“Гүтгэх”, “худал мэдээлэл” гэсэн 2-хон үгэндээ танигдаад байна даа

Хуучирсан мэдээ: 2020.12.14-нд нийтлэгдсэн

“Гүтгэх”, “худал мэдээлэл” гэсэн 2-хон үгэндээ танигдаад байна даа

“Гүтгэх”, “худал мэдээлэл” гэсэн 2-хон үгэндээ танигдаад байна даа

Дарангуйлагч төр, ардчилсан төр хоёрын ялгаа юу вэ? Өнгөрсөн зуунтай харьцуулахад эдүгээ дэлхийд тусгаар гэгдэж буй 200 гаруй улсаас ганцаас бусад нь ардчилсан төртэй. Ганц Хойд Солонгосыг дарангуйлагч төртэй гэдгийг дэлхий нийт мэднэ. Гэхдээ 100-ны 99 хувьтай байгаа ардчилсан төртэй улс болгон төгс ардчилсан биш. Ардчиллын суурь зарчмуудыг хэрхэн хамгаалж, хэрхэн бойжуулж байгаагаасаа хамааран бүрэн ардчилалтай, дунд зэрэг, сул ардчилалтай гэх зэргээр дотроо ангилагдаж байна.

Ямар ангилалд орох нь хэдхэн зүйлээс хамаарна, ардчилсан чөлөөт сонгууль, шударга ёсыг хуулиар тогтоодог, хувийн өмчийг хүлээн зөвшөөрдөг, чөлөөт хэвлэл мэдээлэлтэй зэрэг гол индексүүдээр тодорхойлж байна. Ардчилсан нэртэй боловч ардчиллыг өнгөлөн далдлалт, үзүүлэн байдлаар тунхагладаг улсууд цөөнгүй байгаагийн хамгийн тод хоёр жишээ нь Монголын хоёр хөрш.

Монголчуудын хувьд яг 30 жилийн өмнө ардчилсан төртэй байх сонголтоо хийсэн ард түмэн. 70 жил ЗХУ-ын тоглоомын улс байсан Монголын хувьд энэ бол түүхэн сонголт байсан. 1990 оноос хойш өмнө өгүүлсэн ардчиллын суурь зарчмуудыг тунхаглаж, үндэс суурийг нь тавьж, хамгаалж хөгжүүлж ирсэн. 30 жилийн хугацаанд алдаа оноо хангалттай байлаа. Ардчиллын шанг анх таталцсан ардчиллын үзэл санааг тээгчид нь нэгдэж нийлээд ч бэхжиж амжилгүй бутарч, улс төрийн тавцанд жин дарахгүй болсон нь том алдааны нэг. Энэ алдааг ардчилал хэрэгтэй эсэх, ардчилал Монголыг юунд хүргэснийг хар гэсэн жишээ болгон ярих хандлага сүүлийн үед түгээмэл байгаа нь хорон.

Тийм ээ, Монголын ардчилал орших уу, эс орших уу гэсэн цэг дээр ирээд байна. Татвар төлөгчдийн мөнгөөр төрийн албыг худалдан авч, татвар төлөгчдийн мөнгийг халамж нэрээр буцаан тарааж сонгуулийн оноо авч, хувийн бизнесийн орон зайг улам бүр хумьж, өмчийг нийгэмчлэхэд уриалсан удаа дараагийн сүржин сценарийг эрх баригчид хийж, эрүүл сэтгэлгээтэй хэсгээ хууль, шүүхээр далайлгаж, хэвлэлийг худалдан авах процесс системтэй үргэлжилж байна. Өнгөрсөн 30 жилийн алдаанаас хамгийн том алдаа нь МАХН-ыг татан буулгаагүй явдал гэдгийг өнөөгийн процесс харуулж байна. Хуучин социалист лагерийн орнуудаас хойд хөрш Орос, манайх хоёр татан буулгалгүй авч үлдсэн байдаг.

