Өнгөрсөн 2019 оны сүүлээр УИХ баталж, энэ оны гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуульд "илт худал мэдээлэл түгээх" гэсэн заалт орсон. Энэ нь Эрүүгийн хуульд өмнө байсан "Гүтгэх, доромжлох" заалттай агаар ижил хувилбар юм. Гүтгэх гэмт хэргийг Эрүүгийн хуулиас халж, 2017 оны долдугаар сараас хэрэгжиж эхэлсэн Зөрчлийн хуулиар зохицуулж байгаад ийнхүү буцаан Эрүүгийн хуульд оруулсан. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл (Худал мэдээлэл тараах)-д "Хүний нэр хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох , эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар хорино” гэж заасан.
Хууль, зүй дотоод хэргийн яамны албан ёсны вэб сайтад өнгөрсөн Баасан гариг (2020.12.11)-т байршуулсан Эрүүгийн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөд дурдсанаар “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдаж гутаах, эсхүл олон нийтийг төөрөгдүүлэх, эсхүл айдаст автуулах зорилгоор хортой, илтэд худал мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, эсхүл олон нийтийн мэдээллийн сүлжээний хэрэгсэл ашиглан тараасан, эсхүл илтэд худал мэдээлэл болохыг мэдсээр байж түгээсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорих цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх эсхүл 1-6 сар хүртэл хугацаагаар хорино” гэжээ. Иргэний үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийг боомилох, ардчиллын суурь зарчмыг гажуудуулах сөрөг үр дагавартай байж мэдэх энэ зохицуулалтын талаар олон талын байр суурийг хүргэж байна.
ИТГЭЛ ҮНЭМШЛЭЭРЭЭ ЯВДАГ СЭТГҮҮЛЧ НАР ЯЛТАН БОЛООД ҮЛДДЭГ БАЙЖ ТААРАХГҮЙ
Хуульч Ч.ӨНӨРБАЯР:
–Эрүүгийн хууль гэдэг тоглоом биш. Тус хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байгаа бол том хэмжээний судалгаа хийх хэрэгтэй. Худал мэдээлэл тарааснаас үүдэн олон хүн хохироод, гэмт хэрэгт тооцох хэмжээнд хүрсэн эсэхийг судалж гаргаж ирэх нь зөв. Ямар ч судалгаагүйгээр хэдэн дарга нар өөрсдийгөө хамгаалахын тулд Эрүүгийн бодлого боловсруулж таарахгүй. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын эрүүгийн бодлого цахим орчинд хүүхдийн эрхийг хэрхэн хамгаалах тал руу чиглэх ёстой гэж харж байна. Нөгөө талаас эрх барьж байгаа хүмүүст таалагддаг, ойлголцож чаддаг сэтгүүлч нар нь хариуцлагаас мултраад үлддэг. Харин эсрэгээрээ итгэл үнэмшлээрээ явдаг сэтгүүлч нар эрүүгийн хэргийн ялтан болоод үлддэг байж таарахгүй. Энэ нь ардчиллаас ухарч байгаагаас өөрцгүй.
ЭХ СУРВАЛЖАА ХЭЛЭЭГҮЙН ТӨЛӨӨ 3-5 ЖИЛЭЭР ХОРИНО ГЭДЭГ ЧИНЬ ФАШИЗМТАЙ АДИЛХАН
УИХ-ын гишүүн асан О.БААСАНХҮҮ:
-Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь Засгийн газрын хуралдаанаар ороогүй, УИХ-д өргөн баригдаагүй учраас ХЗДХЯ сайтдаа байршуулж, хүмүүсээс асууж байна гэж ойлгосон. Засгийн газрын хуралдаанаар ороод дэмжигдээд, магадгүй УИХ руу орох үед хуулийн төсөл гэж үзнэ. Ер нь тус хуулийн нэмэлт, өөрчлөлтийн цаад санаа нь маш буруу. Галт тэрэг хараахан хөдлөөгүй байгаа учраас ХЗДХЯ сайтдаа байршуулсан мэдээлэлдээ албан ёсны мэдэгдэл хийж, уучлалт гуйх хэрэгтэй гэж бодож байна. Монгол Улсад өнөөдөр үйлчилж байгаа хуулиуд дээр хэд хэдэн буруу зүйл харагддаг. Мэдээллийн үнэн, худлыг шүүх тогтооно гэж байгаа.
