"Олимп миний шилдгээ харуулахыг зорьж буй дэвжээ" | News.MN

"Олимп миний шилдгээ харуулахыг зорьж буй дэвжээ"

"Олимп миний шилдгээ харуулахыг зорьж буй дэвжээ"

"Олимп миний шилдгээ харуулахыг зорьж буй дэвжээ"

Японы жүдогийн олимпийн шигшээ багийн бүрэлдэхүүн өчигдөр (2020.12.12) албан ёсоор бүрдлээ. Сүүлчийн ганц байрлалын төлөө буюу эрэгтэйчүүдийн -66 кг-ын жингийн эрхийн төлөө 2019 оны дэлхийн аварга 27 настай Жоширо Марүяама болон 2017, 2018 онуудын дэлхийн аварга Хифүми Абэ нар хоорондоо халз барилдсан. Нийтдээ 24 минут үргэлжилсэн, бүхнийг шийдэх ширүүн ганц барилдааны эцэст өдгөө 23 настай Хифүми Абэ вазари үнэлгээгээр ялалт байгуулж, ирэх зуны олимпод эх орноо төлөөлөн оролцохоор боллоо.

Барилдааны дараа Хифүми Абэ “Дүү минь намайг хүлээж байлаа. Одоо бид хоёр олимпын алтан медалийн төлөө хамтдаа хичээх болно. Олимп миний шилдгээ харуулахыг зорьж буй дэвжээ. Би ялалтын төлөө дахин ханцуй шамлан хичээх болно” хэмээжээ. Түүний дүү Юта Абэ жүдогийн эмэгтэйчүүдийн -52 кг-ын жинд мөн Япон улсаа төлөөлөн оролцоно. Өдгөө 20 настай Юта Абэ 2018, 2019 онуудын дэлхийн аварга билээ.

Угтаа Марүяама болон Абэ нарын хэн нь бүх Японы аварга болсон нь олимпод оролцох байсан ч цар тахлын улмаас өнгөрөгч дөрөвдүгээр сард зохион байгуулагдах байсан бүх Японы аварга цуцлагдсан юм.

"TV Tokyo" аваргуудын барилдааныг шууд дамжуулсан. Телевизийн шууд дамжуулалт тасарч, Youtube дээрх шууд дамжуулалтыг нь 300 мянган хүн үзэж эхэлсэн бол Абэг ялалт байгуулахтай зэрэгцэн 370 мянган хүн шууд үзэж байжээ.

Хифүми Абэ ийнхүү Японы жүдогийн шигшээ багийн сүүлийн 14 дэх гишүүн болж байна. Түүнээс өмнөх 13 гишүүнийг энэ оны эхээр бүх Японы жүдогийн холбооноос зарласан юм.

Япон улсын жүдогийн олимпийн шигшээ баг:

Эмэгтэй: Дэлхийн аварга Фүна Тонаки (-48 кг), дэлхийн хоёр удаагийн аварга Юта Абэ (-52 кг), дэлхийн аварга Цүкаса Ёшида (-57 кг), дэлхийн аваргын хоёр удаагийн мөнгөн медальт Микү Таширо (-63 кг), дэлхийн хоёр удаагийн аварга Чизүрү Араи (-70 кг), дэлхийн аварга Шори Хамада (-78 кг), дэлхийн аварга Акира Сонэ (+78 кг)

Эрэгтэй: Дэлхийн гурван удаагийн аварга, олимпын хүрэл медальт Наошиса Такато (-60 кг), дэлхийн хоёр удаагийн аварга Хифүми Абэ (-66 кг), олимп, дэлхийн нийт таван удаагийн аварга Шохэй Оно (-73 кг), дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт Таканори Нагасэ (-81 кг), дэлхийн аваргын мөнгөн медальт Шойчиро Мүкай (-90 кг), дэлхийн аварга Ааран Вүлф (-100 кг), олимп, дэлхийн мөнгөн медальт Хисаёоши Харасава (+100 кг).

2016 оны Риогийн олимпод оролцож чадаагүй Хифүми Абэ анхны олимпын эрхээ авсныхаа дараа “Үнэхээр удаан барилдлаа. Сэтгэл хөдлөл, тэнхээ шалгасан тулаан болно гэдгийг мэдэж байсан. Тэгээд хэзээ ч ухрахгүй гэж шийдсэн. Би өөрийнхөө үзүүлдэг жүдогийн хэв маягийг эцсийн секунд хүртэл гаргаж чадсан гэж бодож байна. Урагшаагаа зоригтой зүтгэсээр хүссэн эцсийн үр дүнгээ авч чадлаа. Үнэхээр урт барилдаан болсон ч одоо ингээд бодоход барилдааныхаа хором мөч бүрийг санаж байна” хэмээн нулимс дуслуулан ярьжээ.

Японы жүдогийн эрэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч, олимпийн алтан медальт Косэй Иноүэ “Үнэнээ хэлэхэд энэ барилдааныг олимпийн шигшээд хармаар байлаа. Даан ч боломжгүй гэдгийг нь мэдэж байна. Абэг Марүяамагийн зорилгыг тээж олимпод барилдаасай гэж хүсч байна. Хоёр гайхалтай бөхийн гайхалтай барилдаан болж өнгөрлөө” хэмээн ярьжээ.

Хифүми Абэг Токиогийн олимпод Мануэль Ломбардо, Ан Баул, Важа Маргвелашвили зэрэг дэлхийн шилдгүүд хүлээж байна. 2016 оны Рио де Жанейрогийн олимпийн наадамд Япон улс -66 кг-ийн жинд дэлхийн гурван удаагийн аварга, 2012 оны Лондоны олимпийн хүрэл медальт Масахи Эбинүмаг илгээж байсан юм. Эбинүма ч хоосонгүй хүрэл медалийн эзэн болж байлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ОРХОН 2020-12-14 202.21.118.178

ГОЁ ШУДАРГА БОЛОХ ЮМ АА.

Avatar

сумын заан 2020-12-14 202.126.88.132

Абэ дарах хүн манай Басхүү

Avatar

Японы жүдочид гайхалтай мундаг. 2020-12-14 66.181.161.5

Японы жүдочидаас манайхан сурах юм их бий. Хурдтай тэсвэртэй хүчтэй сэтгэлзүйтэй гайхалтай шүү. Жоширо Марүяама болон Хифүми Абэ нарын аль аль нь үнэхээр мундаг гайхалтай жүдочид. Амжилт хүсье.

Avatar

ABCD-korea-gaas 2020-12-14 211.36.149.128

66 kg-d Mongoliin Bashuu Herlen nariig sain beldeh heregtei bn . Ter tusmaa Bashuu bol olimp delhiigees alt avah buren bolomjtoi hamgiin goln beltgelee yaj hiih ve setgel zuigee yah ve gedegeel shiidchihvel baigalaas zayasan asar ih potentsialtai huuhed shuu !

Avatar

иргэн 2020-12-14 203.98.76.100

дэлхийн аваргууд олимпоп орох гэж яаж хичээж байна. Манайхан дунд ийм өрсөлдөөн болдог бол хо явна даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж