Covid-19 цар тахлаас болж дэлхийн олон улс орны эдийн засаг хямралд орж, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаа зогсон, ажилчид санхүүгийн хүндрэлтэй тулгарсаар байна. Манай улсын Засгийн газар, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна.
Цар тахлаас болж “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын нэгдүгээр бааз түр зогсолт хийж, ажилчдын нийгмийн асуудалд хүндрэл үүсчээ. Тиймээс ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын удирдлагаас санаачлага гарган, Эв нэгдэл үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтран ажилчдын дунд судалгаа явуулж өрх толгойлсон, олон хүүхэдтэй, тусламж дэмжлэг зайлшгүй шаардлагатай 110 ажилтан албан хаагч, тэдний гэр бүлд хүнсний тусламж олгожээ. Мөн нэг жолоочоос Covid-19 илэрснээс шалтгаалан тусгаарлагдсан 48 ажилтан, албан хаагчдад дархлаа дэмжих бүтээгдэхүүн өгсөн байна.
Хүнсний бүтээгдэхүүний дэмжлэг үзүүлэх ажилд "Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ-ын захирал Ц.Баттөр гар бие оролцон, зургаан өрхөд тусламж хүргэж өгчээ. Энэ үеэр тэрбээр “Цар тахлын эрсдэлтэй нөхцөлд нийслэлийн иргэдийн төлөө сэтгэл, зүтгэл гарган ажиллаж байгаа ажилтан, албан хаагчиддаа талархал илэрхийлж, цаашид цалин урамшууллыг нэмэгдүүлэх, нийгмийн асуудлыг шат дараатай шийдвэрлэхэд онцгой анхаарч ажиллана" гэв.
Холбоотой мэдээ