Сэтгүүлчид эх сурвалжаа нууцлах эрхтэй байтал эх сурвалжаа хэлээгүйн төлөө 3-5 жилээр хорино гэдэг чинь фашизмтай адилхан. Хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хардах эрхтэй. Төрийн өндөр дээд албан тушаалтнууд эрх мэдэлтэй байгаа үед хэдэн мянган удаа хуулийн байгууллагаар шалгууллаа гэхэд жирийн иргэдээс илүү улстөрчид нь хүчтэй учраас хэрэг нь нотлогддоггүй. Харин цаг хугацааны эрхэнд үнэн л байдаг.
Өнөөдөр УИХ-ын 30 орчим гишүүн эрүүгийн хэрэгт сэжигтэнээр татагдахаар хэрэг бүртгэл үүсээд явж байна. Авлигатай тэмцэх газарт 464 хавтаст хэрэг бий. Үүний 400 нь яллагдагчаар татагдаагүй. Учир нь тэдний эрх мэдэл сулрахыг хүлээж байна гэсэн үг.
Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр бол дээрх хэргүүдийн талаар ярибал тэр хүмүүсийн өмнөөс би шоронд орох нь ээ. Хулгайч нарын өмнөөс шоронд орж болохгүй биз дээ.
АРДЧИЛЛЫГ ХЭН НЭГЭН ХҮН, НАМ ӨМЧИЛДӨГГҮЙ
Иргэн Ц.УЯНГА:
-Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулж байгаа Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн 13.14 “Худал мэдээлэл тараах” заалтыг өөрчилж, хэвлэлийн болон иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг бүхий л талаар хянан цагдах, хязгаарлан боомилохоор тусгасныг та юу гэж харж байна вэ?
-Иргэд мэдэх эрхтэй. Нөгөө талдаа төрийн өндөр дээд албан тушаалтнууд өөрсдийн өмч хөрөнгө болон томоохон төсөл хэрхэн хийгддэг талаарх мэдээллээ иргэдэд ил тод мэдээлж байх үүрэгтэй. Мэдээлэл дунд нь замхраад байгаа учраас хүн бүрт янз бүрийн таамаг, хардлага, төсөөлөл үүсэх нь тодорхой. Тэд өөрсдөө ил, тод байж чадахгүй байж хүний үгээ хэлэх эрх чөлөөгөөр оролдох нь байж болохгүй зүйл. Нийгэмд хүн бүр нэг түвшний ухамсар, боловсрол мэдлэгтэй байхгүй. Хүн бүрийн ертөнцийг харах үзэл, гоо үзэмж, асуудалд хандах хандлага адилхан байх албагүй. Тиймээс хүмүүс өөрсдийнхөө төсөөлж харж байгаагаар л үзэл бодлоо илэрхийлнэ гэсэн үг. Мэдээлэл нь тодорхой биш учраас өөрт төрсөн хардлагаа илэрхийлэхээр “Чи намайг гүтгэлээ” гээд шоронд хийгээд байх хэрэг үү. Гүтгэнэ гэж чухам яг юуг яриад байгаа юм бэ. Иргэд хоорондын харилцааны асуудлыг хуулиар зохицуулах гээд байгаа юм бол асуулт үлдээхгүйгээр бүх зүйлс тодорхой байх хэрэгтэй.
Иргэд гэдэг дунд улс төрийн өндөр дээд албан тушаалтнууд орох эсэх, гүтгэнэ гэдэг дотор нь таалагдахгүй зүйлээ шүүмжлэх, бухимдлаа илэрхийлэх байгалийн жам ёсны эмоци араншинг механик аргаар барих эсэхийг ялгаж салгах хэрэгтэй. Бүгдийг нэг тогоонд хамааруулж болохгүй.
