ОХУ-ын үндэсний төлбөрийн "Мир" систем Өмнөд Солонгост туршилтын төслөө эхлүүллээ. Өмнөд Солонгосын талаас BC Card Co. Ltd компанитай хамтран ажиллаж байгаа ажээ.
Хамтарсан төслийг онлайн хэлбэрээр эхлүүлсэн бөгөөд бүхий л бэлтгэл ажлыг өнөөгийн нөхцөл байдалд тохируулан зайнаас хийсэн байна. BC Card компани 2021 оны эхний улиралд багтаан “Мир” картыг унших АТМ машины сүлжээ бий болгох, карт унших POS машинуудыг бэлтгэх ажээ.
"Оросын төлбөрийн "Мир" картаар Өмнөд Солонгост гүйлгээ хийх туршилтаа бид эхлүүллээ. Өмнөд Солонгос нь Оросын худалдааны чухал түншийн нэг юм. “Мир” картыг эзэмшигч хэн ч Өмнөд Солонгост картаараа саадгүй төлбөр, тооцоо хийх боломжийг бүрдүүлэх юм” хэмээн үндэсний төлбөрийн "Мир" системийн ерөнхий захирал Владимир Комлев РИА Новости-д хэллээ.
"Мир" систем нь өнөөдрийн байдлаар 265 банктай хамтран ажиллаж байгаа бөгөөд үүнээс 151 нь “Мир” карт гаргах эрхтэй, 89 сая карт зэмшигчтэй том сүлжээ юм. “Мир” сүлжээний картаар Армян, Беларус, Киргиз, Узбекистан, Казахстан, Өмнөд Осети, Абхаз, Таджикистан, Турк, Вьетнамд үйлчлүүлэх боломжтой.
РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