Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар МҮХАҮТ болон Бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй цахимаар гурав дахь удаагаа санал солилцлоо. Цахим уулзалтад МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт болон бизнес эрхлэгчдийн холбоодууд оролцов.
Тэд өмнөх хурлаар яригдсан асуудлууд болон одоо үүсээд байгаа хүндрэл, цаашид авах арга хэмжээнүүдийн талаар санал солилцлоо. Тухайлбал, талууд боомт, ачаа бараа тээвэрлэлт, махны экспорт, ноос, ноолууран бүтээгдэхүүний экспорт, жижиглэн худалдаа эрхлэгчдийн асуудлаар байр сууриа илэрхийлэв.
Шадар сайд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшингөөр ахлуулсан бизнесийн “Зөвлөх баг”-ийг УОК-ийн дэргэд байгуулсан. Бүрэлдэхүүнд салбар бүрийн төлөөллөөс гадна Шадар сайдын зөвлөх Б.Уламбаяр ажиллаж буй юм. Өнгөрсөн долоо хоногт холбоодоос ирсэн саналуудыг нэгтгэн, холбогдох яамдад үүрэг чиглэл өгч, зарим асуудалд албан хариу хүргүүлж, хамтран ажиллаж байгааг танилцуулав.
Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээлснээр, цахим хурлаар бизнес эрхлэгчдийн төлөөллийг оролцуулсан хоёр ажлын хэсэг байгуулахаар болсон байна. ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэнгээр ахлуулсан махны экспортын чиглэлд, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяраар ахлуулсан Замын-Үүд боомтын асуудлаар ажлын хэсэг байгуулах, мөн арванхоёрдугаар сарын 15-нд Хүнсний үйлдвэрлэгч болон хүнсний холбооны төлөөлөлтэй Татварын ерөнхий газраас цахим хурал хийх чиглэлийг холбогдох байгууллагуудад чиглэл болгожээ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