Энэ мэтчилэн Эрүүгийн хуульд маш олон ойлгомжгүй зүйл байна. Ер нь Эрүүгийн хуулийг өндөр дээд албан тушаалтнууд өөрсдийнхөө болон намынхаа нэр хүндийг хамгаалах байдлаар ашиглаад байна. Нөгөө талаас улстөрчид өөрсдөө олон нийтийн сэтгэл санааг төөрөгдүүлэх зохиомол хар пиар гүтгэлгүүд их явуулдаг. Хамгийн том тод жишээ нь Ерөнхийлөгч Х.Баттулга. Өрсөлдөгч улстөрчдөө дарахын тулд иргэдэд авч байгаа мэдээллийг боловсруулах боломж олголгүйгээр асар их тархи угаалт явуулж, мэдээллийн үнэн бодит байдлыг гуйвуулах зэргээр хар масс ашиглан улстөрд оноо авсан хүн шүү дээ. Наад зах нь хужаа, хулгайлсан, завшсан, оффшор гэх ажиллагаанууд байна. Эцсийн дүндээ эдгээр нь өнөөдрийг хүртэл үнэн худал нь мэдэгдэхгүй хэвээр л байна.
–Таныг 2018 онд Ерөнхийлөгч Х.Баттулгыг “Жонхуу” гэж бичсэн гээд Ерөнхийлөгчийн Тамгын газраас шүүхэд гомдол гаргасан. Энэ хэрэг шийдэгдсэн үү?
-Жонхуу гэдэг нь хийж байгаа үйлдлийг жонхуу болгож замхруулж байгаа байдлыг илэрхийлж байгаа дургүйцлийн нэг хэлбэр болохоос тэр бол доромж үг биш. Ерөнхийлөгчтэй шүүхдэлцээд, хоёр жилийн нүүр үзэж байна. Хамгийн сүүлд 37 дахь удаагаа прокурорт буцсан л гэж байсан. Шүүх хуралд гомдоод хохирсон гээд байгаа хүмүүс ирдэг ч үгүй. Залхаан цээрлүүлэлт, үг хэлснийхөө төлөө айлган сүрдүүлдэг механизм ашиглаж байгаагийн нэг хэлбэр л дээ. Миний цуцахгүй шүүхдэлцээд яваад байгаагийн шалтгаан нь ганцхан Ц.Уянга гэдэг хүний эрх биш, монгол хүн байхын тулгуур эрх юм. Монгол Улсын төр гэдэг ганцхан Ерөнхийлөгч биш. Ерөнхийлөгч доромжлуулж, муулуулсан байлаа гээд иргэнтэйгээ заргалдах эрхгүй. Үүнийг нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэц нь тогтоочихсон. УИХ-ын гишүүд тогтоолыг нь баталчихсан шүү дээ.
Эрүүгийн эрхзүйн бодлогын үндсэн зарчим нь буруутгагдаж байгаа этгээд биш, буруутгаж байгаа этгээд өөрөө нотлох баримтаар хангадаг. Энэ нь ерөөсөө Эрүүгийн хуулийн зарчим.
Миний жиргээнээс болж Ерөнхийлөгчийн ажил, амьдралд хохирол учирсан бол үүнийг хөдлөшгүй нотлох баримтаар нотлосны дараа надад шийтгэл оногдуулах ёстой. Гэтэл би Ерөнхийлөгчийг өөдгүй хүн гээд жиргэжээ. Би өөдтэй хүн байсан юм гэдгээ тэр хүн нотлох ёстой. Ерөнхийлөгчийг өөдгүй хүн гэж бичсэн миний жиргээг чи шэйр хийсэн байлаа гэхэд Ерөнхийлөгчийг өөдтэй байсныг нь мэдсээр байж шэйр хийсэн гээд чамайг Эрүүгийн хуулиар буруутгалаа гэж бодъё. Тэгвэл чиний мэдэж байсныг бас нотлох хэрэгтэй болно. Ийм механизм алдагдаад ирэхээр хүнийг дарангуйлах зэвсэг болж эхэлдэг. Ерөнхийлөгчтэй заргалдаад байгаагийн гол асуудал үүнд л байна.
Уламжлалт төрөө дээдлэх үзлийг хүн шүтүүлэх үзэл рүү оруулж байгаа нь миний эгдүүцлийг хүргээд байгаа юм.
Эрх мэдэлтэй хүн өөрийг нь сонгосон энгийн ард түмнийхээ эсрэг буу болоод байвал хамгийн түрүүнд монгол хүн байхын үнэ цэнэ алдагдана. Монгол төр дархлаагүй, эмзэг болж байгаагийн гол асуудал нь энэ.