Коммунистууд үзэл санааны хувьд хэзээ ч ардчилагдахгүй гэдгийг МАХН/МАН-ын засаглалын жилүүдэд өрнөсөн үйл явцаас харж болно. 1996 онд ардчилсан хүчнүүд нэгдэн, парламентын сонгуульд гайхамшигтай ялж, төрийн эрхийг барьсан. Гэвч харамсалтай нь дөрвөн жилийн дараа 2000 онд гутамшигтайгаар ялагдсан. Ардчилсан хүчин эрх барих 1996-2000 онд Монголд чөлөөт хэвлэлийн үндэс суурь бүрэн тавигдсан гэж хэлж болох бөгөөд харин 2000 онд МАХН төрийн эрхийг буцаан авсны дараа чөлөөт хэвлэл, иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг яаж муйхарлан боомилж байсныг сануулах цаг нь болжээ.

Э.Бат-Үүлийн баривчилгаа, Л.Гүндалайн баривчилгаа, трактортай жагсаалын баривчилгааг нэхэн санах ёстой. Яагаад гэвэл тэр үеийн коммунист үзэл санаа одоо дахин эргэн сэргэж, албин зангаа үзүүлж эхэллээ. Коммунист үзэл санаатай гэдэгтээ эвлэрч, нийгмийн аливаа асуудалд хүлээжтэй ханддаг байсан МАХН/МАН-ын үеийн ээлж солигдож, ардчилсан сонголтын жилүүдэд өсч бойжсоноо ардчилагч хэмээн өөрсдийгөө эндүүрсэн шинэ үе эрх баригч намын цөмийг бүрдүүлэх болжээ.

Ингэж дүгнэх бүрэн үндэслэлийг сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн үйл ажиллагааг хязгаарлах, хумих оролдлогыг удаа дараа тууштай хийж буй нь нотолж байна.

Хуучин Эрүүгийн хуульд байсан “Гүтгэх” гэсэн заалтад МАН-ын эрх баригчид ямар хайртай байна вэ? Сэтгүүлчид олон жил тэмцсэний эцэст “Гүтгэх” заалтыг Эрүүгийн хуулиас хасуулсан ч энэ заалт нь зүсээ хувирган, Зөрчлийн тухай хуульд суусан. 2017 оны долдугаар сараас хэрэгжсэн Зөрчлийн тухай хуулиар “Гүтгэх” зөрчлийг цагдаагийн байгууллага хариуцан шийдэх болсон бөгөөд цагдаад энэ зөрчлийг хариуцан шийдвэрлэх хүн хүчний болоод чадамжийн нөөц байгаагүй юм. Зөрчлийн хуульд орсон энэхүү заалтыг идэвхтэй хэрэглэгчид нь улстөрчид, төрийн өндөр албан тушаалтнууд байсан юм.

Цагдаагийнхны удаа дараагийн хүсэлтийн дагуу “Гүтгэх” заалтыг Зөрчлийн тухай хуулиас хасч, буцаан Эрүүгийн хуульд “Худал мэдээлэл” гэсэн томъёоллоор оруулсан нь ердөө жилийн өмнөх явдал. Харин одоо энэ заалтаа эрх баригчид дахин өөрчлөх гэж байгаа бөгөөд төслөө ХЗДХЯ цахим хуудсаараа түгээсэн нь сүүлийн хэдэн өдөр сэтгүүлчдийн болон иргэдийн зүй ёсны эгдүүг төрүүлээд байна. Энэхүү хуулийн төслөө энэ долоо хоногийн Засгийн газрын ээжлит хуралдаанаар оруулах товтой байгаа аж.

Ердөө жил хүрэхгүйн өмнө өөрчилсөн Эрүүгийн хуулийн 13.14-т "Худал мэдээлэл тараах, түгээх" гэмт хэргийг "Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан, илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ" гэсэн зохицуулалттай. Харин одоо үүнийг улам нарийвчлан, хариуцлагыг чангатгах ажээ.

