол, мэдээлэл, сахилгын хэрэг, түүнийг шийдвэрлэх бүрэлдэхүүнийг хуваарилах нь Шүүхийн сахилгын хорооны даргын онцгой бүрэн эрх байдлаар бичигдсэн байсныг хасаж, эдгээр нь урьдчилан мэдэх боломжгүй, тохиолдлын журмаар хуваарилах санал дэмжигдсэн. Хоёрт, аливаа асуудлыг шийдвэрлэх процессыг чадахаараа нарийвчлан заахыг хичээж ажиллаж байгаа. ШЕЗ-ийн болон Сахилгын хорооны гишүүнийг сонгох, сонгон шалгаруулж томилох, шүүгчийн шалгалт авах, сонгон шалгаруулж өргөн мэдүүлэх, Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг УИХ-д танилцуулах, шүүгчийн сахилгын зөрчлийг хянан шийдвэрлэх гэх мэтийг хэзээ яаж хийгдэх, хэн ямар байдлаар оролцохыг нь нарийвчлан, дэлгэрэнгүй зааж байна. Үүнийг сайн хийж чадвал эдгээр процесст зүй бусаар нөлөөлөх, дур зоргоор авирлахаас сэргийлэх, зарчмаараа хандаж шийдвэрлэгддэг болно. Гуравт, иргэдийн оролцоог хангах, ил тод байх зарчим энэ төслийн бараг бүх хэсэгт шингэсэн. Жишээлбэл, ШЕЗ-ийн болон Сахилгын хорооны гишүүд, Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч дээр заавал нийтийн сонсгол хийнэ, мөн эдгээр нэр дэвшигчид болон шүүгчид нэр дэвшигч дээр иргэд санал, асуултаа илэрхийлэх өгөх боломжийг наад зах нь 14 хоногоор олгож байгаа. Дөрөвт, хариуцлага зайлшгүй байх зарчим суурь болж байна. Тухайлбал, шүүгчийн сахилгын зөрчлийг тодорхой, дэлгэрэнгүй заагаад түүнд тохирсон шийтгэлийн төрлийг олшруулж хөөн хэлэлцэх хугацааг нь сунгаж байна. Үүний зэрэгцээ ШЕЗ болон Шүүхийн сахилгын хорооны гишүүний хүлээх үүрэг, хориглох зүйл, огцруулах үндэслэл, журам урьд өмнө байгаагүйгээр нарийвчлан тусаж байгаа. Тавд, төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэгч субъектуудын олон талын оролцоог хангах. Жишээлбэл, ШЕЗ-ийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч биш гишүүдийг сонгон шалгаруулах ажлыг УИХ дахь олонх төдийгүй цөөнх, Ерөнхийлөгч зэргээс санал болгосон ажлын хэсэг хийнэ. Зургаад, ШЕЗ-ийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүдийг сонгоход хэсэг бүлэг шүүгчид биш нийт шүүгчид нууцаар саналаа хураалган шууд сонгоно. Шат шатны шүүгч бүр адилхан шүүн таслах ажил хийдэг тэнцүү эрх мэдэл, статустай, адил оролцоотой гэдгийг тухайн шүүхийн ерөнхий шүүгчийг сонгох, шүүхтэйгээ холбоотой гол асуудлыг зөвлөгөөнөөрөө шийдвэрлэх олон механизм туссан юм. Долоод, аливаа ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зохицуулах. Жишээлбэл, ШЕЗ-ийн гишүүнээр ажиллаж байхдаа болон бүрэн эрх дуусгавар болсноос хойш нэг жилийн дотор шүүгчийн эсхүл ерөнхий шүүгчийн албан тушаалд нэр дэвшихийг хориглож байна. Өмнө нь шүүгчид өөрсдөө ШЕЗ болон Шүүхийн мэргэшлийн хороонд ажиллаж байхдаа давж заалдах болон хяналтын шатны шүүхэд нэр дэвшээд томилогддог байсан, үүнийг хааж шүүгчийн сонгон шалгаруулалт шударга, тэгш явах баталгааг нэмж байгаа. Мөн ШЕЗ болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч биш гишүүн нь сүүлийн таван жил улс төрийн албан тушаал болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй байхаар зааж буй нь мэргэжлийн, хараат бус хүнээр бүрдүүлэхэд чухал хөшүүрэг. Наймд, мерит зарчмыг хангах. Шүүгчид тавих шаардлагыг өндөрсгөж заагаад зогсохгүй үүнийг яаж шалгах вэ гэдгийг маш нарийвчлан хуульчилж өгч байгаа.
Өөрөөр хэлбэл, шүүгчид нэр дэвшигчээс хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт төдийгүй мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалт авах зохицуулалтууд орсон. Өмнө ярьсанчлан, ШЕЗ болон Шүүхийн сахилгын хорооны гишүүнд өндөр шаардлага тавьж, маш нарийн процессоор сонгон шалгаруулж гаргаж ирнэ.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