-Зарим хүмүүс таныг тодорхой зорилго агуулж жиргэдэг гэдэг. Хуулийн байгууллагынхан "Хүн үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй ч бусдын эрхэнд халдаж болохгүй" гэж ярьж байна. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Монгол Улсын одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга л гэж хүн байгаа болохоос би үе үеийн Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүдийн гаргаж байгаа шийдвэрийг шүүмжилсээр ирсэн. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж "Намайг сайхан залуу байхад намхан, хүзүүгүй" гэлээ гээд надтай шүүхдээд явж үзээгүй л юмдаг. Сүүлийн үед нийгэм, улс төр, эдийн засагтай холбоотой эргүүлэг дотор Х.Баттулга гэдэг хүн хар тоглогчдын нэг мөн. Тэр дундаа хэрэглэж байгаа арга барил нь. Ерөнхийлөгч энгийн иргэнээс илүү дураараа аашилвал Үндсэн хуулийн тэгш эрх яриад байх шаардлагагүй. Ерөнхийлөгч, чи, би ч Монгол Улсын үнэт зүйл мөн. Бид хамтдаа үнэт зүйлээ хэдэн талаас нь хамгаалж, хямгадаж, арчилж, сайжруулж явдаг зогсолтгүй эргэдэг тойрогт амьдарч байна. Үүний гол зүйл нь бидний эрх чөлөө буюу ардчилал.
Ардчиллыг хэн нэгэн хүн, нам өмчилдөггүй. Бид төрөхөөсөө ардчиллын үнэт зүйлүүдийг аваад төрсөн. Үүнийг Ерөнхийлөгч, улс төрийн хүчин, хүн шийддэггүй. Би шүүмжлэх, хянах, хардах, бухимдах эрхтэй.
Хүний үгээ хэлэх эрх чөлөөг авна гээд дайрдаг Ерөнхийлөгч байж болох уу? Ажил хийж байгаа хүмүүсээс ядарсан хүмүүст сая сая төгрөг өгье гэнэ. Энэ шударга зарчим мөн үү? Ерөнхийлөгч байж олон улсын хүний эрхийн наад захын зарчмыг уландаа гишгэдэг. Уг нь түйчээлэн, урд нь үлгэрлэж явах ёстой хүн байтал гадаад хүнтэй суусан, хужаа гаралтай, гадаадын хөрөнгө оруулалттай, илүү баян гэхчлэн хүнийг гадуурхаж болох бүх зүйлээр хэмлэн, монгол хүмүүсийг дотор нь хагалан бутаргах, нэгдмэл нэг чанарыг алдагдтал нь хар пиар явуулж байна. Ерөнхийлөгч гэдэг тэр хүнд оноогдсон үүрэг, хийх ёстой ажил нь болохоос биш Монгол Улсын энгийн нэг иргэнээс илүү тэнгэрийн эрхтэй байх ёсгүй. Миний хүмүүст хүргэх гээд байгаа гол санаа энэ. Түүнээс биш Х.Баттулга, н.Хүрэлтулга байна уу чухал биш.
МСНЭ: ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАРЫНХАН БИД ТУУШТАЙ ТЭМЦЭХЭЭ МЭДЭГДЭЖ БАЙНА
Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг эсэргүүцэн, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс гаргасан мэдэгдэлд “Уг төсөлд илтэд худал мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, эсхүл олон нийтийн мэдээллийн сүлжээний хэрэгсэл ашиглан тараасан, эсхүл илтэд худал мэдээлэл болохыг мэдсээр байж түгээсэн бол торгуулах, зорчих эрхээ хасуулах, улмаар тав хүртэлх жилээр хоригдох ял шийтгэлтэй байхаар тусгасан нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл төдийгүй нийгмийн сүлжээнд иргэдийнхээ үзэл бодолд цензур тогтоож, эдийн засгийн аргаар боомилох, ял шийтгэлээр айлган сүрдүүлэхийг санаархаж буй хэрэг юм. Эрх баригчид, албан тушаалтнуудын үзэл суртал, таалал, хүсэл зорилгод үл нийцэх өөр үзэл бодол, байр суурь илэрхийлсэн иргэн сэтгүүлч хэн бүхнийг хэзээ, хэн шалган тогтоож, хэрхэн нотлох нь үл ойлгогдох “илтэд худал мэдээлэл” гэх халхавчин дор Эрүүгийн гэмт хэрэгтэн болгох гэж буй нь туйлаас харамсалтай. Монгол Улсын иргэний үг хэлэх, хэвлэн нийтлэх, үзэл бодолтой байх эрх чөлөө хийгээд хэвлэлийн эрх чөлөө, хараат бус байдалд халдах үйлдлийн эсрэг хэвлэл мэдээллийн салбарынхан бид тууштай тэмцэхээ мэдэгдэж байна” гэжээ.