Засгийн газрын шинэчилсэн төслийн заалт:

“13.14 дүгээр зүйл.Худал мэдээлэл тараах, түгээх

1.Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдаж гутаах, эсхүл олон нийтийг төөрөгдүүлэх, эсхүл айдаст автуулах зорилгоор хортой, илтэд худал мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, эсхүл олон нийтийн мэдээллийн сүлжээний хэрэгсэл ашиглан тараасан, эсхүл илтэд худал мэдээлэл болохыг мэдсээр байж түгээсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

2.1.захиалгаар;

2.2.хүүхдийн эрхийг зөрчиж;

 2.3.үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж;

 2.4.гамшиг, цар тахлын үед үнийн хөөрөгдөл, бараа бүтээгдэхүүний зохиомол хомсдолыг бий болгож;

 2.5.сонгуульд оролцогч улс төрийн нам, намуудын эвсэл, нэр дэвшигчийн нэр хүндэд халдаж үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг, эсхүл Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулж үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

4.Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг арван мянган нэгжээс наян мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ” гэж төсөлд тусгажээ.

Энэ заалт маш дутагдалтай, хэвлэн нийтлэх болон иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний чиглэлд Монголын хүрсэн дэвшилтэт орчинг дордуулсан, цаашлаад ардчилсан үзэл баримтлалаас ухарсан үйлдэл болохоор байна. Энэ заалт нь Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Үндсэн хууль, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль зэрэг олон хууль тогтоомжийг зөрчинө. Мөн нарийвчилсан заалтууд нь бусад хууль тогтоомжуудад байгаа иргэний нэр төр алдар хүндийг хамгаалах, нийгэмд эмх замбараагүй байдал үүсэх эрсдлээс хамгаалсан зохицуулалтуудтай давхацжээ.

Гүтгэх, худал мэдээлэл тараах гэсэн хоёр тусдаа ойлголтыг нэг зохицуулалтад оруулснаараа зарчмын алдаатай.

МАН-ын эрх баригчид иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг боломж олдвол нухчин дарах хандлагаа үргэлж илэрхийлж ирсэн. Эргэх холбоо нь тэр дороо мэдэгддэггүй сонин, телевиз зэрэг уламжлалт мэдээллийн хэрэгсэл зонхилж байх үед “дүлийдээ найдаж унгаран” гэдэг шиг нам тайван байдаг байсан эрх баригчид онлайн мэдээллийн хэрэгсэл бий болж, хэрэглэгч өөрийн үзэл бодлоо “Comment” хэсэгт чөлөөтэй илэрхийлэх болсон нь айлгасан. Тиймээс сайтуудын сэтгэгдэлтэй дайтаж, үгийн шүүлтүүр гэдэг программ албан хүчээр тавиулж хэсэгтээ санаа амарсан нь Сү.Батболдын Засгийн газрын үе. Сонгуулийн тухай хуулиар сонгуулийн сурталчилгааны мэдээлэл, мөн энэ цар тахлын үед Ковид-ын талаарх мэдээллийг сэтгэгдэлгүй оруулахыг шаардаж, зөрчвөл Зөрчлийн хуулиар торгоно гэж айлгаж байгаа нь тун өрөвдөлтэй, аргаа ядсан зохицуулалт юм.

Арайхийж сэтгэгдэл гэдэг дайснаа дараад байж байтал нийгмийн сүлжээ гээд бүүр илүү өргөн далайцтай талбар гараад ирсэн. Одоо эрх баригчид үүнтэй ид дайтаж байна. Нийгмийн сүлжээг дагасан худал, хуурамч мэдээллийн сөрөг үр дагавартай бараг дэлхийн бүх улс тэмцэж байна. Гэхдээ Монгол шиг муйхар аргаар тэмцэж буй нь цөөн. Худал мэдээлэл гэдэг ойлголтыг дулхийн улс орнууд нарийн тодорхойлсон байдлаар зохицуулж байгаа туршлага зөндөө байна. Худал мэдээлэл, дэгс мэдээлэл, санамсаргүй алдаанаас үүдсэн худал мэдээлэл гээд нарийн зааглаж өгч байна. Ийм нарийн ялгааг гаргахгүйгээр худал мэдээлэл гэдэг нэг заалтад бүгдийг багтааж, түүгээрээ өөрсдийгөө хамгаалах бамбай болгох сонирхолтой байна гэж сэтгүүлчид хардаж байна.