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл болон Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлөөс өнгөрсөн Баасан гаригт ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт хаяглан, төслийг Засгийн газарт өргөн барихгүй байх шаардлага хүргүүлсэн юм.
ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТУХАЙ ХУУЛИЙГ ЭХЭЛЖ ШИНЭЧЛЭХ ЁСТОЙ
Сэтгүүлч Г.УЛСБОЛД:
-Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн 13.14 дэх хэсгийг дэмжихгүй байна. Энэ төслийг Засгийн газрын энэ Лхагва гаригийн хуралдаанд хэлэлцүүлэх юм байна. Хууль санаачлагч нар эрх ашиг нь хөндөгдөх төрийн бус байгууллага, иргэд, хувийн хэвшлийнхнээс заавал санал авах ёстой. Гэсэн хэдий ч энэ боломжийг олгосонгүй. Бас саналаа ирүүлэх талаар ХЗДХЯ мэдээлэхийн оронд яамныхаа сайтад чимээгүй байршуулжээ.
Засгийн газрын 2020-2024 оныг хүртэлх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр болон МАН-ын 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт хэвлэлийн эрх чөлөөний эрх зүйн орчныг сайжруулах талаар заасан. Гэтэл сайжруулахын оронд илүү хянаж, эрүүгийн хариуцлагаар иргэдийнхээ шүүмжлэлт дуу хоолойг боомилох зохицуулалт оруулах төслийг түрүүлж боловсруулж байна.
Тэгэхээр Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслөө боловсруулж, өргөн хүрээнд хэлэлцүүлж, УИХ-аар батлуулсны дараа хяналт, хариуцлагыг ярих ёстой. Өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайд болон УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга нар энэ төслийг дэмжихгүй гэдгээ олон нийтэд илэрхийллээ. Бас мэргэжлийн сэтгүүлчид, МСНЭ, телевиз, сонин, сайтын холбоод, хүний эрхийн байгууллагууд Хууль зүй, дотоод хэргийн яамны дээрх төслийн 13.14 дэх хэсгийг дэмжихгүй гэдгээ илэрхийлж байна. Хуулийн төслийн үзэл баримтлалыг уншихад дээрх заалтыг өөрчлөх гээд байгаа гарцаагүй үндэслэл харагдахгүй байна.
ЦАХИМ ОРЧИНД БАЙГАА СЭТГЭГДЭЛ, ЭВЛҮҮЛГИЙГ СЭТГҮҮЛЗҮЙГЭЭС ЯЛГАЖ ЧАДАХГҮЙ БАЙНА
Сэтгүүлч Н.ПУНЦАГБОЛД:
Монголд хэвлэлийн эрх чөлөө аль хэдийнэ сэхээнд орчихсон. Хэрвээ Хууль зүй, дотоод хэргийн яам, сайд Х.Нямбаатар худал мэдээлэл тараах гэж нэрлэсэн энэ заалтыг баталбал хэвлэлийн эрх чөлөө “амьсгал хураана”. Тийм зорилготой хуульд өөрчлөлт оруулахаар зэхэж байна. Ерөөс 2016 оноос хойш хэвлэл мэдээллийн хэрэгслийн “амыг барьж”, улстөрчид, албан тушаалтнуудын булхайг илчлэх, мэдээлэх сэтгүүлчдийн боломжийг бага багаар боосоор ирсэн. Улстөрчид санасандаа ч хүрч байна. Зөрчлийн хууль гарснаас хойш торгуулж байгаа хүмүүсийн 80-90 хувь нь сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарынхан байгаа талаар 2018 онд Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалт, судалгааны төвийн хяналтын прокурор Г.Оюунболд гэдэг хүн ярьж байсан удаатай. Өнгөрсөн хугацаанд хэчнээн сэтгүүлч албан тушаалтныг гүтгэсэн гэж Зөрчлийн хуулиар торгуулсан тоог гаргавал үнэхээр урам хугармаар харагдана. Хамгийн харамсалтай нь, сэтгүүлч албан тушаалтныг гүтгэсэн үү гэдгийг хэн ч шалгахгүй мөртлөө тэдний амаар л сэтгүүлчдийг дуудаж байцааж, чирэгдүүлж, торгож байсан. Сүүлдээ бүр Эрүүгийн хуульд заалт оруулсан. Зөрчлийн хууль хөнгөдөөд байна гэж үзсэн болж таарах гээд байна л даа.
Одоо худал мэдээлэл тараах заалтаа өөрчилж, шийтгэлийг нь нэмэгдүүлэх гэж байна. “Илтэд худал мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, эсхүл олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглан тараасан” гэдэг заалт оруулаад, 5 жил хүртэл хорих, 15-80 сая төгрөгөөр торгохоор болгох нь. Энэ бол зөвхөн хэвлэл төдийгүй иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх эрхэнд давхар халдаж байна. Манай сэтгүүлчдээс цөөнгүй нь баримт нотолгоо цуглуулж, эрэн сурвалжлах сурвалжлага, нийтлэл, нэвтрүүлэг хийж байна. Нээлттэй дата ашиглаж, уялдаа холбоогоор нь хөөх маягаар ч албан тушаалтнуудын буруу, булхайг ил гаргасаар байна. Нэг албан тушаалтны талаар байж болох баримтуудыг бүрдүүлээд мэдээллээ гэж бодъё. Тэр нь намайг илтэд гүтгэлээ гээд дайрчихвал яах вэ. Дайрчихвал ч гэж угаасаа дайрна. Тийм л жишигтэй байдаг. Дээрээс нь шүүх, хуулийн байгууллага эрх мэдэлтнүүдэд үйлчлэх нь энүүхэнд. Хичнээн үнэн зүйл бичээд ч шүүх нь “Илтэд худал мэдээлэл” гээд шийдчихэд сэтгүүлч торгуулна, эсвэл хоригдоно. “Хүнээс илт өдсөн, нэг талыг барьсан асуулт асуусан” гэдэг үндэслэлээр сэтгүүлчийг торгох шийдвэр гаргаж байсан удаатай, манай зарим шүүгчид. Ийм байхад бид мянга үнэнийг бичээд, дэлгэж тавиад, албан тушаалтнуудын хуудууг илчлээд ч өөрсдөө хэрэгтэн болох нь.
Цаашлаад тухайн сэтгүүлчийн бүтээлийг цахим орчинд хуваалцаж түгээсэн хүмүүс хүртэл хэрэгтэн болж таарах гээд байна. Зөвхөн хэвлэлийн, сэтгүүлчийн “амыг барих” биш, албан тушаалтнуудтай холбоотой мэдээллийг цааш нь түгээдэг урсгалыг таслах нь. Дарга, албан тушаалтнууд фэйсбүүк хуудсанд сэтгүүлчид илтэд худал мэдээлэл тараалаа гээд байдаг. Гэтэл тэр бүхний цаана сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн хэрэгсэл байдаггүй. Өнөөдөр мэргэжлийн багтай, редакцитай, ёс зүйгээ баримтлаад ажиллаж буй сонин, сайт, телевизийнхэн бусдаар илтэд гүтгэсэн мэдээлэл түгээсэн тохиолдол байхгүй.
Цахим ертөнцөөр нэгнээ харлуулах кампанит ажил өрнүүлэгчид нь яг үнэндээ улстөрчид, албан тушаалтнууд өөрсдөө байдаг нь худлаа биш шүү дээ. Гэтэл цахим орчинд байгаа сэтгэгдэл, эвлүүлгийг сэтгүүлзүйгээс ялгаж чадахгүй, хэвлэл рүү дайрч, эрхийг нь боосоор байгаад үнэхээр их харамсч байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, цаашлаад Засгийн газар ийм хуулийн төсөл арай ч өргөн барьж, хэлэлцүүлэхгүй байх. Өргөн барьдаг юм гэхэд УИХ хэлэлцэхгүй байх гэдэг найдаж байна.
Холбоотой мэдээ