Энэ жил болж өнгөрсөн сонгуулийн өмнөхөн баталсан Сонгуулийн тухай хуулийн зарим заалтыг хянах эрх Тагнуулын байгууллагад өгөгдсөн бөгөөд тэр заалт нь мөн гүтгэхтэй холбоотой байсан нь ч эрх баригчдын санаархлыг илэрхийлж байгаа юм.

Гүтгэх гэдэг үгэнд эрх баригчид үнэхээр хайртай. Учир шалтгаангүй үр дагавар үгүй гэдэг. Тэгвэл гүтгүүлэх сэдэлтэй учраас гүтгэх заалтаар гул барих хүсэлтэй гэж ойлгож болно. Гүтгэх заалттай холбоотой сүүлийн 2-3 жилд өрнөсөн хөөцөлдөөнд нэг холбоос дүр байгаа нь анхаарал татаж байна. Тэр бол өнөөгийн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар. Хувь заяаны эрхээр тэгж таарсан гэж цайруулан бодохыг хүсэвч Зөрчлийн хуулийн “Гүтгэх” заалтыг амжилттай ашигласан анхны улстөрчдийн нэг гэж бодохоор хувь заяаны тохиол биш бололтой.

Өөрийг нь “Утсан хүүхэлдэй” гэж бичсэн сэтгүүлчийг гүтгэсэн заалтаар гомдол үүсгээд гэж гурван шатны шүүхээр заргалдан 2,000.000 төгрөгөөр торгуулж чадсан улстөрч. Мэдээж Х.Нямбаатар махан бие махбодтой утсан хүүхэлдэй биш нь үнэн. Харин “утсан хүүхэлдэй” шиг бие авч явсныг, ингэж бие авч явах нь нийгэмд ямар хортойг сэтгүүлч илчлэх нь ардчилсан нийгмийн эрүүл үзэгдэл. Ийм эрүүл үзэгдлийг хүлээн зөвшөөрдөггүй хүнээр ХЗДХЯ-ыг удирдуулж болох эсэхэд, ийм хүнийг зөвшөөрөөд амин чухал яамыг хариуцуулж байгаа эрх баригчдад итгэж болох эсэхэд хариулт яаралтай хэрэгтэй болжээ. Энэ хоёр асуултад тийм гэж олонх нь хариулж байгаа бол бид бүгд утсан хүүхэлдэй болжээ.

НЭМЭЛТ: ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өнөөдөр буюу 2020 оны арванхоёрдугаар сарын 14-ний өглөө салбарын эвсэл холбоод болон сэтгүүлчдийн төлөөлөлтэй уулзах үеэрээ Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд оруулах боловч "Худал мэдээлэл тараах, түгээх" заалтыг хэлэлцүүлэхгүй үлдээнэ хэмээн хэллээ. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн төслийг ХЗДХЯ боловсруулж байгаа бөгөөд уг хуулийг дагалдуулж хэлэлцэнэ гэлээ. Өмнөх Засгийн газрын үед Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн өөрчлөлтийг боловсруулсан байсан боловч Ажлын хэсгийн гишүүд, тэр дундаа хэвлэл мэдээллийн салбарын зарим ТББ, тухайлбал, "Глоб Интернэшнл төв", Хэвлэл мэдээллийн зөвлөл зарчмын асуудлууд дээр санал зөрөлдсөн учраас гацсан билээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж